Гишүүд сэтгэлдээ түгшиж байвч нүдээ аниад кнопоо дарав
Тоглоомын дүрэм тодорхой боллоо. Гурван жилийн турш шинэчлэл ярьсан эрх баригчид сая л нэг бүтэн нойртой хонох нь. Гэхдээ Үндсэн хуулиас ч удаан хугацаанд чанагдсан Сонгуулийн шинэчлэлийг ойлгохгүй байна гэх гомдол зарим нэг гишүүний амнаас цухалзав.
Тухайлбал, УИХ- ын гишүүн Н.Ганбямба хуулийн төсөлд гишүүд ч сайн ойлгоогүй байх талтай бүрхэг зүйлүүдийг аль болох тодорхой болгох хэрэгтэй, тэгэхгүй бол ард иргэд ч ойлгоход бэрх хууль гарах вий гэсэн болгоомжлол байна гэх байдлаар санаагаа илэрхийлэв.
Харин нөхөд нь эрхэм гишүүнийг шоудаж, санаатайгаар мэдэн будиллаа хэмээн шүүмжилсэн. Үнэндээ ч шинэчлэлийн санаачлагыг гартаа авч, өнгөрсөн хугацаанд удтал хэлэлцсэн хуулийн төслийн талаар ойлголтгүй байна гэдэг эргэлзээтэй л юм.
Хүний өөрийн намын цөөнгүй гишүүн хуучин тогтолцоогоо санагалзаж байсан нь нууц биш. Магадгүй энэ бол тэдний сэтгэлийн үг ч байж мэдэх юм. Хэдэн жил тойрогтоо мөнгө цацсан гишүүд зүгээр л буруу хараад явахыг хүсээгүй. Энэ нь ч хуулийн төслийг гацаах нэг шалтгаан байсан билээ.
Шинээр баталсан хуулиар ирэх жилийн УИХ-ын сонгуулийг мажиротар 48, пропорцианалиар 28 хүн сонгогдоно. Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөл танигдахаа болтлоо өөрчлөгдсөн. Гэхдээ хариуцлагын тогтолцоог сайжруулж, хоосон амлалтыг хязгаарласан гэхчилэн сайшаалтай зүйлүүд бий. Хамгийн том зарчмын өөрчлөлт бол сонгогчдын бүртгэлийн асуудлыг цэгцлэх үүднээс Улсын бүртгэлийн газар хариуцдаг болж, Сонгуулийн ерөнхий хороо ганцхан санал хураалтаа зохион байгуулах гэнэ.
Мөн улс төрийн намууд, нэр дэвшигчид бэлэн мөнгө болон хувьцаа олгох амлалт авдаг явдлыг хааж өглөө. Ингэснээр хоосон амладаг, сонгогчдын саналыг худалдаж авах оролдлого хязгаарлагдаж байгаа аж. Үүнийгээ ч Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд тусгаж өгчээ. Мөн намууд болон нэр дэвшигчдийн хариуцлагыг дээшлүүлж, чангатгасан хууль болсон хэмээн санаачлагчид нь тодотголоо.
Өөрөөр хэлбэл, ирэх онд сонгуулийн тойрог хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөлөл биш төрийн албан хаагчид ажиллана. Хэрэв тухайн төрийн албан хаагч сонгуулийн үеэр хууль зөрчвөл ажлаасаа халагдаж төрийн албанд дахиж ажиллахгүй болох шийтгэлтэй. Хэрэв төрийн захиргааны албан хаагч нэр дэвших бол зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгөх заалт ч тусгалаа оллоо. Түүнчлэн нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
УИХ 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Түүнчлэн аймаг, нийслэлийн, дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болох санал ч дэмжлэг хүлээлээ.
Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтоохоор болов. Харин сонгогч хоёр төрлийн саналын хуудас бөглөнө. Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах аж.
Харин хуулийг бүдэргэх шахсан шилжилтийн босго дахин сонгууль явуулах эрсдлийг дагуулж мэдэх талаар Д.Тэрбишдагва тодрууллаа.
Түүний тайлбарлаж буйгаар хот суурин газарт улс төрийн идэвхжил их болсон энэ үед 28 хувийн санал авна гэдэг бараг л бүтэхгүй гэнэ. Учир нь өнөөдрийн байдлаар Монгол Улсад улс төрийн 18 нам бий. Хуульд улс төрийн намуудын босгыг таван хувиар тогтоосон нь олон намуудад боломж бийг харуулж байна. Иймээс бүхий л тойрог дээр нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ингэхээр хоёр мандаттай тойрогт 36, гурван мандаттай газар 54 хүн нэр дэвших болно.
Ийм үед 28 хувийн санал авна гэдэг боломжгүй зүйл тул тухайн тойрог дээр дахин сонгууль явуулах эсэхийг тодруулав. Үүнд Ж.Сүхбаатар гишүүн дахин сонгууль явуулахгүй гэдгийг тодотгож, харин нэг мандат дээр хамгийн олон санал авсан хүнээс хоёрыг нь өрсөлдүүлэх гэнэ. Улмаар тэдний хамгийн олон санал авсан нь ялагч болно. Өөрөөр хэлбэл, Германы сонгуулийн тогтолцоотой яг ижил хэмээн учирлав.
Сонгуулийн жил эхлэнгүүт эрх баригчдын сурталчилгаа үзэгч, сонгогчдыг бухимдуулж эхэлдэг. Тэгвэл шинэчилсэн хуулиар нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа үйлдлүүд дээр тодорхой хязгаарлалт тавихаар заажээ.
Тухайлбал, нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх гэнэ. Ингэхдээ захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичих шаардлага тавьжээ. Хэрэв нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв бодит байдлыг зөрчсөн бол нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Түүнчлэн нэр дэвшигчийг мөн үүний адил торгоно.
Харин хэвлэл мэдээллийн байгууллагын хийсэн нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв, бодит байдлыг зөрчсөн бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ч торгуулахаар хуульчилжээ. Ийнхүү хариуцлагаа чангаруулжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үргэлж гомдоллож явдаг бүсгүйчүүдэд харчуул боломж олгож 20 хувийн квотыг баталлаа.
Гэхдээ гишүүд шинэчлэлд хараахан бэлэн биш байгаа бололтой. Хуулийг 2016 оноос эхлэн мөрдөх санал гаргасан ч нэмэр болсонгүй. Шинэ тоглоомын дүрэм 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Ийнхүү чангатгасан хуулиас гишүүд дотроо айж байсан ч шинэчлэлийн төлөө кнопоо дарж, хуулийг баталлаа. Д.Дэмбэрэл дарга “Энэ удаагийн парламент олон бэрхшээлийг туулсаар хуулийг баталлаа. Уг хуулийг олон нийтэд сайн сурталчлах ёстой” гэсээр дараагийн асуудалдаа орсон.
Дараа нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдэж байсан. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Д.Очирбат гишүүн хийж, асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжив. Гэхдээ энэ хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөх гэнэ.
Үдээс өмнө гишүүд хуулийг ар араас нь кноптож байлаа. Үүний нэг нь З.Энхболд, Р.Амаржаргал нар болон С.Эрдэнэ нарын Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Ганц Ц.Даваасүрэн гишүүн асуулт асууж, хариултаа авсанаар мөн л хуулийн төслийг шууд баталлаа.
Дараагийнх нь Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураасны дараа хуулийн төслүүдийг гишүүд санал нэгтэй баталлаа
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:




