Нэг төгрөгийн гомдол

Нэг төгрөгийн гомдол дэлгүүрийн худалдагч өмнөөс хяламхийж “Угаасаа ийм үнэтэй” гэх. Эсвэл “Нэмэгдээд удаж байна” гээд 50 төгрөг л нэмсэн байхад юун сүртэй юм гэх байдлаар аяглах аж. Үүний учрыг асуугаад явчих газар манайд хомс юм. Тэгээд ч манайхан Ц.Нямдорж, Н.Энхбаяр мэтийн хүмүүсийн “тэнэгийг” гайхцгааж жагсаал цуглаан хийгээд байдаг хэрнээ сарын дотор өргөн хэрэглээний бараа ямар ч шалтгаангүйгээр 100-150 төгрөгөөр өсчихөөд байхад юу ч бодсон юмгүй явж байх нь тэр. Тэгээд л жилийн дараа “Пөөх ямар их үнэ нь нэмэгдээ вэ” хэмээн дуу алдацгаах нь хачирхалтай.

Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутагт баригдаж, эхнээсээ ашиглалтад ороод буй “Хилчин хотхон”-ны нэг өрөө байр өнгөрсөн жил 17-19 сая төгрөгийн хооронд захиалга авч байсан. Гэтэл энэ жил 34-36 сая төгрөгийн хооронд захиалга авч байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үнэ нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд ингэж нэмэгдэх гэж байх уу.

Гэтэл төрд дээгүүр алба хашдаг танил талтай цөөн хэдэн хүмүүс урьдчилан мэдчихээд үнэ хямд дээр нь бөөндөж авчихаад одоо бидэнд шаглаад сууж байх жишээтэй. Гэхдээ үүнд манайхны 10, 20 төгрөгөөр юугаа хийх вэ гэсэн цамаан зан их нөлөөлдөг бололтой. Тухайлбал “Оргил” худалдааны төвд өчигдөр орж үйлчлүүлэхэд долоо хоногийн өмнө 120 төгрийн үнэтэй байсан хүнсний бараа 140 төгрөгийн үнэтэй болчихжээ. Харин 20 төгрөг яагаад нэмэгдсэнийг хэн ч асуухгүй аж.

Түүнчлэн тус худалдааны төв нь заавал ийм бутархай мөнгөөр бараагаа үнэлсэн нь бяцхан заль аж. Хэрэв 300 төгрөгийн үнэтэй зүйл 320 төгрөг болчихсон байвал “Гэнэт яагаад үнэ нь нэмэгдсэн юм бэ” хэмээн иргэд асууж магад. Харин 320 төгрөг үнэтэй зүйл 340 төгрөг болчихоор зарим иргэд үнэ нь өссөнийг бараг анзаарахгүй өнгөрөх нь их бололтой.

Тухайлбал, “Оргил” худалдааны төвд үйлчлүүлж байх үедээ гэрийнхээ хүнсний хэрэглээг цуглуулж яваа эмэгтэйд хандаж “Эднийх юмныхаа үнийг 20 төгрөгөөр нэмчихсэн байна” гэхэд “тийм үү” хэмээн өмнөөс гайхах юм. Түүнээс гадна тухайн эмэгтэй бүхэл мөнгөөр худалдаа хийхэд “Оргил” худалдааны төв 40 төгрөгийн хариулт өгөх, 20 төгрөгийн хариулт өгөх ижил санагддаг бололтой. Учир нь 10, 20 төгрөг цуглуулж бараа худалдаж авдаг хүн өнөөдөр бараг байхгүй. Тэгсэн хэрнээ манайхан “Бидний цалин бага” гэж ярьдаг.

Харин энэ сэтгэлгээг “Оргил” мэтийн томоохон худалдааны төвүүд ашиглаж юмнынхаа үнийг 10, 20 төгрөгөөр нэмж бидний халааснаас “чимээгүй хулгай” хийж байна. Гэтэл ийм соёлтой “хулгайч” нартай яаж тэмцэх учраа хуулийнхан сайн мэддэггүй бололтой. Саяхнаас “Next” дэлгүүр “Худалдан авалт бүрдээ сугалаатай. Дээр нь хямдрал зарласан” гээд реклам цацаад байгаа. Харин үүнд иргэн Н.Тамир гомдол гаргаж шүүхэд хандсан байх юм.

Түүний гомдол нь их тодорхой. Манай хүн “Next’-ээс хямдрал зарласан 799999 төгрөгийн компьютер 20 ширхгийг авчээ. Гэтэл “Next” дэлгүүр Н.Тамирт нэг төгрөгийн хариулт өгөхгүйгээр 800 мянган төгрөгөөр компьютероо худалдаж авахыг шаардсан байна. Харин үүнийг Н.Тамир заль гэж үзсэн байгаа юм. Тэгж үзэх бас бололцоотой юм билээ. Манайх нэг төгрөгийг албан ёсоор гүйлгээнээс гаргаагүй байдаг.

Гэтэл “Next” дэлгүүр худалдааны төв нэг төгрөгийг дур мэдэн гүйлгээнээс гаргажээ. Ингэснээр Н.Тамир 20 төгрөг “Next” худалдааны төвд алдчихаж байгаа юм. Харин үүнийг манай хуулийн байгууллагууд ойлгохгүй харин ч Н.Тамирыг шоолж “Нэг төгрөгийн төлөө ийм гомдол гаргаад байх даа яах вэ дээ. Таны шүүхэд хандсан зардал чинь үүнээс хэд дахин илүү” хэмээжээ. Түүнчлэн иргэний хэргийн шүүгчид “Захиргааны хэргийн шүүхээр шийдүүл” гэжээ.

Харин Захиргааны хэргийн шүүх нь болохоор “Бид мэдэхгүй юм байна” гээд хоёрын дунд хийдүүлж орхисон аж. Уг нь бол 20 төгрөг ч бай , хоёр сая төгрөг ч бай хүний эрх юм билээ. Мөн шууд хэлэхэд “Next” худалдааны төв нэг төгрөгийн хариултаас нэлээн ашиг унагаж байгаа нь тодорхой. Үүнээс гадна бизнесийн бас заль юм уу даа. Жишээ нь, сая төгрөгийн үнэтэй барааг 990 мянга гээд зарахад иргэдэд арай хямдхан ч юм шиг санагддаг аж. Харин энэ нь эргээд мөнгөний ханшыг унагадаг аж.

“Миний дэлгүүр” 10 төгрөгийн хариулт өгдөггүй
Ингээд 10, 20 төгрөгийн талаар иргэд ямар бодолтой байдаг талаар асуухад,

Баянзүрх дүүргийн иргэн Х.Ганбат:
10, 20 төгрөгөөр авах юм байдаг юм уу. Хүүхдүүдээ өгчихдөг. Чихэр, жимс авахдаа нэмэрлэдэг байх. Би 10 төгрөг цуглуулж юм авч үзээгүй.

Сүхбаатар дуүргийн иргэн Д.Нансал:
-10, 20 төгрөгийн хариулт авдаггүй. Одоо 10, 20 төгрөгөөр ер нь гүйлгээ хийдэг юм уу. Харин “Миний дэлгүүр” гэх мэт томоохон сүлжээний дэлгүүрүүд бутархай мөнгөөр гүйлгээ хийдэг. Гэхдээ тэд 10, 20 төгрөгийн хариулт өгдөггүй. 10, 20 төгрөг цуглуулж юм худалдаж авах тухай огт бодож байгаагүй юм байна.

Баянгол дүүргийн иргэн С.Нараа:
-10 төгрөг чинь гүйлгээнээс хасагдаагүй юм уу. Дэлгүүр 10 төгрогийн хариулт өгдөггүй. Би ч нэхэж байгаагүй. 10 төгрөгөөр юу ч хийх юм билээ дээ. Аль эрт гүйлгээнээс хасагдсан юм болов уу гэж боддог байсан.

Д.Сүхбаатар

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих