Н.Энхбаярын хувьд юу ч болоогүй, асуудал дөнгөж эхэлж байна
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй уулзаж, ярилцлаа.
-Хэтэрхий улстөржсөн сэдвээр яриагаа шууд эхэлье. Сүүлийн үед Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний холбоотнуудыг хуулийн байгууллагынхан оролдож эхэллээ. Шадар туслах Б.Тулгыг нь ч баривчилж үзлээ. Энэ үйл явцыг та хүний эрхэд халдсан гэж харж байна уу?
-Энэ бол хуулийн процесс. Ер нь бол эрүүгийн хэрэг үүстэл, шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоотол тухайн хүнийг гэм буруугүй гэж үздэг. Гэм буруугүйн зарчим гэж манай хуульд том зүйл бий. Энэ зарчим нь тухайн хүнийг сэжиглэж буй хэрэгтэй холбоотой эсэхийг тогтоох процесс юм. Харин буруутай эсэхийг тогтоох шийдвэрийг шүүх л гаргана.
-Тэгвэл нийгэм Н.Энхбаярыг гэм буруутай мэт хүлээж авах болсон. Харин таны хувьд гэм буруугүй гэж хэлэх гээд байна уу?
-Гэм бурууг тогтоох процесс болохоос “Чи энэ хэрэгт буруутай шүү, нөхөр минь. Тиймээс чамайг шалгаж байгаа юм” гэсэн төгс үйлдэл биш шүү дээ.
-Харин шадар туслах Б.Тулгыг баривчилсан үйл явц нь бусдын эрхэд халдсан хэрэг мөн үү?
-Эрүүгийн хэрэг үүссэн л бол баривчлах эрх нь хуулиараа нээлттэй.
-Шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэллээ гэж зарим хэсэг нь үзэж байна?
-1930-н хэдэн оны хэлмэгдүүлэлттэй харьцуулбал өнөөдрийн болоод байгаа үйл явдал тэс өөр юм. Үнэхээр шүүхийн шийдвэр гараад тухайн этгээдийг цагаатгаж байгаа бол яая гэхсэн. Гэтэл өнөөдөр юу ч болоогүй, асуудал дөнгөж эхэлж байна.
-Тэгвэл Ц.Нямдорж сайд, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын бие биенийхээ нэр төрд халдаж буй асуудлыг та юу гэх вэ? Хаус байшингаас авахуулаад нэгнээ доромжлохгүй сэдэв ч гэж эдэнд алга. Энэ асуудал бас л хүний эрхэд халдсан хэрэг биз дээ?
-Нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох гэдэг нь нэг талаараа гэмт хэрэг. Нөгөө талаараа манай иргэний хуульд заасны дагуу тухайн этгээд гомдол гаргаад, шүүхээр гүтгэгдсэн нь тогтоогдвол хэрэг үүсээд явна. Миний хувьд энэ хоёр хүний хэрэгт дүгнэлт хийх боломжгүй байна.
-Нэгнийхээ эрхэд халдсан болохоор хуулиар нэр төрөө сэргээлгэх, гүтгэгдсэн эсэхээ тогтоолгох гаргалгаа бас байгаа юм байна шүү дээ?
-Яг үнэндээ би ийм улстөрийн асуултад хариулмааргүй байна. Яагаад гэвэл би комиссын гишүүн болохоос комиссын байр суурийг илэрхийлэх боломжгүй.
-Улстөржсөн мэт боловч хүний эрхийн л асуудал яригдаж байгаа учраас таныг энэ сэдвээр хоргоогоод байгаа юм. Уучлаарай, дахиад ганц зүйлийг тодруулъя. Б.Хурцын асуудал дээр та ямар бодолтой байсан бэ. Хүний нутагт баривчлагдсан түүнийг эцэст нь улстөрийн тохироо хийж байж эх оронд нь эргүүлэн авч ирлээ?
-Монгол Улсын иргэн л юм чинь хэн ч байсан хүнийхээ төлөө явах ёстой. Яагаад гэвэл энэ хүн чинь Монгол Улсын иргэн. Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй.
Мэдээж тухайн улсын нутаг дэвсгэр дээр Б.Хурц үйл ажиллагаа явуулсан уу, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй. Явуулсан, явуулаагүй гээд янз бүрийн л яриа байдаг. Ямар ч байсан тухайн цагт тэр хүн төрийн алба хааж байгаад хүний нутагт эрх нь хязгаарлагдсан тохиолдолд иргэнийхээ эрхийн төлөө явах ёстой.
-Та бүхэн нэлээд чармайлт гаргасан байх?
-Үндсэндээ бид Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлуудыг тавьж байсан. Тэр тусмаа дипломат эрх бүхий ямба эдэлж байсан, төрийн алба залгуулж явсан хүний эрх чөлөөний асуудал дээр Монгол Улс явах ёстой. Бид ч энэ асуудал дээр тодорхой хэмжээгээр оролцсон.
-Цаад утгаараа энэ хэрэг С.Зориг агсны хэрэгтэй холбогдож байгаа. С.Зориг агсныг хөнөөсөн гэх үндэслэлээр Д.Энхбатыг нууцаар баривчилж авч ирсэн гэдэг шүү дээ. Тэгвэл өнөөдөр Д.Энхбат хохирогч мөн үү?
-Д.Энхбатын хэргийг бид шалгаад тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо руу явуулсан. Тэр хүн ямар нөхцөлд ирээд, эргээд ямар нөхцөлд нас барсан бэ гэдэг асуудал тодорхой биш байна. Д.Энхбатын асуудал дээр манайхаас тусгайлж ажилласан зүйл бий.
-Энэ талаар жаахан дэлгэрүүлж болохгүй юу?
-Үүнийг би хийгээгүй. Манай Дашдорж гишүүн илүү сайн мэдэж байгаа. Дашдорж шалгаж, ажилласан юм.
-Тийм байж. Улстөржсөн асуулт гэдэг утгаараа та хариулах дургүй байх шиг байна. Ярианы сэдвээ хүний эрх дийлэнхээрээ зөрчигддөг гэх Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн асуудал руу шилжүүлье?
-Болж байна. Иргэний бүртгэл мэдээллийн энэ үйл ажиллагаа хүний эрхийг зөрчиж байна.
60, 70 жилийн хугацаанд Монгол Улс анх удаа иргэний шинэчилсэн бүртгэл хийж, иргэн нэг бүрийг хурууны хээгээр бүртгэлээ. Үүнтэй холбоотойгоор бичиг баримтын маргаан гарах болсон. Бичиг баримтын асуудлууд иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Нэг талаасаа иргэний бүртгэл мэдээллийн ажилтнуудын ажилдаа хайнга хандсан хүнд суртлын асуудал байгаа боловч нөгөө талдаа иргэдийн буруутай үйл ажиллагаа ч бас бий.
-Тухайлбал төрийн зүгээс ямар алдаа гаргаж байна вэ?
-Ургийн овог, ээж, аавынх нь өгсөн нэрийг иргэний бүртгэл мэдээллийн албаны ажилчид үг, үсгийн алдаатайгаар бичдэг. Ингээд лавлагаан дээр очихоор буруу нэр гараад ирнэ. Ийм асуудал хөдөө орон нутагт маш их болж байна. Тухайлбал Увсад төрсөн хүнийг “Чи Дорнодод төрсөн байна. Дорнод яваад бичиг баримтаа аваад ир” гэх жишээгээр чирэгдэл учруулдаг.
Уг нь техник, технологи хөгжсөн энэ үед иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр сүлжээгээр аваад залруулчихаж болно шүү дээ. Тэгтэл ядуу, зүдүү амьдарч буй иргэддээ төрөөс энэ мэтээр дарамт учруулж байна.
-Бодох л асуудал байна. Иргэний бүртгэл, мэдээллийн ажилтнуудын буруу атал эцэст нь иргэд л хохирч байна шүү дээ?
-Жишээ нь манайх үндэсний цөөнхийн төлөөлөлтэй улс. Баян-Өлгий аймаг гэж казах үндэстний цөөнхийн маш том төлөөлөл бий шүү дээ. Бүгдийнх нь нэр монгол хэлнээс өөрөөр бичигддэг. Нэр нь буруу бичигдсэнээс болж иргэний бүртгэл мэдээлэл, төрсөн газрын маргаан байнга гардаг.
Хөвсгөлийн тайгад амьдардаг монголчууд 1955 оноос Монгол Улсын харьяат болсон шүү дээ. 1985 онд анх улаан паспорт өгч, Монгол Улсын иргэн гэж тооцсон байдаг. Гэвч 1955, 1960 онд төрсөн хүмүүс ихэвчлэн хилийн гадна төрсөн байх жишээтэй.
Нөгөөтэйгүүр 1990 оноос хойш казахууд Казахстан улс руу маш ихээр гарч амьдрах болсон. Казахстан хоёрдмол харьяалалтай, манайх хоёрдмол харьяалалгүй улс. Тэгэхээр харьяаллын асуудал ноцтойгоор гарч ирж байна. Өөрөөр хэлбэл Монголын иргэн харьяатаас гараагүй хэрнээ Казакстаны иргэн болсон хүн рүү өнөөх хувь, хишгүүд нь давхар олгогддог. Иймэрхүү хүндрэлүүд их бий.
-Үндсэндээ төр, иргэн хоёр хэн хэн нь үүргээ биелүүлэхгүй, хайнга хандсанаас болж хүний эрх, үүргийн асуудал сөхөгдөөд байгаа юм биш үү?
-Мэдээж иргэний бүртгэл мэдээллийн асуудал цэгцэрч байгаа нь сайшаалтай боловч ялихгүй цаг хугацааны юм л байгаа байх.
Манайхан маш их хүнд суртал, дамжлага, ачаалалтай ажиллаж байна. Тиймээс би энэ удаа эрх биш, үүрэг ярина. Төр, иргэн хоёрын хэн хэн нь үүргээ биелүүлэхэд ганц саад болж байгаа зүйл бол хүнд суртал.
-Мөн ядуу улс оронд хүний эрх маш ихээр зөрчигддөг гэдэг. Гэмт хэргийн сэдэл нь ядуу зүдүүтэй ихээхэн холбогдолтой. Ялангуяа хүн худалдаалах гэмт хэрэг сүүлийн үед хүчээ аваад байна?
-Нийгэм, эдийн засгийн ядууралтай шууд холбоотой. Иргэд ядуу, цалин, хөдөлмөрийн үнэлэмж бага байгааг далимдуулаад гэмт хэрэгтнүүд тоглолт хийдэг.
Мөн охид, бүсгүйчүүдийн хууль, эрх зүйн мэдлэг сул байгааг далимдуулдаг. Монгол Улс хүлээн авагч биш, илгээгч улс. Илгээдэг улсын элсэлт дотооддоо явагдаж байдаг. Үүн дээр эмэгтэйчүүдийн язгуур эрх ашиг маш их зөрчигддөг.
Хамгийн гол нь хүний наймааны гэмт хэрэг хохирогчийн гомдлоор үүсдэг юм. Хохирогч хүсэхгүй бол хэрэг илрэх боломжгүй.
-Ингэхэд хохирогчийн хамгааллыг манайх хэр сайн хангадаг улс вэ. Мэдээлэл өгсөн хохирогчийг хамгаалах хууль бий юү?
-Манайх хохирогч, гэрчийг хамгаалах хуульгүй улс. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хохирогч гэж хэн бэ гэдэг зохицуулалт байгаа болохоос биш хохирогч байцаан шийтгэх ажиллагааны явцад ямар хамгаалалттай оролцох вэ гэдэг зохицуулалт Монгол Улсад байхгүй.
-Энэ чинь маш том алдаа юм биш үү. Хохирогч тухайн гэмт хэргийг илрүүлэхийг хүсч байсан ч хамгаалалт байхгүй бол эрсдэл дагуулах юм байна?
-Гэрчийн тухай хууль явж байгаа л юм билээ. Хохирогчид олгох нөхөн төлбөрийг олгох тухай хууль гарсан боловч энэ нь тодорхой гэмт хэргүүдэд хамааралтай юм. Харин хохирогч, гэрчийг хамгаалах тухай багц хууль өнөө маргаашгүй хэрэгтэй байна.
-Тэгэлгүй яах вэ. Хохирогчийн эрх маш ихээр зөрчигддөг учраас та энэ хуулийг чухалчилж байгаа байх?
-Хохирогч гэж эрүүл мэнд, нэр хүнд, эд материал, сэтгэл санаагаар хохирсон хүнийг хэлнэ. Тэгтэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулинд бусдын хууль бусаар учруулсан хохирлыг төр нөхөн төлнө гэсэн заалт байдаг. Энэ заалтыг бусад хууль тогтоолуудаар оруулахдаа шууд болон шууд бус гээд хоёр хуваачихсан. Ингэхээр хохирогч шууд болон шууд бусаар хохирох механик үл ойлголцол гарч байна. Шууд бус ойлголтод нь сэтгэл санааны хохирол. Гэтэл сэтгэл санааны хохирол гэж энийг хэлнэ гэсэн үнэлэмж Монгол Улсын хуульд алга.
-Сэтгэл санааны хохирлыг үнэлэх боломжгүй биз дээ?
-Тухайн хүний сэтгэл санаагаар хохирсон хохирлыг тэр этгээдээс өөр ямар ч хүн илэрхийлэх боломжгүй. Харин өнөөдөр Монгол Улсын шүүх шууд механикаар “Чи арван сая биш, нэг сая төгрөгөөр хохирсон байна” гээд сэтгэл санааны хохирлыг нь тогтоодог. Уг нь олон улсад сэтгэл санааны хохирлыг ингэж тогтоодоггүй юм. Тэгэхээр энэ нь нэг талаараа мэдрэмжийн асуудал, нөгөө талдаа олон улсын гэрээ конвенцийг манай шүүхийн практикт хэрэглэж буй асуудал үнэхээр хангалтгүй байна. Олон улсын гэрээ конвенци хууль адил үйлчлэх шаардлагатай шүү дээ.
-Манай хууль, шүүхийн салбарыг хангалтгүй ажилладаг гэж иргэд гомдоллодог. Ц.Нямдорж сайд ч гэсэн хуулиа боловсронгуй болгоход анхаарах хэрэгтэй байх, тийм үү?
-Энэ Ц.Нямдорж сайдаас хамааралтай асуудал биш. Манайх яллах баримтаа ч цуглуулах ёстой, цагаатгах баримтаа ч цуглуулах ёстой. Мөрдөн байцаалтын ажиллагаа энэ хоёр баримтыг хоёуланг нь цуглуулаад, прокурор түүн дээр өөрийнхөө дотоод итгэлээр яллах дүгнэлтээ бичих шаардлагатай. Харин шүүгч яллах, нотлох баримтыг ижил хэмжээнд судалж байж гэм бурууг тогтооно. Энэ бол хуулиараа нээлттэй. Үүнийг хэрэглэж буй хэрэглээний түвшний асуудал яригдаж байна.
Манайх байцаадаг тактиктай, одоо мөрддөг тактиктай болох ёстой. Хуульд мэдээж дутагдал бий.
URL:













