АТГ-ыг Б.Хурцад биш, нутгийн иргэдэд даатгаад үзэх үү…

Ойрын үед ой, ан амьтныг нутгийн иргэдийн тусламжтайгаар хамгаалах нь хамгийн үр дүнтэй байна хэмээн гэлцэх болжээ. Энэ аргыг зарим улс төрийн шинжтэй асуудлууд дээр туршиж үзвэл яадаг юм бол. Жишээ нь,  манайхан авлигын асуудлыг дийлэхгүй бөөн юм болж байна. Ямар сайндаа л АТГ-ын өмнөх хоёр даргын нэг нь алуулж, нөгөө нь ялтан болж байхав дээ. Харин  одоо улс төрийн нууцад хамаарагдах хэргээр гадаадад хоригдож байгаад ирсэн чекист нөхөрт даатгуулсан. Энэ ч яахавь  нөгөө улс төрийн тохироо энэ тэр нь бүрдсэн юм байгаа биз. Хамгийн гол нь ингээд авлига буурахгүй л болов уу. Учир нь манай улсын иргэд, төрийн албан хаагчдын аль аль нь авлига, бэлэг хоёроо ялгахгүй цохиж яваа. Үүнийг ялгааг эхлээд нарийн гаргачих хэрэгтэй. Тэгээд өрх болгонд авлигын тухай хуулийг маш энгийнээр ойлгуулсан ном өгчихвөл нөгөө дийлдэхгүй байгаа авлига чинь сая багасч мэднэ шүү. Учир нь нэг хэл амтай, заргач нөхөр авлигын тухай хуулийг учрыг нь олоод цээжилчихвэл багийн даргаа, цаашлаад сум, аймгийн засгаа авлига авч байгаа эсэхийг нь хянаад байж чадна байх. Намайг  бага байхад манай нутагт Лөөлөө өвөө гэж алдартай заргач хүн байж билээ. Түүний заргачаас хавь ойрынхон нь дөлсөөр  ганц охин нь хүнд очилгүй насыг барсан юмдаг. Хэрэв Лөөлөө өвөө авлигын тухай хуулийн учрыг нэг олчихвол  мөн ч явна даа. Манай АТГ-ынхны ихэвчлэн хөөцөлдөөд явдаг аймаг, сумын засаг дарга нарыг бол гаргаахгүй нь лав. Хүнийг янз бүрээр харааж, ерөөгөөд байдаггүй хэрнээ яг л хэлдэг байсан юм. Түүнийг давж хэлэх бол барагтай үгүй. Хүний удам судар, хавь ойрын адуу малын зүсийг ч андахгүй. Хэн илүү юм хэрэглээд байна. Яагаад тийм болсныг аль эрт мэтчихээд мэндийн зөрөөн дээр амыг нь асууна. Хэрэв ийм хүмүүстэй АТГ хамтарч ажилбал авлигачдыг дор нь дарна. Даан ч ингэж ажиллахад АТГ-н дарга нарын сэтгэл дутна биз. Учир нь нутгийн өвгөд хэрсүү. АТГ дарга нарыг өөрсдийг нь ч шүүгээд эхлэх ч юм бил үү.

Д.Сүх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих