Хууралт
Эрх баригчид 2008 оны сонгуулиар амалсан амлалтаасаа ухарлаа. Бэлэн мөнгөний амлалт улс орны эдийн засгийг хөлдөө чирчих гээд байна, үүнийг хэрэгжүүлнэ гэвэл эдийн засгаа сүйрүүлэхээр байна, бид тооцоо судалгаагүй, бүтэшгүй зүйл амалжээ гээд үнэнээ хэлээд, уучлалт гуйсан бол монголчууд ойлгоно. Гэтэл эд нар юугаа мэддэг юм, яаж ч молиго үмхүүлсэн тийм байлгүй хэмээн үнэмшиж л таараа, ард түмэн гэж цагаан цаас, түүн дээр улстөрчид бид юу бичихээ мэднэ хэмээн басамжилж байна. Гэвч олон түмэн тэнэг биш шүү дээ. Яаж молигодох гээд байгааг нь мэдчихээд дургүй нь хүрч суугаа.
МАН иргэн бүртээ 1.5 сая төгрөг бэлнээр өгнө, АН нэг сая төгрөгийн хувьцаа өгнө гэж өмнөх сонгуулиар бие биенээсээ давах гэж уралдаж амалцгаан мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.
Гэвч энэ амлалтынхаа өнгө зүсийг хувиргаад, жижиг сажиг халхавч хийгээд, нэг сумаар хоёр туулай буудах гэж оролдож байна.
МАН 1.5 сая төгрөгийнхөө амлалтыг ингэж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд хүртээх 1.5 сая төгрөгийн хувь, хишгээс 500 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Сар бүр иргэн бүртээ 21 мянган төгрөг өгсөөр ирэх зургадугаар сард бүрэн олгоод дуусна. Үүнийг тарааж дуусахад Хүний хөгжил сангийн 2012 оны төсвөөс 358.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334,2 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгоно гээд 334,2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан юм. Мөн 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг өгөхөөр төсөвлөсөн байна. Өнгөрсөн жилд оюутнуудад сургалтын төлбөр гээд 500 мянган төгрөг тараачихсан учир 1.5 сая төгрөгийг ингээд олгоод дуусчихна.
Цаана нь үлдсэн 2.2 сая иргэн тус бүрт сая төгрөг олгоно гэхээр хоёр их наяд 200 сая төгрөг шаардлагатай болно.
Энэ мөнгийг бэлнээр олгоно гэвэл манай улсын төсөв дийлэхгүй, өгнө гэж хүчилбэл төсвийн алдагдал замбараагаа алдаж, инфляци гэгч хаданд гараад, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Ер нь улс төрийн намуудын хэт амлалт ямар их хор уршиг дагуулдгийг Грек бодитоор харуулж буй. Нөгөө амлалтаа биелүүлэх гэсэн оролдлого нь улс орныхоо эдийн засгийг туйлдуулаад зогсохгүй Европыг тэр чигтээ хөлдөө чирж байна шүү дээ. Грекээс эхтэй эдийн засгийн хямрал хүрээгээ тэлж байна.
Үнэндээ МАН сонгуульд ялалт байгуулахын л тулд ирээдүйд учрах эрсдэлийг мэдэж байсан ч мэдэн будилж АН-ынхныг давж амалсан нь энэ. Гэвч одоо иргэн бүртээ 1.5 сая төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй болсон болохоор МАН-ынхан үнэн байдлыг хэлэхээс бэргэж хувьцаа олгож амлалтаа биелүүлсэн болж нэр цэвэр үлдэхээр шийджээ.
Гэхдээ тэд УИХ-аас гаргасан Таван толгойн ордын ашиглах зарим асуудлын тухай тогтоолыг зөрчлөө.
Эрх баригчид нь, улс төрчид нь , дарга даамлууд нь хуулиа мөрдөхгүй, УИХ нь гаргасан шийдвэртэйгээ харшлах зүйл батлаад сууж байна гэдэгт нь эмгэнэлтэй. УИХ-аас арванхоёр дугаар сарын 1-нээс өмнө 2012 оны төсвийн тухай хууль, түүнийг дагалдан гарах Хүний хөгжил сангийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг батлан гаргасан билээ.
Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх сүүлийн жил нь 2012 он. Ирэх жилийн төсөвтөө л тусгаагүй бол биелнэ гэж хүлээх ч хэрэггүй.
2010 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас 39 тоот тогтоолыг баталж гаргажээ. Тэрхүү тогтоолд “Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг даалгаж байна.
Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” ёстой гэж онцгойлон зааж өгсөн юм. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлж байгаа Засгийн газар энэ тогтоолыг уландаа гишгэж иргэн бүрт хувьцаа олгоно гэсэн заалттай харшилсан хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барихад парламентаар хэлэлцээд баталчихлаа.
Ахмадууд, оюутнуудад 1.5 сая төгрөгөө бэлнээр олгосон, хувьцаа олгохгүй гэжээ. Үүнийг ч ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар батлаад байгаа. Тэрбээр сэтгүүлчийн асуултанд “Давхардуулж олгоно” гэсэн асуудал байхгүй гэж ам алдсан. Үүнийг нь өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан дээр Сангийн яамны Төсвийн удирдлага санхүүжилтийн газрын дарга Д.Батжаргал бататгасан юм. Тэрбээр “Бэлэн 1.5 сая төгрөг өгсөн хүмүүст хувьцаа өгөх боломжгүй” гэсэн байр суурь барьж байгаа гэлээ.
Тэгэхээр УИХ-ын 39 дүгээр тогтоол бүрэн хэрэгжихгүй нь.
Монгол Улсын иргэн бүртээ газрын баялгийн хувь хишгийг тараана, ижил тэгш байдлаар хүртээнэ гэдэг нь молиго байжээ.
340 гаруй мянган ахмад, 170 гаруй мянган оюутнууд хохь нь. Яах гэж сая төгрөгөө бэлнээр нь авсан юм. Та нарт хувьцаа олгохгүй ээ. Та нар сая төгрөгийг бэлнээр авчихаад хувьцаа нэхэх эрхгүй гэж ам таглаж байна.
Гэвч үнэндээ өнөөдрийн олгож байгаа сая төгрөг, Таван толгойн ордын сая төгрөгийн үнэтэй 1072 ширхэг хувьцаа хоёрын хооронд алд дэлэм зөрүүтэй.
Сая төгрөгийн хувьцаатай хүн зарж үрэхгүй бол “Эрдэнэс Таван толгой” компани ашигтай ажиллаад байвал дор хаяж 20 жил ногдол ашиг хүртэнэ, нэгж хувьцааны үнэ уурхайг ашиглаад ирэхээр 5000 бүр 50000 төгрөг хүрэхийг ч байг гэхгүй.
Хэрэв нэгж хувьцааны үнэ 5000 төгрөг болбол 5 сая 360 мянган төгрөг болж байна. Том Таван толгойн ордтой харьцуулахад хумсын чинээ толиотой тэнцэхүйц жижиг буюу орон нутгийн Таван толгойн ордын нэг ширхэг хувьцаа 500 мянган төгрөг хүрээд шуугиан дэгдээгээд байсан биз дээ.
Тэгэхээр өнөөдөр сурч байгаа оюутнууд сургалтын төлбөртөө хоёр жил дараалан сая төгрөгийг хувааж авсны гороор Таван толгойн ордын хувьцаа эзэмшигч байх эрхээ хасуулж байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ард иргэддээ худлаа ярьж, үг, үйлдэл зөрж байгаагаа харууллаа. Тэрбээр 2010 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр ингэж тайлбарлаж байв. “Бид 2008 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээр иргэн бүртээ хишиг, хувь хүртээх “Хүний хөгжил сан”-г санаачилан байгуулж, эхний ээлжинд 120.000 төгрөг олгох шийдвэр гаргасан. Үлдэгдэл мөнгийг хэзээ, ямар хэлбэрээр өгөх талаар өнөөдөр би байр сууриа илэрхийлье. Монгол Улсынхаа иргэн бүрт 1.5 сая төгрөгийг энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөрийн эрх, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрүүдээр олгоно” гэжээ.
Мөн түүнээс хоёр сар гаруй дараа буюу 2010 оны зургадугаар сарын 10-ны өдөр “Эх орны газар нутгаас бэлэн олдож буй ордууд нь монголчуудыг баялагтай төдийгүй, бүтээгч ард түмэн, хөгжилтэй улс орон болох давхар давхар боломж, завшааныг олгож байна. Энэхүү боломжийг би улсаа шинэ үзэл баримтлалаар бүсчлэн хөгжүүлэх, үүнд зохицсон төрийн үйлчилгээний стандарт, бүтэц зохион байгуулалтыг бий болгосон хөгжлийн бодлого гэж харж байна. Ийм ч учраас Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал нь юуны өмнө ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН болох үзэл баримтлалд тулгуурласан. Мөн уул уурхайн салбарын дагалдах аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, 2.7 сая иргэндээ эдийн засгийн үр шимийг нь хувьцаа хэлбэрээр тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээндээ зориулах боломжийг бодлогодоо тусгалаа” гэж цэнхэр дэлгэцээр ярьж , энэхүү хэлсэн үгийг нь сонин хэвлэлийн хуудаснаа нүүр дамнуулан гаргаж байсан юм.
Дараагаар нь “Гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд Таван толгойн ордын 536 ширхэг хувьцааг үнэгүй олгоно” гэж мэдэгдсэн билээ. Энэ бүхнийг би санаанаас зохиогоогүй. Та бүхэн түүний хэлсэн үгийг www.open-government.mn гэсэн сайтаас орж үзээрэй.
Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга хэлсэн үг бүхэндээ хариуцлагатай хандах ёстой. Хэрэв бүтэшгүй болсон бол уучлалт гуйх үүрэгтэй. Аан манай Ерөнхий сайд цаг үе яаж эргэхийг мэдэлгүй цээжнийхээ пангаар туучихсан юм, яахав хөөрхий минь гэх гэж үү. Хэрэв худалч Ерөнхий сайдтай бол Монголын ард түмэн хэний үгэнд итгэх юм бэ.
2010 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр Ерөнхий сайд С.Батболд
“Монгол омогшил” реалити нэвтрүүлгийн оролцогчидтой уулзжээ. Тэрбээр “Залуучууд та нараасаа хоёрхон зүйл хүсье. Битгий залхуураарай. Хүн болгон залхуу байдалтай тэмцэх учиртай. Мөн залхуурлын ногдол ашиг нь ядуурал байдаг гэдгийг манай ахмад үеийнхэн хэлдэг. Нөгөө нэг хүсэх зүйл нь худлаа хэлэхгүй, бодит байдлаа бодит мэдээлэлтэй ярьдаг байгаасай гэж бодож явдаг. Залхуурахгүй, худлаа хэлэхгүй байвал манай улс хөгжинө өө. Энэ хоёр зүйлийг нийгэмд хэвшил болгоход залуус та бүхэн туслаарай” гэж зөвлөж байсан юм.
Одоо худлаа ярьдаггүй гэдгээ үлгэрлэн харуулах болж дээ, Ерөнхий сайдаа.
Хэн нэгэн иргэн Хүний хөгжил сангийн тухай хууль УИХ-ын 39 дүгээр тогтоолтой зөрчилдөн иргэдээ ялгаварлан гадуурхлаа гэж Цэцэд хандахыг байг гэхгүй. Мөн УИХ-ын эдгээр шийдвэр хууль нь зөрчилдөж байгаа болохоор ирэх оны төсөв ч задарч мэдэх юм.
Д.Доржпагма www.times.mn
УИХ-ын тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай
2010 оны 07 сарын 07 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 39
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх;
2/Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх:
а/Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
б/хувьцааны 10 хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
в/хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах;
3/“Эрдэнэс–Таван толгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах;
4/Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх;
5/дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
times
URL:








