Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан
Аль ч улсын хүн амыг сэтгэцийн эрүүл мэндийн үүднээс эрүүл сэтгэхүйтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж ангилдаг. ДЭМБ-ын тодорхойлсоноор бие махбодийн хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалгүй, нийгэмдээ дасан зохицох чадвартай, нийгэмд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж үзнэ.
Харин сэтгэцийн тулгамдсан асуудал гэвэл бидний хамгийн их ярих ёстой сэдэв болж байна. Өнөөдөр Монголд “юмтай” ч юм шиг, үгүй ч юм шиг хүмүүсийн тоо ихэссэнд мэргэжилтнүүд түгшүүр зарлав. 2017 онд Монголд дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Зарим үзэгч Чингисийн монголчуудын 25 хувийг эргүү балай гэж хэллээ хэмээн энэ тухай мэдээлсэн телевиз рүү хилэгнэсэн зурвасууд илгээж байснаа удалгүй тайвширсан. Гэвч энэ бол сэтгүүлчийн үг биш, судлаачдын гаргаж ирсэн тоо юм.
Сэтгэцийн тулгамдсан асуудалд сэтгэл түгшилт, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа, архаг ядаргаа, сэтгэл гутрал, нойрны эмгэг, архинд донтох зэрэг хамаарна. Эдгээрийг мэргэжилтнүүд хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд гэж нэрлэдэг. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй нийт хүмүүсийн 60% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85.7% сэтгэцээс үүдэлтэй гэсэн дүн гарчээ.
Монголын хувьд судлаачдын олж мэдсэнээр хүн амын 40 орчим хувь сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэгтэй ажээ.
1984-1992 онд хийсэн судалгаагаар тухайн үеийн Монголын хүн амын 1.5 % нь сэтгэцийн эмгэгтэй буюу бусад улс орнуудтай харьцуулахад дундаж өвчлөлтэй гэсэн ангилалд хамаарч байв. Харин 2013 онд ДЭМБ-ын тэтгэлгээр хийсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-гаар сэтгэлээр гутарсан нь 4.4%, сэтгэлийн түгшилттэй нь 18.5%, архинаас гарч чадахаа байсан нь 9.9%, органик бусаар нойргүйтсэн нь 17.1%, мэдрэл сульдах эмгэгээр өвчилсөн нь 16.2% гэсэн дүн гарав. Өөрөөр хэлбэл, 11-хэн жилийн дотор сэтгэлийн шалтгаанаар сэтгэцийн эмгэгтэй болсон хүмүүс 100 дахин, архинд донтогчид 66 дахин ихэсчээ. Монголын бас л нэг рекорд бололтой.
Сэтгэцийн тулгамдсан асуудлын үндсэн шалтгаан нь стресс. Жишээ нь, та өвлийн өглөө Толгойт дахь гэрээсээ хар үүрээр гарч утаан дунд түгжирч явсаар хотын төвийн цэцэрлэгт хүүхдээ өгч, дараа нь ажил руугаа яарч явахдаа мөстэй зам дээр халтирч унаснаас болж ажилдаа хоцорч, үүнээсээ болж даргадаа загнуулан төвлөрч чадалгүй үр бүтээмжгүй нэгэн өдрийг өнгөрөөж, орой нь бас л утаан дунд түгжирч, тэгээд бас болоогүй эгнээ булаалдаж байгаад хүний машин гэмтээж бөөн уур бухимдал болон гэртээ харьж, үүнээсээ болж олигтой унтаж чадалгүй дараагийн өдөртэй золговол сэтгэцийн асуудалтай болох өндөр эрсдлийн дунд амьдарч байна гэсэн үг.
Стресстэй тулгарах үед хүний сэтгэл тодорхой түвшинд догдолж, шаналж, анхаарал сарниж, түгшиж эхэлдэг.
Үүнтэй зэрэгцээд бие махбодь стрессээс хамгаалах механизмаа ажиллуулж эсэргүүцнэ. Энэ үед тухайн хүн санаа зовоосон зүйлийнхээ тухай дүгнэлт хийж зарим нь тайвширч тэнцвэрждэг бол зарим нь сөрөг хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв тэнцвэржиж чадахгүй бол бие махбодь стресс үүсгэгчийн өмнө бууж өгөн уцаарлах, бухимдах, сэтгэлээр унах, ой тогтоолт муудах, буруу хэрэглээнд донтох зэрэг таагүй үйлдлүүд хөгжих таатай хөрс бүрдэнэ. Тиймээс бидний орчин тойронд бидний сэтгэлийн эсэргүүцэх чадвараас давсан хүчтэй олон хүчин зүйл байна гэсэн дүгнэлт хийж болох нь. Өөрөөр хэлбэл, бид стрессэд өдөр тутам бөмбөгдүүлж сэтгэцийн хувьд орчин тойронтойгоо хүч тэнцвэргүй тулаанд ялагдаж байна. Энэ тулаанд ялагдсан хүн цаашлаад хардана, үзэн ядна, сэтгэлээр унана, архидна, агсуурна. Ийнхүү олон олон монгол гэр бүлд сөрөг уур амьсгал хоног хоногоор, жил жилээр хуримтлагдсаар нэг л өдөр хүчирхийлэл, аллага, амиа хорлолт болж нийгмийг цочооно. Гэхдээ бид сэтгэцийн тулгамдсан асуудалтай өдөр бүр тулгардаг ч түүнийгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Сэтгэлээр унаад байгаа, архи, тамхи түлхүү хэрэглээд байгаа хүнээс “та сэтгэцийн тулгамдсан асуудалтай юм биш үү” гээд асуучихвал доромжилсон хэрэгт унана.
Бидний сэтгэл яагаад гутрав?

Зонхилон тохиолдох эмгэг дотроос сүүлийн жилүүдэд дэлхий дахинд “сэтгэл гутрал” гэгч өвчний тухай ихэд ярих болсон. Түүгээр барахгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны Дэлхийн эрүүл мэндийн өдрийн сэдвийг “сэтгэл гутрал” гэж зарлахаас өөр аргагүй болжээ (сэтгэл гутрал нь албан ёсны өвчин бөгөөд олон улсын өвчний ангилалд “F32”гэсэн кодтой). Сурах бичгүүдэд тодорхойлсноор “сэтгэл гутрал”-д (depression) орсон хүн сэтгэлээр амархан унадаг, баярлах чадваргүй болдог, орчин тойрноос сайхныг олж хардаггүй гэсэн байна. Монголчууд сэтгэл гутралаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос 3 дугаарт явж байна. Ерөнхийдөө нийгмийн шилжилтийн үед манай улсын хүн ам завсрын сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэдэг дээр сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар санал нэгдээд байна. Завсрын эмгэг гэдэг нь нэг талаас эрүүл юм шиг, нөгөө талаас учир нь олдохгүй хэт харддаг, түрэмгий загнадаг эсвэл хэт гутранги хандах гэх зэрэг зан чанартай байхыг хэлдэг аж.
СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлийн ярьснаар насанд хүрэгчдийн 6.6%, өсвөр насныхны дунд таван хүүхдийн нэг нь, ялангуяа охидууд, төрсөн эхчүүдийн зургаан хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай. Ийм их сэтгэл гутралтай амьдарч байгаагийн үндсэн шалтгаан нь дээр дурдсан стресс. Тиймээс Шар хадны эмнэлэгт яагаад “Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын кабинет” ажилладагийг ойлгож ядах юмгүй. Тэндхийн ядаргааны тасагт бүртгүүлсэн хүн хэвтэн эмчлүүлэхийн тулд 1-3 сар хүлээдэг нь ачаалал ямар байгааг илтгэнэ.
Ингээд бодоход сэтгэлийг дуу шүлгэндээ олонтаа магтан дуулдаг ч бид сэтгэлээ гаргуунд нь гаргачихсан улс аж. Сэтгэлээ ярьж сэтгэл зүйчид очихоос нэрэлхдэг, дэргэдээ байгаа хүүхдийнхээ сэтгэл ямар байгааг тэр болгон асуудаггүй .
Бид нойргүйдсэн, ядарсан, толгой өвдсөн үедээ даралтны эм, өвчин намдаах эм уух, шингэн шахуулах зэргээр сэтгэцийн гаралтай өвчнийг махан биеийг эмчилдэг аргаар эмчлэх гэж муйхарладаг.
Анхаарал халамж ямар ч антибиотикаас хүчтэй

СЭМҮТ-ийн эмч нарын ярьж буйгаар хэвтэн эмчлүүлэгчдийн олонхи нь нойргүйдсэн, ядаргааны туйлдаа хүрсэн хүмүүс байдаг бөгөөд төрөл бүрийн эм хэрэглэж, өрхийн эмнэлгээс эхлээд хоёр, гуравдугаар шатны эмнэлгүүдээр дамжин үр дүнгүй урт аян хийсний эцэст аргаа бараад Шар хаданд очдог ажээ. Түүгээр барахгүй өвдөөд байгаа хүнийг бөө болох ёстой гэж хэлээд эмчилгээг нь зогсоож хүндрүүлдэг дундад зууны гэмээр инээдтэй тохиолдлын тухай ч эмч нар ярьдаг.
Ажилгүйдэл, ядуурал гэсэн нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг стрессийн гол эх сурвалж гэж үздэг. Гэхдээ стресстэй амжилттай тэмцэж болно. Мэргэжилтнүүд гурван төрлийн стратеги санал болгож байна. Нэгд стрессийн эх булгаас холдож орчноо солих. Жишээ нь, амьдрах газраа өөрчлөх, амьдралын хамтрагчаа өөрчлөх гэх мэт. Хоёрт, үнэхээр та өөрөө асуудлыг шийдэж чадахгүй л бол эвлэрэх, муу зуршлаас салах. Харамсалтай нь энэ бол монголчуудын дунд хамгийн муу хэрэгждэг стратеги. Гуравт, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол өөрөөр тайлбарлах, ухамсарлах.
Сэтгэл гутралтай тэмцэх хамгийн энгийн хэрнээ шалгарсан арга бол зүгээр л ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах, сонсох.
Эцэг эх шиг эцэг эх, нөхөр шиг нөхөр, эхнэр шиг эхнэр, ах шиг ах, эгч шиг эх байх нь ямар ч антибиотикаас илүү үр дүнтэй.
Бас стрессээс найдвартай урьдчилан сэргийлэх арга гэж бий. Энэ бол хүүхдээ хүмүүжүүлэх. Ингээд ярихаар л өөрийн эрхгүй том асуудал босч ирнэ. Бид бие давхар үед эх хүн сэтгэл хөдлөлд автаж болохгүй гэж ярьдаг хэрнээ хүүхдээ төрүүлсэн хойноо аав ээжүүд хүүхдийнхээ дэргэд дураараа архидаж, хэрэлдэж хүмүүжилгүйн үлгэр дууриаллыг дээд зэргээр харуулдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд өөрийн хүмүүжлийг хүүхдийн хүмүүжилтэй андуураад байдаг юм биш биз?
Олонхи эцэг, эхчүүд үр хүүхэддээ хангалттай хөрөнгө өвлүүлж үлдээхийн төлөө зүтгэдэг. Гэвч үүнээс чухал “харилцаа”-ны өвийн тухай мартдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эцэг, эхийн гаргаж буй бүх үйлдлийг тархиндаа дуу хураагуур шиг бичиж эхэлдэг. Бичиж авснаа ирээдүйд бичлэг шиг тоглуулна. Насанд хүрээд ямар нэгэн асуудал тулгарахад ээж, аав нь энэ асуудлыг яаж шийдэж байсныг хамгийн түрүүнд санана. Хүүхдийн сэтгэхүй дуурайх, бахархах эсвэл жихүүцэх, хөндийрэх үйл явцыг дамжин өнгөрдөг. Тиймээс хүүхдээ шударга байлгая гэвэл өөрөө шударга байхаас өөр аргагүй.
Хүүхэд юун түрүүнд үгэнд биш үйлдэлд анхаардаг учраас эцэг, эхийн үйлдэл үгнээсээ зөрөөд байвал хичнээн үглэсэн ч хүүхдийг зөв хүмүүжүүлэх боломжгүйг сэтгэл зүйчид зөвлөдөг.
Бид эцэг, эхээ бурхан болсон хойно үлдээсэн хөрөнгөнийх нь төлөө бус зааж сургасных нь төлөө дурсдаг. “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэдэг бол гэр бүлийн сэтгэл зүйчдийн хамгийн дургүй үгсийн нэг.
Монголын 880 мянган өрхийн гуравны хоёрт Цагаан сар, Шинэ жил, Наадам гэх мэтээр жилд хэд хэдэн удаа хавтай архидалт явагддаг гэж үзвэл тэдгээр өрхт амьдарч буй хүүхдүүд архидан согтууралтын туршлагыг харамгүй авч таарна. Ийм байхад сурагчид архи уугаад байгаад гайхах зүйлгүй. Хэрүүлгүй салдаг гэр бүл ховор. Салахаас өмнө тэр айлд олон удаагийн хэрүүл, цаашилбал зодоонууд болсон байдаг. Хэрэв жилд дунджаар 3500 орчим гэр бүл салдаг, үүнээс 90 хувь нь хүүхэдтэй гэсэн статистикт итгэвэл жилд 3100 гаруй хүүхэд гэр бүлээс үүдэлтэй хэрүүл, зодооны гэрч болдог байх нь. Тэднээс багагүй нь ирээдүйд гэр бүлийн харилцаанд хүндрэлтэй тулгарна. Эдийн засгийн утгаар бодсон ч сэтгэлийг гаргуунд нь гаргах асар их хохиролтой. Сэтгэлийн асуудалтай хүнд нэг ам.доллар зориулахад тэр хүн эдийн засагт эргээд 4 ам.доллар авчирдаг гэсэн ДЭМБ-ын эрдэмтдийн тооцоо бий
https://news.caak.mn/view/8278990/
URL:










