Мөнгө тарааж, цайллага хийвэл эрүүгийн хэрэгтэн болно

2012 оны сонгуулийг  зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн  ажлын өдөр явуулахаар болж байна. Үүнийгээ хууль тогтоогчид  сонгогчдын  идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ингэж байгаа гэдгээ тайлбарлаж байна.

Тэгэхээр амралтын  өдөр унтаж, агаар салхинд гараад явчихдаг сонгогчдыг ажлын өдөр нь барьж авахаар шийджээ. Сонгуулийн санал хураах өдрөө ийнхүү ажлын өдрөөр тогтож байгааг  бодоход маргаашийн чуулганы хуралдаанаар  Сонгуулийн хуулиа батлахаар төлөвлөснийх.

Өчигдөр орой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг  хийж дуусгалаа. Намын бүлэг, гишүүдийн дунд зарчмын зөрүүтэй санал нэг ч үлдсэнгүй бүгдийнх нь хайныг хагалж орхисон. Сонгуулийн хуульд оруулсан заалтуудыг тодорхой дурвал  50.2 дахь хэсгийн  “тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалтыг гаргах бөгөөд хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан, суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно” гэжээ.

Эмэгтэй нэр дэвшигчдийн квот  20-иос доошгүй хувь,  улстөрийн намуудын босгыг 5 хувиар тогтож байна.  Харин  бие даагчид зардлаа өөрсдөө хариуцах, нам, эвсэл зардлаа хэтрүүлбэл торгууль хүлээх, хэвлэл мэдээллийн хэргсэл захиалгаар нийтлэл, нэвтрүүлэг гаргахдаа захиалагчийн нэр, хаягийг тодорхой зарлаж байх болсон  байна.

Эдгээр асуудлуудыг шийдэхэд гишүүдэд тийм хэцүү байсангүй. Харин  сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэн мөнгө тараах, дайллага цайллага хийвэл эрүүгийн хариулага хүлээх болж байна. Энэ заалтыг гишүүд авч хайхыг хүссэн ч ажлын хэсгийнхэн,  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үлдсэн.

Харин Э.Бат-Үүл гишүүн “Та нар дуртай үедээ эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тэр тусмаа улстөрийн  эрүүгийн хэрэг үүсгэх эрхтэй боллоо” шүү гэж бухимдсан. Зарим нь тэгэхээр  энд тэнд хоолонд  орж, цагаан сараар өндөр настантай золгож ч  болохгүй болж байна уу хэмээн бухимдаж байв. Үүний хариуд зөвхөн сонгуулийн сурталчилгааны нэг сарын хугацаанд тэвчих л хэрэгтэй. Цагаан сараар хэнтэйгээ мөнгөтэй золгохоо өөрсдөө мэд гэж сэтгэлийг нь тайвшируулж байсан.

Сонгуулийн хуулийн нэр дэвших төрийн албан хаагч зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх гэдэг заалтыг гурван сар болгон өөрчлх санал орж ирснийг гишүүд  дэмжээгүй юм. Тодруулбал, төсвийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийчих гэсэн далд санаа явж байсныг энэ удаа хүлээж авсангүй. УИХ-ын гишүүд  сонгуулиар санал нэгдэхгүй хэдэн сар дамнасны эцэст нэгхэн өдөр ажлын хэсэг, бүлэг, байнгын хороогоор  гараа өргөж чадлаа. Ийм амархан шийдчих байсан бол яагаад ажлаа хүртэл хаяж тоглоод байсан юм гэмээр.

Гэтэд хаалганы цаана далд тохироо явж одоогийн парламентад суудалтай гишүүд дараагийн сонгуулиар нэр дэвших мандат, бараг ялалт байгуулахтай нь авч чадсан учир ийм амархан шийдсэн гэх бор шувуу  Төрийн ордноор тэнүүчлэх. Ямар боловч нам доторхи тохироо, парламентын танхимд тохиролцох боломжийг олголоо.

Б.Ургамал


URL:

Сэтгэгдэл бичих