Мөрөөдөхөд мөнгө төлнө

Мөрөөдөлгүй амьдрал давсгүй хоол мэт амтгүй.

Ихэнх хүмүүс “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй” гэж ярьдаг. Мөрөөдөхөд мөнгө төлдөг. Мөрөөдөхөд ухаан хэрэгтэй. Уураг тархи үр дүнтэй зөв ажиллаж байж сая мөрөөдөл оршин бий болно.  Хүн болгон мөрөөддөг. Мөрөөдөлгүй амьдрал гэж байдаггүй. Хүн мөрөөдөлд автахдаа л жинхэнэ мөн чанараа мэдэрдэг байх. Мөрөөдөлгүй хүн мөсөн дээр гал түлэхтэй адилхан юм. Мөрөөдөл үргэлжид сайн сайхныг дагуулдаг. Яагаад гэвэл мөрөөдөл ирээдүй рүү чиглэсэн байдаг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй гэдэг шиг өнгөрснийг мөрөөддөггүй нь ийм учиртай. Гэхдээ унаж боссон түүхээсээ ухаарал авч одоо байгаа амьдралаа ирээдүйд сайжруулахын тулд бид олон зүйлийг мөрөөддөг. Иймээс Мөрөөдөл бол өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээ байж болох юм. Мөрөөдөхөд хэмжээ хязгаар байхгүй ч гэлээ учраа мэдэж, хужраа тунгааж мөрөөдвөл зохилтой. “Од шүүрмээр байна” гэж мөрөөдөж болно. Гэвч түүн рүү нүдээрээ харах л төдий билээ. Тэгвэл жинхэнэ мөрөөдөл гэж биелэх боломжтой зүйлийг хэлдэг байна. Улс орон цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг үнэд ордог байна. Дэлхийн II дайны дараа АНУ-д хөгжил цэцэглэлтийн торгон үе ирсэн бөгөөд энэ үед америк хүн бүр, айл бүр, улс орноороо “Америк мөрөөдөл”-д автсан байна. Үүний ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг. (Энэ тухай Доктор, профессор Ц.Дэмбэрэл багш хэлэв) Монголчууд ч агуу мөрөөдөлтэй улс байсныг бид сайн мэднэ. Дэлхийг эзэгнэх мөрөөдөл 50 хувь биелсэн гээд бодохоор гайхамшигтай байна. Мөрөөдөл биелдэг юм. 5-р ангийн сурагч Сүхбаатарын Батболдоос багш нь мөрөөдлийг нь асуухад “Би муудаа л сайд болно” гэж байжээ. Тэгвэл сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртлээ дэвшин ажиллаж байна.  Монгол хүн Олимпоос алтан медаль хэзээ авах бол энэ ч үлгэр байх даа ёстой л мөрөөдөл байх гэж олон хүн 2008 оны олимпоос өмнө бодож байсан. Тэгвэл мөрөөдөл биелдгийг нүдээрээ бид харсан. “Амархан болох хүртлээ бүх зүйл хэцүү байдаг” гэж алдартай үг бий. Мөрөөдөл хэдий далайцтай байна төдий чинээ биелэх эзлэхүүн нь их байна. Хүн бүр бага балчраасаа агуу мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэх чин эрмэлзэлтэй байх учиртай.

Мөрөөдөл бас өөрчлөгддөг

Мөрөөдөл бол тунхаг биш юм. Хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд мөрөөдөл бас өөрчлөгдөх учиртай. Мөрөөдөл өөрчлөгдөхгүй бол хүн өөрөө хөгжихгүй. Хөдөөгийн банди нар “Сумын заан” болохыг мөрөөдөнө, хотод ирээд “Монголоо хөгжүүлэх”-ийг мөрөөдөнө, гадаадад сураад “Дэлхийгээ өөрчлөх” гэж мөрөөдөнө.  Ингэж цаг хугацаа, орон зайн хамааралтайгаар мөрөөдөл өөрчлөгдөж байдаг үйл явц юм. Мөрөөдөл нь зүтгэлээр биелдэг жамтай. Оролдлого сайт оройд нь гарна гэж жаахан удаан гэхдээ сайн үйл явцын тухай үг байдаг. Зүтгэл сайт нь мөрөөдлөө биелүүлнэ гэж өөрчилмөөр байна. Мөрөөдөл зүтгэл хоёр ихэр юм. Зүтгэлээр баталгаажихгүй бол мөрөөдөл нь хоосон зүйл болно. Бидний зүтгэлийг амьдрал үнэлнээ. Сурагч дүү нар минь сайн сургуульд орж зөв мэргэжил эзэмшихийн тулд зүтгэ, Оюутан залуус та бүхэн улам илүү мэргэшихийн тулд зүтгэ, Багш та илүү сайн заахын тулд зүтгэ, барилгачин та илүү сайн барихын тулд зүтгэ, зүтгэл Монголыг аварна. Тиймээ Монголчуудаас зүтгэл үнэртдэг ард түмэн шүү дээ. Улсын баатар Гүррагчаагийн зүтгэлээс эхлээд ууган баатар Гонгорын зүтгэл Монголынх билээ. Тэнгэрлэг сайхныг хүсэж мөрөөд, мөрөөдөл хүсэлээ биелэл болгохын төлөө тэмц.


URL:

Сэтгэгдэл бичих