ИЙМ НЭГЭН ЖҮЖИГЧИН

35744

 -
100 илүү тооны кинонд гол дүрийг бүтээсэн Ази тивээс дэлхийд хамгийн их танигдсан хүн бол Жеки Чан. Хүнд хэцүү, гэмтэж бэртэх эрсдэлтэй үйлдлүүдийг кинондоо өөрөө ихэвчлэн хийдэг, тэрнээсээ болж зөндөө олон гэмтэж бэртэж байсан. Холливуудад кино хийх гэхээр Хонконг шиг зодоон нүдээн үймээний дүрүүдийг эрсдэлгүй байлгах гээд хорьчих талдаа байдаг гэж өөрөө ярьсан байдаг.
-
Өнөөдөр энэ хүн жилийн 10 сая долларын орлоготой. Хүүхэд насандаа туйлын ядуу байсныг нь мэддэг хүн олон биш. Эцэг эх нь дөнгөж төрөнгүүт нь эх барьж авсан Англи эмчид төлөх мөнгөгүй байсан тул төлбөр болох 26 долларын оронд хүүгээ өгчихье гэхэд өнөө эмч нь татгалзсан гэх.
-
Хүүгээ 6 нас хэртэй байхад нь эцэг эх нь мөн л мөнгө хийх санаагаар Австралид очсон. Тэнд очихдоо ч бас хүүгээсээ салахыг санаархсан. Аятайхан санал таарвал өгчихье гэж үзтэл нь тэр удаад тэр нь таарч. Хүүг нь Бээжин дуурийн дэргэдэх хүүхдийг асрах газарт авсан гэнэ. Тэр нь жүжигчин хүнд байвал зохих зүйлсийг хүүхдэд заадаг, хүүхдүүдийг Спартан маягаар тусгаарлан хорьж сургаж хүмүүжүүлдэг журамтай аж.
-
Бичиг үсэг заадаггүй. Тиймээс Жеки Чан одоо хүртэл төрөлх хятад хэлээрээ ч зөв сайн бичиж чаддаггүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Амьдралын шаардлагаар 40 гарсан хойноо Англи хэл бичигт суралцсан. Бээжин дуурийн асрах газар нь туйлын харгис гэж хэлж болох ч үр дүн маш сайнтай хатуу дэг журам дор хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлдэг. Өглөөнөөс үдэш болтол шувтан саваан зодуурын дор л бэлтгэл сургуулилт, сургалт хүмүүжил нь явагддаг.
-
17 настайдаа асрах газраасаа гарсны дараа Жеки Чан 2 найзын хамт анх гудамжны зодоонд оролцсон гэнэ. Байкеруудын мотоциклийг сонирхоод харж байтал нь тэр байдал нь мотоциклчдод таалагдаагүйгээс зодоон үүсчээ. Тэр зодоонд 6 байкерийг гурвуулаа дийлжээ. Салаад гүйж явахдаа шингэн зүйл мэдрэгдэхээр нь сайтар хартал байкерууд түүнийг хутгалсан байсан гэнэ.
-
Асрах сургуулиа төгссөний дараа кино компанид каскадёрийн ажилд орсон. Хоёр дахь кино нь алдартай Брюс Лигийн Хилэнт нударга гэх кино байсан байна. Тэр ажил нь түүнд мөнгө авчирсан ч нэр алдрыг өгсөнгүй. Тэгээд завсарлага авахаар Австрали руу аав ээждээ очиж. Тэнд барилгын хар бор ажлуудыг хийж байгаад буцаад Хонконгдоо ирж.
-
Ирээд тэрээр киноний продюсер, кино зохиол бичигч Сю Юэн гэж хүнтэй танилцсан, тэр хүн стиль жанраа өөрчилж хошин хэлбэр маяг руу ор гэж түүнд зөвлөж. Тэгээд тоглосон Согтуу мастер кино нь хамгийн их орлого, хамгийн олон үзэгчтэй болсноор мань хүн жинхэнэ олонд танигдаж. Түүний дараа Хонконгийн хамаг кино компаниуд мань хүнд уралдан санал тавих болжээ. Хонконгийн хамгийн их төлбөртэй жүжигчин болсон байна.
-
1983 онд А төсөл кинонд тоглож. Тэгснээр инээдмийн күнфү тулаантай киноний мастер гэх нэршлийг гуйж биш гуядаад авчээ. Тэр үед нь түүнийг Холливууд сонирхсон байдаг. Тэнд очоод оролцсон Покровитель кино нь тийм ч их амжилтыг олоогүй.
-
Одоо мань эрийн хөрөнгө 130 сая орчим доллар. Киноноос гадна ресторан, кафе, нэрийн хувцас болон өөрийнх нь брэндийн цагны үйлдвэрлэл зэргээс одоо давхар орлого олдог.
Цаганд багаасаа дурласан аж. Саятан болсон хойноо мань хүн багаасаа дурладаг байсан шоппингоо хийхээр гарч өгч. Хоёр найз каскадёр нь уут дүүрэн мөнгийг нь бариад мань хүнд бараа болж. Цаг авах гэж яваа нь тэр. Уутанд нь 64 мянган доллар бэлнээрээ байж. Тэгээд цагны дэлгүүр хэсээд хамгийн үнэтэй цагнуудаа гаргаад ир гэж байгаад 7 өөр төрлийн цаг авч. Тэрийгээ олонд харуулж гайхуулахын тулд өдөр бүр сольж бугуйндаа зүүдэг байсан гэнэ.
-
Их мөнгөө удирдаж чадахгүй алдаж байсан. Луйвардаж байсан хүмүүс нь ойр дотны найз гэх улс нь байсан гэнэ. Гэвч тэд баяжаагүй, бас би ч хоосроогүй гэж тэр ярьжээ.
-
Улмаар тэрээр нисдэг онгоц, үнэтэй яхт хөлөг, авто машин гэх зэрэг материаллаг зүйлийг хэт их сонирхож таашаахаа больсон гэнэ. Ихэвчлэн нэг төрлийн хувцас өмсдөг болсон, энгийн хямд хооллодог. Тансаг баян байдлыг биш энгийн байдлаар амьдрахыг эрхэмлэх болжээ. Одоо түүнд мөнгө баялаг нь буяны үйл ажиллагаанд зориулахад л хэрэг болдог болсон гэнэ.
-
Киноний хүнд бэрх эрсдэлтэй хэсгүүдийнхээ ихэнхийг өөрөө хийдэг учраас их олон шарх бэртэл авсан, тиймээс эмч сувилагч нарыг тариа бариад дөхөхөөр нь айж зугтдаг рефлекстэй болсон. 1982 онд түүнийг найз бүсгүйтэй гэдгийг мэдэнгүүт шүтэж бишрэгч охидоос нь 2 нь амиа хорлож байжээ. Нэг нь галт тэргэн доогуур орсон, нөгөө нь шууд түүний офис дотор нь хор уугаад амиа хорлочихсон байна.
-
Каскадёр байхаасаа л эмэгтэйчүүдэд дуртай байсан. Баяжиж алдаршсаны дараа бол хүүхнүүд дэнгийн эрвээхэй мэт түүн рүү гүйлдэх болсон. Одоо бол охид хүүхнийг сонирхохоо больсон гэжээ. Эрхтэнээ тайруулж засуулсан мэт л зай барих болсон гэнэ.
-
Зүгээр л найзалж байтал нь жирэмсэлж орхисон Жоан Лин гэх бүсгүй Жесси хүүг нь төрүүлсэн аж. Бүсгүйгээ Америкт аваачиж төрүүлж. Яг төрөх болоход нь цагаачлалын хууль дээр асуудал үүсэхээс зайлсхийхийн тулд гэрлэх хэрэгтэй гэснээр нь гэрлэж орхисон гэх. Үдийн цайны цагаар кафед гэрлэх ёслолоо үйлджээ. Тэгээд ажилдаа их анхаарсан, бас охид хүүхнүүдийн явдлуудын улмаас Жеки Чан эхнэр хүү хоёроо удалгүй орхижээ. Эхнэр хүү хоёр нь салсны дараа Тайван улс руу очсон байна.
-
Надыг муу эцэг гэж нэрлэхэд болно, гэр бүлтэйгээ 6 жилд 6 удаа уулзаж байсан үе ч бий. Гэр бүлтэйгээ байхдаа хүртэл найз нартайгаа уулзаад их цагаа авчихдаг. Гэхдээ би хүүгээ жинхэнэ боловсролтой болгохыг хүсдэг. Хүүгээ өөрөө бага байхдаа мөрөөдөөд биелүүлж чадаагүй хуульч, инженер эсвэл эмчийн мэргэжилтэй болоосой гэж боддог. Гэвч хүү нь жүжигчин болсон, эхнэр нь уйлаад энэ мэргэжил надаас нөхрийг минь авсан, хүүг минь бас авлаа гэжээ.
-
Бас Жеки Чанд жүжигчин бүсгүй Элайн Уцили гэх эмэгтэйгээс төрсөн гэр бүлээс гадуурх охин бий. Удтал бодсоны эцэст тэр охиноо өөрийнх нь гэж хүлээн зөвшөөрсөн байна. Нөхөн төлбөр нэхэж авч болно гэсэн ч нөгөө тал нь авахгүй гэжээ. Охин нь аавыгаа хүлээн зөвшөөрдөггүй, уулздаг ч үгүй, хол хөндий өсчээ. Ээж нь дутуу гачуу амьдралд охиноо өсгөсөн гэж охин нь ярьсан аж.
-
2014 онд хүү Жессиг нь цагдаагийнхан баривчлав. Гэрийг нь нэгжихэд 100 грамм марихуан гарч иржээ. Хүү нь өвс татаад 8 жил болсон байв. Цагдаагаас өмнө тэрийг нь мэдсэн бол хүүгээ багалзуурдаж алах байсан юм гэж Жеки Чан мэдэгдсэн байна. Шоронд 6 сар хоригдох ял авсан хүү дээрээ нэг ч удаа очоогүй. Өөрийнхөө танил талын өргөн хүрээг ашиглаж дэглэм бууруулах, хугацааг нь багасгах гэх мэт үйлдлүүдийг ч хийгээгүй. Шорон түүнийг жаахан ч гэсэн ухааруулбал би баярлана гэж тэр мэдэгджээ. Үүнээс өмнө ч тэр хүүтэйгээ хүйтэн харьцаатай байсан байдаг.
-
Үхсэнийхээ дараа хөрөнгийнхөө ихэнх хэсгийг гэр бүлд нь биш буяны үйл ажиллагаанд зарцуулаарай гэж гэрээсэлжээ.
-
Хүрээлэн буй орчныг хамгаалах, барилга барих, хятадын ядуурал ихтэй бүс нутгуудад ядуусын хүүхдэд зориулсан сургууль байгуулах гэх мэт зүйлд зарцуулахыг хүссэн байна.
-
Хүү минь өөрөө ямар нэг чадвартай бол түүгээрээ мөнгөө олж амьдраг, чадахгүй бол, чадваргүй бол дэмий үрэг гэж түүнд би баахан мөнгө үлдээж чадахгүй гэж шуудхан мэдэгдсэн байдаг аж.
-
2018-07-22

Badam Purev


URL:

Сэтгэгдэл бичих