“Улаанбаатар таймс”-ын хувьчлалын хамгийн том хохирогч нь тус сонины хамт олон
“Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалтай холбоотой хэл ам тасрахгүй нээ. Өнгөрсөн хугацаанд энэхүү сонинг санхүүжүүлж байсан эзэн нь Н.Энхбаяр. Харин энэ эрхэм сонины гэхээсээ илүүтэй хэвлэх үйлдвэрийн газрын асуудлаар энэ сонины амар заяаг үзүүлэхгүй дахин оролдож эхэллээ. Энэ их том санаархлын дунд энгийн сэтгүүлчид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болохын үлгэр болж байжээ. Газрын маргааны дунд өдөр тутам сонингоо гаргаж явсан ажилчдад юуны буруу байгаа юм бэ.
Тэгэд ч эрхэм Н. Энхбаяр ажил олгогчийнхоо үүргийг ор тас орхигдуулчихсан байсан нь саяхны баримтаар илэрсэн байна. Тэрбээр 2001 онд тус байгууллагыг хувьчилж авснаас хойш ажилчдын нийгмийн даатгалийн шимтгэлийг ажилчдынхаа цалингаас суутгаж авдаг байсан хэрнээ нийгмийн даатгалд төлдөггүй байсан аж. Энэ мэтээр УНДЕГ-аас хэд хэдэн удаа албан шаардлагыг хүргүүлж байжээ. Дээрх албан бичигт тусгагдсан нэг ноцтой нэг зөрчил нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн төлсөн хэмээн баталгаажуулдаг улсын байцаагчийн дардсыг хуурамчаар үйлдсэн ноцтой зөрчил. Тэр ч бүү хэл эрүүгийн хэрэгт холбогдож байсан удаатай юм байна. Түүнчлэн ХАОАТ-ыг мөн л хурааж авсан ч УТЕГ огт татвар төлөөгүйгээс ажилчид улсаас мөрдөгддөг татварын хөнгөлөлтөөс бас л хоцорчихож. 2011 оны есдүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын өр 27 543 020 төгрөг, ХАОАТ 19 261 009 төгрөгболжээ. Мөн ч их өр хуримтлагдсан байгаа биз.
Дашрамд дуулгахад нийслэлээс “Улаанбаатар таймс” сониныг дахин дуудлага худалдаагаар оруулж, хувьчлал явагдсанаас хойш нийгмийн даатгал хэвийн төлөгдөж эхлээд байгаа гэсэн. Нөгөө талаас ажилчдыг хохироож байгаа нэг асуудал бол цалин хөлсний үнэлгээ. Өмнө нь тус сонинд ажиллаж байсан сэтгүүлчдийн дундаж цалин 130 мянган төгрөг байсан нь хэвлэл мэдээллийн салбартаа хамгийн бага үнэлгээтэй нь байсан гэж болно. Харин нийслэлээс явагдсан дуудлага худалдааны дараагаар ажилчдын үндсэн цалин дунджаар 280-300 мянган төгрөг болж нийгмийн даатгал болон бусад татварууд хэвийн төлөгдөж эхэлсэн аж. Гэтэл хайхрамжгүй ноёны буруугаар хоирсон сэтгүүлчдийг хайрлах сэтгэл Н.Энхбаярт алга аж. Өдгөө өмнөх хувьчлалын үед орхигдсон асуудлууд сэргэж, энэ нь эргээд сэтгүүлчдийн эрх ашигт халдах халдлага болох байдалд хүрчих гээд банйа. Мэдээж тус сонины хамт олон дахин хувьчлалын асуудлыг сөхөж,энгийн уран бүтээлчдийг оролдож эхэлсэнд дургүйцэж байгаа нь тодорхой. Хэвлэх үйлдвэрийн газартай холбоотойгоор сонины эрхийг хамтатган ярих болсон нь арай гэж амсхийн хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн Улаанбаатар таймс сонины үйл ажиллагааг доголдуулж өмнөх дүр төрхөнд оруулах эрсдэлтэй учраас тус сонины хамт олон эсэргүүцлээ илэрхийлж, эрхээ хамгалахад эрхгүй хүргэж байгаа аж. Эцэст нь хэлэхэд мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа сэтгүүчид болон ажилчид хувьчлалын асуудлаас бол хэнд ч хамаагүй мэт хаягдан хохирох нь шударга бус үйлдэл. Нэг бус удаа хувьчлалын асуудлаас болж хөсөр хаягдаж байсан ажилчдын эрхийг хэн хамгаалах нь тодорхойгүй байхад дахин өмнөх байдал руу орох эрсдэлийг үүсгэж байгаад ажилчид дургүйцэх нь ч зөв. Тэгээд ч ардчилсан Монгол Улсад ажлаа ёс журмын дагуу хийж явсан сэтгүүлчид өнгөрсөн хугацаанд болсон асуудлаас болж хохирсон нь тодорхой учраас нэхэмжлэл гаргах эрхтэй. Асуудал ямар ч байдлаар эргэсэн ажилчид өнгөрсөн хугацаанд үзэж туулсан хохирлоо барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл хангалттай бий. Тиймдээ ч тус сонины хамт олон эрхээ хамгаалж, хохирло барагдуулахаар сэтгэл нэгдсэн гэх сураг дуулдсан. Дашрамд дуулгахад менежментийн хувьчлалын үед болсон элдэв зөрчил дутагдлыг хувьчлалын багийнхан ажилчдаасаа нуун дарагдуулж байсан нь илэрсэн нь ийм байдалд хүргэхэд хүрсэн нь дамжиггүй.
О. Хэрлэн
URL:




