Химийн хорт бодис усаар дамжин ходоодонд чинь орж байна, та мэдсэн үү?

-Хуванцар савыг ус зөөх зориулалтаар удаан ашиглахад хорт хавдар үүсч, ген гэмтэх, сэтгэц өөрчлөгдөх аюултай-

Манайхны ус, айраг, цагаан идээгээ хийдэг торх хэлбэртэй цэнхэр, ногоон өнгийн хуванцар сав та бидний эрүүл мэндэд аюул даллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтынхны хийсэн шалгалт, шинжилгээгээр “Хуванцар савыг ус, цагаан идээ зөөх зориулалтаар хүнсэнд ашиглах нь аюултай. Хорт хавдар үүсгэхээс эхлээд ген гэмтээх, өөрчлөхөд ойрхон байна” гэсэн дүгнэлт гарчээ.  Мэргэжлийн хяналтынхан хийсэн ажлынхаа дагуу химийн бодистой байсан хуванцар савны хэрэглээг хязгаарлахаар хөлөө хүрэх газраар хөөцөлдөж явна. Тэд Химийн хортой болон аюултай бодисын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхлээд  хуванцар савны бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ аваад байна. Хэн ч анзаарахгүй, холбогдох байгууллагын хараа хяналтад тордоггүй хорны сав яаж яваад иргэдийн ус, айраг, цагаагаа хийдэг торх болж хувирсныг нэхэн сурвалжилбал урт түүх өгүүлнэ. Ямартай ч манай улсын хил, гаалиар чөлөөтэй нэвтэрч, доторх хорыг нь арьс ширний үйлдвэрүүд ашигладаг савыг “Нарантуул”, “Хархорин” зах дээр чөлөөтэй худалдан борлуулж байна.

Хонь, ямааны арьсны үсийг зумлахад хэрэглэдэг химийн хорт бодисын савыг нэг нь зарж, нөгөө нь гэртээ аваачин хагас дутуу цэвэрлэсэн болоод ундны усаа хийчихдэг. Нөгөөх нь хүнсний бүтээгдэхүүнтэй химийн урвалд орж, хоол биш хор болж байгааг өнөөдөр хэн ч анзаардаггүй. Гаднаас нь харахад хэн ч анзаарамгүй жирийн нэг хуванцар сав дотроо ямар аюул тээж явааг мэргэжлийн байгууллага тогтоолоо. Ер нь химийн бодистой байсан хуванцарт формальдегид их хэмжээгээр байдаг аж. Энэхүү бодис нь хүний биед харшил үүсгэх, ген гэмтээх, хавдар үүсгэдэг. Ялангуяа, бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх, архаг хууч өвчин үүсгэдэг аюултай. Өнөөдөр та бидний эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт харагдахгүй байгаа ч далд хэлбэрээр “идэж” байгааг албаныхан  хэлж байна.

Манай сонины нийтлэлийн мөрөөр “ACF” олон улсын байгууллагынхан иргэдийн эрүүл мэндэд харш нөлөөгүй, стандарт шаардлага хангасан хуванцар савны төсөл хэрэгжүүлэхээр санаачлага гаргаад байна. Тэд хуванцар сав үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа юм. Гол нь эрүүл мэндэд харшлах зүйлгүй, иргэдэд хөнгөлттэй үнээр, хүссэн загвар хэмжээгээр нь үйлдвэрлэх боломжтой байх гэсэн шаардлага тавьж буй юм.

Техникийн зориулалттай бүтээгдэхүүн, химийн хор агуулсан хэрэглээнээс татгалзахыг манай сонин удаа дараа сануулж ирсэн билээ. Үүний тод жишээ 2010 онд дэвшүүлсэн “Хүүхдийн тоглоом SOS зарлаж байна. Багачуудын тоглоомыг стандарттай болгоё” гэсэн санаачилга байв. Бидний санаачилга биеллээ олж, Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулснаар манай улс өнөөдөр хүүхдийн тоглоомд баримтлах стандарттай болсон. Энэ удаа бид усны сав химийн хорт бодис, хүнд металуудыг агуулж байгааг хэрэглэгчдэд анхааруулж түүнээс татгалзахыг, нөгөөтэйгүүр, ундны усны стандарттай болгоход идэвхтэй оролцож саналаа нэмэрлэхийн зэрэгцээ өөрт байгаа баримт, мэдээллүүдийг манай редакцийн хаягаар илгээхийг хүсч буй юм.

Таван жилийн хугацаанд 21 хүн химийн бодист хордож амиа алдав

Химийн бодисын нөлөө өөрт нь биш гэхэд үр удамд нь нөлөөлдгийг Японд болсон Минаматагийн жишээ бидэнд харуулсан. Зөвхөн мөнгөн усны хэрэглээнээс үүдэлтэй хордлогоос болж олон мянган хүн хорвоог орхижээ. Үүний уршгаар төрөлхийн саажилт, гажиг, эмгэг, саатлаасаа болж олон хүн шаналж байна. Дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм байна. Химийн бодисын үйлдвэрлэл сүүлийн 70 жилд нэг саяас 400 сая тонн болтлоо өссөн нь химийн бодисын хэрэглээ ямар хэмжээнд байгааг харуулав. Өнөөгийн байдлаар Монгол Улсад нийт 4200 гаруй үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүний 5,2 хувь буюу 218 нь химийн бодисын холбогдолтой стандарт. Тиймээс ч химийн хорт бодист хамаардаг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, бэлдмэлүүд улсын хилээр ил далд ямар нэг хэлбэрээр орж ирсээр байгаа юм. Үүнийг холбогдох газрууд нь мэддэг ч ам ангайдаггүй талаар олон хүн ярьж байна.

Химийн хортой бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж, аажим нөлөөлсний уршгаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин дэгдээх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхдүүд төрөхөөс эхлээд озоны цоорхой үүсгэх аюултай. Манай улсад 1998-2003 онд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүснээс 21 нь нас баржээ. Үүнээс гадна мэргэжлээс шалтгаалж өвчилсөн хүний тоо 7000-д хүрсэн байна. Энэ нь 1998-2003 он хүртэлх судалгаа. Түүнээс  хойш химийн хор аюулыг судалж шинэчилсэн баримт алга.

Д.БОЛОРМАА


URL:

Сэтгэгдэл бичих