Манай тамирчид ой тогтоолтын тэмцээнд III байр эзэлжээ

БНХАУ-ын Гуанжоу хотод  2011 оны 12 сарын 6-10-ны хооронд зохиогдсон 20 дахь удаагийн “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-н тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын 4 тамирчин оролцож  Монгол Улс багаараа БНХАУ болон БНФУ-ын дараа шагналт  3 дугаар байрт шалгарлаа.

Энэхүү тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин 10 төрөлд оюун ухаанаа уралдуулснаас:

Багийн ахлагч ой тогтоолтын ОУ-н аварга, мастер  Х.Хатанбаатарын хувьд  “Хөзрийн дараалал”  цээжлэх төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн алдалгүй нэрлэснээр шагналт  4 дүгээр байрт, сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс  89 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр 7 дугаар байрт тус тус шалгарсан байна.

2011 оны ой тогтоолтын үндэсний аваргаас  6 медаль хүртсэн С.Акжолын хувьд “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутанд 59 хүн цээжилж алдалгүй санаснаар шагналт 5 дугаар байрт орлоо. Мөн нэг багц хөзрийг 1 минут 13 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр,  нэг цагт 1040 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзлыг хангаж “Ой тогтоолтын олон улсын их мастер” боллоо.

2011 оны ой тогтоолтын үндэсний аваргын тэмцээнээс 3 медаль хүртсэн С.Цогбадрахын хувьд сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс  81 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр 8 дугаар байрт, 5 минутын цифр цээжлэх төрөлд 286 цифр цээжлэн алдалгүй нэрлэснээр 8 дугаар байрт тус тус шалгарлаа. Мөн нэг багц хөзрийг 1 минут 59 секундэд, нэг цагт 12 багц буюу 624 ширхэг хөзөр,  нэг цагт 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж  “Ой тогтоолтын олон улсын их мастер”  боллоо.

Оюуны спортын тамирчин Т.Мягмарсүрэнгийн хувьд нэг багц хөзрийг 1 минут 43 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр цээжлэн алдалгүй нэрлэснээр ой тогтоолтын олон улсын их мастер болох гурван болзолын хоёрыг нь хангалаа.

Т.Сонинбаяр


URL:

Сэтгэгдэл бичих