Цалин нэмүүлэх шаардлага буюу хариуцлага нэхсэн долоо хоног

hfdhfdjУлирч буй долоо хоногт зуны эхэн сар гарав. Энэ жилийн зун цаг агаарын хувьд тийм ч таатай эхэлсэнгүй.  Өдөртөө салхи шороотой голдуу, ойрдоо бороо хурын сураггүй байна.

Энэ жилийн хаврын синдром зуны сардаа шилжсэн мэт л байна. Зуны эхэн сартай хамт төв талбай суулт зарлагчдын хөлөөр дундарсангүй.  Гэр хорооллынхон гэж улаан майхнаар ижилссэн хүмүүсийн эхлүүлсэн суултыг эрүүл мэндийн салбарынхан буухиаллаа.  Эмч сувилагчид цалингаа  нэмүүлэхийг  шаардаж төв талбайд суулт хийж зарим нэг нь үсээ хусуулав. Харин энэ зуур улс төр хэлцдэгээ хэлэлцэж хийдгээ хийсээр, онцолчих шийдэл шийдвэрээр дундуурхан өнгөрөв.

Ерөнхийлөгч суулт зарлагчидтай уулзав

- Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт  ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

-Мөн энэ сарын 16-нд Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

-Пүрэв  гарагт Төрийн ордны Их танхимд болж буй “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” Малчдын улсын зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Энэхүү зөвлөгөөнд мал аж ахуйн салбарт ажиллаж буй 150 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд, улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин оролцжээ. Зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Бэлчээрийн тухай хууль, бэлчээрийн төлбөр, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

-Төв талбайд суулт зарлаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ цалин нэмэх боломжтой гэдгийг илэрхийлжээ.

Мөн энэ үеэр гэр хорооллын иргэд майхантай суулт зарласан.  Тэд энэхүү суултаа хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд амжсан юм. Гэвч тэднийг зөвшөөрөлгүй хэмээн цагдаагийн хүчээр  тараасан юм.

УИХ тендерийн хуульд өөрчлөлт оруулна

-УИХ баасан гарагийн нэгдсэн хуралдаанаараа  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын таван гишүүний санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Энэ хуулийг онцлохын учир нь нийгэмд нэлээд хүлээлттэй, массын зүгээс дэмжлэгтэй байгаа хуулиудын нэг юм.

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуульд зарим нэг өөрчлөлт орж байгаа бөгөөд тухайлбал, тендертэй холбоотой үндэслэлгүй гомдол ихээр ирдэг. Үүнийг хариуцлагатай болгох үүднээс гомдол гаргах тохиолдолд  тендерт оролцсон үнийн саналынхаа нэг хувийг барьцаа  төлбөрөөр төлнө гэж хуульд тусгажээ. Барьцаа төлбөрийн хамгийн дээд хэмжээ нь 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Хэрэв үндэслэлгүй гомдол гаргасан  тохиолдолд барьцаа төлбөрийг нь  улсын орлогод оруулах зохицуулалт тусч байгаа аж.

-Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эгүүлэн татаж тэдний оронд томилох эочин сайдуудын нэрийг УИХ-д өргөн барьсныг ёсоор болголоо. Үүнд:

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг томилохыг дэмжлээ.

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлээд байна.

Засгийн газар: Газар тариалангийн бүс нутгаа зарлалаа

-Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллав.

Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм.

-Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 16-нд болж, газар тариалангийн бүс нутгийг зарлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай гэсэн долоон аймгийн нийт 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлав. Монгол Улс нийт нэг сая 50 мянган га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулсан. Үлдсэн 300 мянган га талбай нь атаршсан болон үндсэн хэлбэрээр ашигладаг. Тиймээс салбарын яамны зүгээс энэхүү 300 мянган га газрыг эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцов.

Их найрагчаа эцсийн замд нь үдлээ

-Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд залраад долоо хонож байгаа билээ. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслол баасан гарагт  Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих