“Даарахгүй бол хүйтний харшилд өртөхгүй”

Сүүлийн үед манайхан элдэв янзын харшил, халдварт өвчнөөр их өвдөх болсон. Жилийн дөрвөн улиралд “Харшил хөдөллөө” гэж ярих хүн цөөнгүй. Зуны халуунд нарны харшилтай гээд хоолойтой, ханцуйтай цамц өмсч сүүдэр даган явдаг хүмүүс байдаг.

Гэтэл өвөл ч бас хүйтний харшилтай гээд гадуур гарахаас “айдаг” хүмүүс байх юм. Үүнийг мэргэжлийн эмч нар цаг уурын өөрчлөлт, идэж ууж байгаа хоол, хүнс, нийгэм, эдийн засагтай холбон тайлбарладаг.

Хүйтний харшил, хөлний мөөгөнцрийн халдвар ихэсч байгаатай холбогдуулан Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс, гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Бу.Оюунтай ярилцлаа.

ХООЛ АМТЛАГЧ ХҮЙТНИЙ ХАРШИЛД НӨЛӨӨЛДӨГ

-Харшлын өвчлөл сүүлийн жилүүдэд элбэгших хандлагатай байна. Хэдийгээр энэ өвчин улирлын чанартай гэгддэг ч аль ч улиралд “Харшилтай” гэж ярьдаг хүмүүсийн тоо нэмэгдчихсэн юм шиг. Танай эмнэлэгт хандаж байгаа, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд ямар өвчлөл их байна вэ?
-Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь ургамлын болон тоосны, эмийн харшил, писраз, экзим зэрэг өвчнөөр хандах нь их байна. Ялангуяа, сүүлийн үед улирлын чанартай хүйтний харшил нэмэгдсэн. Мөн хөлний мөөгөнцрийн халдвар авсан иргэд цөөнгүй хандах болсон.

-Манайхан ургамлын болон тоосны харшил гэхээр ихэвчлэн хавар, намар хөдөлдөг өвчин гэж ойлгодог. Харин хүйтний харшлыг тэр бүр мэддэггүй. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Зарим хүн асуудаг л даа. Энэ шинээр гарч ирсэн өвчин үү гэж. Энэ тийм биш юм. Өмнө нь ийм өвчин байсан. Өвдөж байгаагүй болохоор зарим хүн ингэж асуудаг байх. Ер нь бидний хүрээлэн байгаа орчин харшил үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байдаг. Түүнээс гадна тухайн хүний биеийн эсэргүүцэл, хоол хүнс, чанар, аюулгүй байдал, хувь хүний мэдрэг чанараас харшил өгч байна.

Хүйтний харшлыг дээр үеэс чонон хүрвэс гэж нэрлэдэг байсан. Олон янзын шалтгаанаас чонон хүрвэсээр өвчилдөг. Тухайлбал, ходоод гэдэс өвддөг хүн энэ өвчнөөр өвчилж болно. Мөн хоолондоо сармис, халуун ногоо, янз бүрийн хоол амтлагч, лаазалсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, мандарин, жүрж, аньс, чацаргана мэтийн исгэлэн зүйлийг байнга хэрэглэдэг. Биеийн эсэргүүцэл суларсан, ядарсан, оюуны хөдөлмөр хийдэг, ачаалалтай ажилладаг, хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар байдаг иргэд хүйтний харшилд өртдөг.

-Хүйтний харшилтай хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Ихэвчлэн биеэр юм туурдаг гэж дуулсан?

-Гадаа, хүйтэнд удаан хугацаагаар байж байгаад дулаан байранд ороход уруул, зовхи орчим хавагнах, гар хуруу гээд биеийн бүх хэсгээр загтнадаг. Бүр тэсэхийн аргагүй загтнаж, шумууланд хазуулчихсан юм шиг, халгайд түлэгдсэнтэй адил тууралтууд гардаг. Харин тэр тууралт нь хэсэг хугацаа өнгөрч дулаацаад ирэхээр арилж, дээрх шинж тэмдгүүд гайгүй болчихдог.

-Энэ өвчинд нас хамаардаг уу. Бүсгүйчүүд хүйтний харшлаар илүү их өвчилдөг гэж ярьдаг юм билээ?
-Харшлын өвчинд нас хамаардаггүй. Заримдаа хүүхнүүд их өртдөг гэдэг. Тэр нь бүсгүйчүүд гоё, сайхан харагдах гээд нимгэн хувцаслаж, даарч хөрснөөс болж байгаа юм. Ер нь гадаа ажилладаг хүмүүс энэ харшилд өртөх нь элбэг байдаг.

-Харшил, тэр дундаа хүйтний харшил эдгэдэг үү. Эсвэл жил бүр сэдэрдэг өвчин үү?
-Ер нь харшил, тухайн харшлыг үүсгэж байгаа зүйлээсээ холдвол эдгэрдэг. Тиймээс хүйтний харшил хүйтний нөлөөнөөс холдвол сэдрэхгүй, эдгэнэ. Хүйтэн газарт байж байгаад халуун газарт ордог тэр байдлыг өөрчилбөл эдгэнэ. Нэгэнт туссан бол дахин давтагдах магадлалтай. Мөн биеийн эсэргүүцлээ сайжруулах, идэхийг хориглосон хоол, хүнс идэх хэрэггүй.

-Удахгүй идэр есийн хүйтэн эхэлнэ. Гадаа хичээл, сургуульдаа, ажилдаа явж байгаа хүмүүс даарч л таарна. Тэгэхээр хүйтний харшил сэдрэх юм уу аль эсвэл шинээр өвчлөх магадлалтай байх нь ээ?
-Тиймээс даарахгүй байх хэрэгтэй. Гадуур явахдаа дулаан хувцаслах нь чухал. Мөн эмчийн хяналтад байж, зааврын дагуу эмээ тогтмол уувал хүйтний харшил эдгэх боломжтой. Түүнээс биш өөрсдөө дур мэдэн эмчлэх гэж оролдох хэрэггүй. Түүнчлэн янз бүрийн эм ууж болохгүй. Эм хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг. Дээр хэлсэн шинж тэмдэг илэрсэн үед даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Хүйтний харшил заримдаа толгой таллаж өвдөх, нус гоожих зэргээр ханиадтай төстэй байдлаар илэрдэг үү?

-Яг тийм шинж тэмдэг илрэхгүй. Харин ханиадтай хавсарч болно.

-Тэгвэл ийм харшилд өртөхгүйн тулд яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн гол нь даарахгүй байх хэрэгтэй. Нимгэн материалтай хувцас хүнийг улам дааруулдаг. Тиймээс хөвөн даавуун, зөөлөн материалтай хувцас өмсөх хэрэгтэй. Мөн хүний мэдрэг чанарыг ихэсгэдэг архи, шар айраг, даршилсан ногоо, хийжүүлсэн ундаа, шоколад, хиамыг тохируулж идэх хэрэгтэй. Зөв хооллолтын дэглэм баримтлах нь чухал. Манай улс дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг. Тиймээс манайд хүйтний харшил их байгаа тал бий. Гэхдээ монголчууд эртнээсээ дулаалаад сурчихсан болохоор хүн бүр толгой дараалан өвдөнө гэсэн ойлголт байхгүй.

ЦЭВЭРЛЭГЭЭ МУУТАЙ САУН, БАССЕЙНААС ХӨЛНИЙ МӨӨГӨНЦӨР ХАЛДВАРЛАДАГ

-Ярилцлагын эхэнд та сүүлийн үед иргэдийн дунд хөлний мөөгөнцөр нэлээд байгаа гэж байсан. Энэ өвчин уг нь чийглэг уур амьсгалтай оронд их байдаг гэж ярьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, хуурай уур амьсгалтай шүү дээ. Энэ өвчин ихсээд байгаа шалтгаан нь юу байна вэ?
-Манай иргэд гадаадад зорчих нь их болсон. Мөн Монголд саун, бассейн, нийтийн халуун усны газар олноор нээгдэж байна. Түүнийгээ дагаад саун, бассейны цэвэрлэгээ, ариутгал муу байгаагаас энэ өвчин нэмэгдэж байгаа. Мөөгөнцөр нойтон чийгтэй, бүлээн газарт ургадаг. Ийм нөхцөлд дээрх газраар үйлчлүүлсэн хүмүүс хөлний мөөгөнцрийн халдвар авдаг. Мөн хумсаа лав аваад, хумсаа гэмтээсэн тохиолдолд мөөгөнцөр ургадаг. Хүний хөлийн ул, хурууны салаа, хумс мөөгөнцөрдөхийг хөлний мөөгөнцөр гэдэг юм.

-”Хүмүүс хөл загатнаад” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байх нь ээ?

-Хөлийн хурууны салаа загтнах, улайх, хагарах, хумс шарлах, эмтэрч унах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед эмчид хандаж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

-Мөөгөнцрийн эмчилгээ хэдий хэр хугацаанд үргэлжилдэг вэ?
-Мөөгөнцөр удаан хугацаанд ор мөргүй эдгэрдэг өвчин. Ойролцоогоор 45-60 хоногт. Өөрөөр хэлбэл, арьс гуужиж, хумс ургаж дуусах хүртэл эмчилгээ хийдэг. Манайхан аливаа эмчилгээний эцсийн үр дүнг үздэггүй муу зантай. Эмчилгээ хийлгэж эхлээд эхний 10 хоногт идэвхтэй байснаа хаячихдаг. Түүнээс болоод мөөгөнцөр нь дахидаг. Эмчийг “За одоо эдгэлээ” гэх хүртэл нь явах хэрэгтэй. Хүмүүс мөөгөнцрийг эмчлэхийн тулд хөлийн хумсийг сугалж авдаг гээд их хальширдаг. Одоо тэр арга ард хоцорсон. Янз бүрийн шинэ эм, тос гарсан. Тэдгээрийг хэрэглэхэд хумс аяндаа эрүүл ургаад, төлждөг.

-Хөлний мөөгөнцөр халдварт өвчний нэг. Тэгэхээр гутлаа сольж өмсөхөд л халдана гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хөлний мөөгөнцөртэй бол үр хүүхэд хань ижилдээ халдаана. Гутлаа сольсон тохиолдолд, тэр байтугай, нэг хөл мөөгөнцөртэй байгаад тэр хөлөндөө өмсч байсан оймсоо нөгөө хөлдөө өмсөхөд л мөөгөнцөр халддаг. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд саун, бассейн, нийтийн халуун усны газраар үйлчлүүлэхдээ өөрийн алчуур, углаашийг хэрэглэх хэрэгтэй. Мөн хувь хүний ариун цэвэртэй холбоотой. Янз бүрийн хүнтэй гутал хувцсаа сольж өмсөхгүй байх нь чухал. Зарим хүн комиссын хуучин гутал өмсөх нь бий. Хэрэв тийм гутал өмсөхөөр бол 0.7 хувийн тамидины уусмал шингээсэн даавууг гутлынхаа хоншоорт чихэх хэрэгтэй. Наад зах нь 72 цаг байлгавал ариутгагддаг. Мөн улавчийг ариутгавал мөөгөнцөр халдахгүй.

Д.Туяацэцэг


URL:

Сэтгэгдэл бичих