Дуурайх боломжгүй хүмүүсийг л жинхэнэ од гэдэг
Өнгөрсөн баасан гаригт Сэвжидийн Сүхбаатарынд өнжлөө. Өглөөний есөн цагаас эхлэн “эргүүлдсэн” боловч ажил нь ер барагдахгүй юм. Өрхийн тэргүүн тийм ч газар, ийм ч хүнтэй уулзах ажилтай гэж харайлгасаар яваад үдээс хойш арван дөрвөн цагийн үес арайхийн таван үг солихтойгоо болов.
Өглөө тэрбээр Нийслэлийн 93 дугаар сургууль руу шурхийгээд орчихлоо. Үүгээр түүний энэ өдрийн ажил эхэлсэн юм. Аав Ц.Сэвжидийнх нь нэрэмжит танхим энэ сургуульд байдаг юм байна. Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн 95 насны ой энэ онд тохиож байгаа гэнэ. Тиймээс хүү Сүхбаатар нь нэлээн их ажилтай яваа нь энэ аж. Аавынхаа нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын гуравдугаар уралдааныг өнгөрсөн зун зохион явуулжээ. Хорин нэгэн аймгийн бүжигчид, бүжиг дэглээчид эрдэм чадлаараа өрсөлдсөн байна.
Бүжигчдийг энгэрийн тэмдэг, дурсгалын дипломоор хуураад өнгөрдөг жишгийг халж овоо хэрийн мөнгөн шагналтай уралдаан хийжээ. Үүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараагийн тэргүүлдэг “Сэвжид сан”-гаас Монголын урлагийн ажилтны холбоо, Дархан хотын ЗДТГ-тай хамтран хийсэн гэнэ. “Үндэсний бүжгээ дээдэлдэг хүмүүс Монгол орныхоо өнцөг булан бүрээс цуглаж гурван өдөр хүний хөдөлгөөнөөр цэнгэн баяслаа. Дархан хот цаашид энэ уралдааныг уламжлал болгон өөрийн нутагтаа хамтран хийж байхаар болсон гэж бүжиг дэглээч маань хэлэв. Ерэн гуравдугаар сургуульд нэлээн удаж гарч ирээд мөн л хэд хэдэн газар ажил ярьж явсаар намайг яг залхдагийн даваан дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороон дээр бас ажилтай болчихлоо. Өглөөнөөс хойш дагаж шогшсон болохоор өрөвдсөн үү яасан “За яахав, Лхагвасүрэн гуайтай нэг юм ярьчихаад танай сонинд цаг гаргая” хэмээгээд тус газрын дарга, ардын уран зохиолчийн өрөө рүү харайгаад орчихлоо. Үүд хавьцаа нь хүлээж суух зуур хаалганы цаанаас дүнгэр дүнгэр ярьж байснаа бүжиг дэглээчийн дуу ширүүсээд ирдэг юм байна. Нэлээн эмоцитой. Хүний яриа чагная гэж чагнасангүй боловч жүжиг юм уу ямар нэг тайзны бүтээлийн талаар болохыг эмоци нь дүрслээд өгөв. Энд харин тэгтлээ их удсангүй. “За, Чуулга руу явах уу” гэсээр гарч ирэв. Түүнийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий найруулагч гэдгийг хүмүүс андахгүй байх. Та хоёр юу ярив гэвэл, “Нэг бүжгэн жүжиг хийж байгаа юм аа” гэж байна. Өнгөрсөн зууны эхэн үе, Богд хаант Монгол Улсын түүхийн сэдвээр бүжгэн жүжиг хийж байгаа гэнэ. Цомнолыг нь Б.Лхагвасүрэн гуай, хөгжмийг нь төрийн шагналт Б.Мөнхболд бичиж байгаа юм байна. Адармаагүй түүх гэж байдаггүй ч энэ үеийн манай түүх бүр ч адармаатай байдаг. Чухам юугаараа адармаатай гэхээр, манай улсын хаанаар анх удаа гадаадын иргэн, түвд хүн заларсан, үүгээрээ Богд хааны түүхийг сайнаас нь илүү муугаар бичиж ирж. Зуун жил өнгөрөхөд энэ түвд хүний тухай баримтууд үзэл санааны талаасаа дандаа зөрчилтэйгөөр үлдсэн байх юм. Түмэн хийгээд Модун шаньюгаас авахуулаад сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбыг хүртэлх бүх хаадын дотроос монголчуудын хамгийн дургүй хаан нь хөөрхий энэ түвд хүн л болов уу. Түүний үед наад зах нь улсын дипломат харилцаа тун ээдрээтэй, түүнийг нь түүхчид олон янзаар тайлбарласан тул энгийн бид бүр ч эргэлзэх жишээтэй. Социализмын үеийн түүхчдийн нэмэр хачир уран сэтгэмжийн ачаар Богд ламын үеийн Монголын улс төрийн амьдралыг өнөөгийн бид өрөвддөг биз дээ. Тэгэхээр энэ адармаатай түүхийн жинхэнэ үнэн юу байв гэдэгт эл гурван уран бүтээлч анхаарлаа хандуулж байгаа юм байна. “Энэ бүжгэн жүжиг нь “Ноёдын зуун” нэртэй гэнэ. Замдаа бид ийм юм ярилаа. Одоо харин бүжиг дэглээчийг өөрийг нь уншигчдадаа дүрслэн ярья.
Сэвжидийн Сүхбаатартай дөрөв таван жилийн өмнө аавынх нь “асуудлаар” уулзахад цагаан өнгөтэй “Прадо”-гоор хөл залгуулан ажлаа амжуулж явсан нь тэр л хэвээрээ байна. Та энэ машинтайгаа л байгаа юм уу гэвэл “Тийм ш дээ, чи намайг авгайгаа олон сольсон болохоор машинаа бас солиод байдаг гэж бодоо юу” гэж наргиа болгож байна. Та чинь хоёрхон л гэрлэсэн билүү, гурав дөрөв дэхээ гэрлэсэн гэж сонсдоогүй дээ гэвэл тийм шүү гэв. Бид ҮДБЭЧ дээр ирээд шууд Бүжгийн хүрээлэнгийн заал руу нь орлоо. Эд бүгдээрээ бүжиг анги гэдэг боловч жинхэнэдээ бол Чуулгын бүжгийн хүрээлэн гэж болно. “Монголын ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн цэнхэр танхим гэдэг юм. Энэ танхимд соц үеийн тэргүүний шилдэг хөдөлмөрчин залуучуудын сүлд модны наадам болдог байсан. Үндэсний бүжгийн маань түүхэн энэ танхимд тэд шинэ жилээ тэмдэглэж нийтийн бүжгээ хийж баярлан цэнгэдэг байлаа” гэж Сүхбаатар гуай танилцуулав. Бүжигчид нь алга. Чуулга амарсан гэнэ.
Ормогц бүжгийн цэнхэр танхимын хойморт төрийн шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж, Ц.Сэвжид, Д.Лувсаншарав нарын хөрөг харагдана. Манай хөгжмийн зохиолчдоос хамгийн анх Л.Мөрдорж гуай симфони бичсэн байдаг. 1959 онд Монголын анхны симфони зохиол гарч ирсэн тэр цаг үе хөргийг нь хараад санаанд орсон юм. “Эдгээр хөргийг сайхан сэтгэлтэй зураачдаар тав зургаан жилийн өмнө бүтээлгэж бүжгийн зааландаа залсан. Одоо Норовбанзад гуайн хөргийг бүтээлгэж байгаа” гэж бүжиг дэглээч хэллээ. Сэвжидийн Сүхбаатарт нэг санаж явдаг зүйл байдаг гэнэ. Монголын урлагийн авторуудын хөргийг зураачдаар бүтээлгэж цэнхэр танхимдаа байрлуулах бодолтой явдаг юм байна. Тэрбээр “Энэ ноён оргилуудын агуу соёлын уламжлалыг би өвлөн авч хөгжүүлж чадсан учир хөргийг нь бүтээлгэж байгаа юм. Дараагийн үеийнхэн мөн энэ жишгээр өвлөн авч үлдээсэй, эднийхээ бүтээсэн их өвийг хаяхгүй гандаахгүй хөгжүүлээсэй гэж хүсдэг. Үе үеийн залуучууд зуун зуун жил үргэлжлэх энэ учир шалтгааныг мэдэж, тэр агуу хүмүүсийн дүрийг нь мэдэж байгаасай гэсэн бодол надад байна” гэсэн. Харахад хөөрүү дэгэлзүүр ч юм шиг энэ эр айхтар алсын үйлийг бодож явдаг аж.
Манайхан өдгөө тайзан дээр гардаг болгоныг од гэцгээх юм. Үнэн чанартаа Монголын урлагт супер од гэж баталгаатай нэрлэгдэх гурван хүн бий. Нэг нь Ц.Сэвжид, нөгөө хоёр нь Н.Норовбанзад, Б.Жамъяндагва нар юм. Учрыг нь одоо хэлье. Сэвжид гуай ардын бүжгийг шинэчлэн үндэсний сонгодог бүжиг болгож хөгжүүлсэн хүн шүү дээ. Эртний урлагийн сэтгэлгээнд модернизаци хийж монгол бүжигт сонгодог дэгийг бий болгосон хүнийг од гэхээс өөр хэн гэх билээ. Манайхан юмыг гадаадаар ойлгохдоо сайн учраас “монголиан традишнл дэнс”-ийг “монголиан балет”, эсвэл “монгольский народный танц”-ийг “монгольский классик балет” болгосон гэвэл тодорхой болж байгаа юм. Тиймээс монгол бүжиг Сэвжид гуайн шинэчилснээр XX зууны хоёрдугаар хагасаас хойш үндэсний бүжиг төдий бус монгол балет болжээ. Үүнтэй адил Норовбанзад гуай олон арван жил судлан боловсруулж дуулснаар уртын дуу нь зүгээр нэг үндэстэн бүрт байдаг, онцлогоо хадгалсан язгуур урлаг байхаа больж, хөгжмийн төгс хэлбэрээ олон, уртын дууны сонгодог дэг бий болжээ. Үүнийг өнөөдөр бид “Уяхан замбутивийн наран”-г дуурьсахад ухаарч ойлгож байна. “Уяхан замбутивийн наран”-г тэрбээр 1970-аад оны үед дуулсан арга барил нь цэвэр үндэсний шинжтэй байхад, 1990-ээд онд дуулсан арга барил нь бүрэн утгаараа сонгодог хэв шинжийг бүтээсэн байх нь гайхалтай. Харин Жамъяндагва гуай дэлхийн сонгодог балетыг Монголын урлагийн нэг салшгүй хэсэг болгож, мөн түүнийг үндэсний сонгодог балетаар баяжуулж явааг хэн үгүйсгэх билээ. Дээрх гурван хөргийг хараад “Өрсөлдөгчгүй, хэн ч дуурайж хувилах боломжгүй ийм хүмүүсийг л жинхэнэ од гэдэг биз” гэвэл мань эр дуугарахгүй жуумалзаад өнгөрөх юм.
Сүхбаатар гуай аавынхаа хөргийг нэрт зураач П.Балдандоржоор зуруулжээ. П.Балдандоржийг социализмын үед хар дансанд орж явсан хүн гэдгийг уншигчид сайн мэднэ дээ. Тэрбээр импрессионист зураг зурж байснаасаа болоод социалист реализмын дайсан, хөрөнгөтний урлагийг оруулж ирлээ гэгдэн буруудаж байсан тухайгаа өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа дурсаж билээ. Тэр бүтээлүүдээрээ Балдандорж гуай гурван жил орчмын өмнө бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бол мөн урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг цаг үедээ “заазлууж” байсан уг ховор нандин “танхай” бүтээлүүдээр мөн том хэмжээний үзэсгэлэн гаргаж нийтэд үзүүлж байв. Л.Мөрдорж гуайн хөргийг харин зураач Л.Саранхөхөө зурсан гэнэ.
Энэ гурван өндөрлөг өөдөөс нь ширтэж байхад эдний бүжигчид, уран бүтээлчид алив худал хуурмагийг үйлдэх нь бүү хэл сэтгэж ч чадамгүй гэж бодогдож байна лээ. Ингээд сэдвээ өөрчилж төрийн шагналт Сүхбаатарын өөрийнх нь уран бүтээл, гэр бүлийн сониноос хуваалцсанаа сонирхуулъя.
Сэвжидийн Сүхбаатарт нэг том онигоо байдаг юм байна. Оны шилдэг театрын бүтээл, уран бүтээлчдэд олгодог “Гоо марал” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр шилдэг найруулагчийн шагнал авмагцаа танхимд үзэгчээр очоод байсан тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбатад бэлэглэчихжээ. Бэлэглэх ч гэж бараг “хахууль” маягийн бололтой юм. Хамгаалагч нарыг нь түлхэж орхиод Ерөнхийлөгчид “Манай чуулгыг байртай болгож өгөөч” гэж хэлээд нөгөө гоё цомоо атгуулчихсан юм байх. Хонгор хүү цахиур Төмөрт “Ах аа намайг бодоорой” гээд золгодог шиг. Шилдэг бүтээлийн “Гоо марал”-ын ганган баримал экс Ерөнхийлөгчийн гэрийнхэнд эл хөгжилтэй явдлыг хааяа ч болтугай санагдуулж байдаг биз ээ. Харин чуулгынхан байртай болох горьдлого тасраад байгаа гэнэ лээ. Энэ далимд нэг зүйл сонирхуулахад, ҮДБЭЧ уг нь театр юм. Бүжгийн хүрээлэн, хөгжмийн хүрээлэн, дуулаачийн анги аль аль нь бие даасан, академик түвшиндээ хүрчихсэн. Бүтцийг нь аваад үзэхэд эрдмийн театрын бүх эд эс нь төлөвшсөн ийм газар өөрийгөө зүгээр нэг чуулга гээд яваад байдгийг гайхдаг. Харин дэргэд нь Драмын эрдмийн театр энэ статусдаа хүрэхийн тулд одоо дэргэдээ бүжиг, хөгжим, утга зохиолын бие даасан анги буюу хүрээлэнгүүдтэй, тэр нь академик түвшинд боловсорсон байх шаардлага хэнд ч харагдаж байдаг. Энэ тухай юу гэж бодож явдгийг нь асуувал, Морин хуурын чуулга гэж байгаа шиг бид Үндэсний бүжгийн чуулга гэж бие даах санаа сэдчихээд байгаа хэмээн товчхон хариулна лээ.
ЭХ ДЭЛХИЙ МӨНХ БАЙЖ НАР МАНДАЖ БАЙВАЛ…
Ийн ярилцаад бид Чуулгын бүжгийн хүрээлэнгээс гараад гэрт нь очлоо. Тэрбээр бүжгээс өөр юу ч ярихгүй юм билээ. Төмөр замд байх орон сууцнуудын нэгэнд эхнэр Оюунжаргал, бага хүү Амарбаясгалант нартайгаа хамт амьдран суудаг юм байна. Өндөр настай ээж нь агаар сайтай гээд “Өлзийт” хороололт төвхнөжээ. Эхнэр нь тоглолттой гээд эзгүй байв. Амарбаясгалант хүү нь харин гэртээ байна.
Айлын гал зуух, зочны болон унтлагын, ажлын зэрэг өрөөнүүд бүгд тэр гэр бүлийн нандин орчин учраас ийш тийш нь сониучирхан гүйх нь арай л зохисгүй санагдсан тул үүнээс дэлгэрэнгүй сонирхуулах боломжгүйг уучлаарай уншигчид аа. Харин бүжиг дэглээчийн яриаг арайхийж гэр бүлийнх нь хүмүүсийн тухай ярианд хандуулбал, саяхан ач охинтой болсондоо, Амараагаа гэр бүл зохиосонд үнэнхүү баярлаж байгаа нь илт. Ач охин маань туулай жилд төрсөн болохоор Бүжин гэдэг хөөрхөн нэртэй. Гэхдээ цаана нь хүндэтгэлийн том нэр хайрласан байгаа гэж ярив. Тусгаар тогтнолын өдөр хийсэн Амараагийн “Би Монгол хүн” тоглолтоор бахархсан тухайгаа, бага хүү жижиг Амараагаа мэргэжлийн морин хуурч хэрнээ урлагийн менежмент рүү халтираад орчихсон тухай л ярьсан. Харин авааль гэргий, том Амараагийн ээж гавьяат жүжигчин Б.Цэрэннадмидыг бүжигчид дотроос хамгийн нарийхан хүүхэн байсан гэж “онцлов”. Цэрэннадмид гавьяат одоогийн нөхөртэйгөө гэр бүл болохдоо экс нөхрийнхөө зөвлөгөөг авсан гэнэ. “Энэ хүнтэй ханилбал ямар вэ” гэж ирээдүйн нөхрөө түүнд үзүүлж харуулсан юм байна. Одоо эдний хоёр гэр бүл нэлээн сайн харилцаатай, хэн хэнийдээ ирж очицгоодог болох нь Сүхбаатарын ярианаас мэдэгдэж байв. Сэвжид гуайн хоёр ачийг төрүүлж өсгөсөн Цэрэннадмид, Оюунжаргал нар эгч дүүс шиг л байдаг юм байна. ҮДБЭЧ-ын дуучин Д.Оюунжаргал Сүхбаатартай гэрлэснийхээ дараа Амараагийн хамтлагт дуулдаг болоод удаагүй байтал “Хар сарнай” хамтлаг СТӨ-нд тоглолтоо хийж. Хаалганы хамгаалагч нар оруулахгүй болохоор нь Оюунжаргал дуучин “Би Амараагийн ээж байна” гэсэнд битгий худлаа ярь, Амараагийн ээж аль түрүүн орчихсон гэжээ. Тэгэхээр нь “Би энэ хамтлагийн дуучин нь байна” гэтэл битгий худлаа ярь, хэзээ “Хар сарнай”-д эмэгтэй дуучин байсан юм гээд дотогш оруулахгүй байсан тухай хөгжилтэй түүхийг бүжиг дэглээч маань энэ мөчид өөрөө ярьж өгсөн юм. Тэрбээр том Амараагаа хэтэрхий хожуу гэр бүл зохиолоо гэж бодож буй аж.
Дээр үед хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээчид хөдөөгийн чуулга театруудад шинэ бүтээл хийж өгч хамтран ажилладаг байсан жишиг саяхнаас сэргээд байгааг тэрбээр ихэд олзуурхаж байгаа гэнэ. Энэ жишгээр сүүлийн жилүүдэд хөдөөгийн хэд хэдэн театр чуулгад бүтээл хийсэн гэж сонирхуулсан. Жишээ нь, Сэлэнгийн чуулгад Монголын эртний түүхэн сэдвээр “Буур хээрийн домог” гэдэг бүжгэн жүжиг тавьсан гэнэ. Бидний яриа дахиад л уран бүтээл, түүхийн сэдэв рүү орчихов. “Буур хээр гэдэг газар бол манай улсын түүхийн чухал баримтуудыг хадгалсан газар байдаг юм билээ. Чингэс хаан энэ газар Бөртэ хатнаа алдаад Жамуха, Тоорил хаан энэ гурав Мэргидтэй тулалдаж ялалт байгуулсан. Үүгээр Монголын Их Эзэнт Гүрэн байгуулах Чингэс хааны анхны ялалтын баяр тэнд болж тэр ялалтаас Чингэс хааны агуу үйл хэрэг эхэлсэн. Дараа нь 1921 онд Буур хээрт буюу Алтанбулагт их жанжин Д.Сүхбаатар тусгаар тогтнолоо хамгаалж гаминг хөөж ялалт байгуулан Их хүрээндээ ирсэн бол бүр өмнө нь Бөртэ чоно Гоо марал хоёр Онон Хэрлэнгээр дамжиж энд ирсэн тухай, энэ хүний тухай бид дуулалт бүжгэн жүжиг тавьсан” гэж бүжиг дэглээч маань сонирхуулав. Мөн өнгөрсөн онд өөрийнхөө чуулгад “Дөрвөн ойрадын уриа”, “Дөрвөн бэрх”, “Ишиг хөөрхөн” гэдэг хүүхдийн жүжгийн төгсгөлийн хэсэг дэх таван хошуу малын эв нэгдлийг харуулсан бүжгийг дэглэн найруулсан. Энэ онд төрийн наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолтыг найруулснаа ч онцолж байна лээ. Учир нь, бид үндэсний язгуур урлагаа орчин үеийн урлагтайгаа эн зэрэгцүүлж авч явж байгаа ард түмэн юм шүү гэж бахархаж явдгаа монголчууддаа болон гадаадынханд харуулж чадлаа гэж бахархаж байгаа гэнэ. Тэрбээр “Намайг зан заншлаа мэддэг гэдэг үүднээс наадмын найруулагчаар хүлээж авсан байх. Таван мянган хүн цуглуулна гэдэг амаргүй. Арван жилийн өмнө би наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт найруулахдаа таван мянган хүн оролцсон, дээгүүр нь онгоц ниссэн, техник оролцсон том тоглолт хийе гэхэд хүмүүс Сүхбаатар аа, чи юу зөгнөж байна гээд шүүмжилж байсан. Гэхдээ би энэ жил хийж чадлаа. Монгол үндэстний сүүн цагаан сэтгэлийг бэлгэдэн бодож, аавынхаа “Саальчин” гэдэг бүжгийг найруулгынхаа гол санаа болгосон. Их дайнд явж ирсэн монгол цэргүүд эхийн цагаан сүү, эхийн цагаан сэтгэлд зөөлөрдөг байсан нь мэдээж” гэсэн юм. Мянган цэрэг цуглуулж хуарагнуулаад бүжгийн бэлтгэл хийлгэсэн гэж байгаа, мань эр. Цэргүүд хоёр сар шахам сургуулилж бүжиглэж сурчээ. Монголын их цэргийн дайралтыг харуулсан, ерэн жил хэн ч хийгээгүй бүжгийг тэр хүүхдүүд хийсэн гэж нүүр бардам хэлж байна лээ. Мянган хүүхдийн уран гимнастик, мянган хүүхдийн морин хуурын тоглолт, мянгаад мэргэжлийн бүжигчид бүжиглээд зогсохгүй жинхэнэ бөө нар оргиороо хэнгэрэг дэлдэн энэ жилийн наадамд хөг нэмсэн гэж нүүр бардам хэлнэ лээ. Ингэж залуу хөгшин мянга мянган хүнийг бүжиглэдгийг нь бүжиглэдэггүйтэй нь ялгалгүй бүжиглүүлж, хэнгэрэг дэлддэгийг нь дэлдүүлж, хөгжимддөгийг нь хөгжимдүүлсэн Сэвжидийн Сүхбаатарт бас нэг содон “ориг” зан байна. Лам, нам хоёрыг таатай хүлээж авдаггүй гэнэ.
Өнөөдөр шашин, нам хоёр гэж айхтар үл ойлгогдох юм байх. Орчин үеийн хүний сэтгэхүйг урвуулсан ийм юманд би дургүй, алийг нь ч шүтдэггүй. Би бол хөх тэнгэр, ногоон байгаль, эх дэлхийгээ шүтэж амьдардаг. Хүн төрөлхтөн анхнаасаа ямар ч шашнаас өмнө тэнгэрээ шүтэж, байгаль дэлхийгээ хайрлаж хүн зон болсон биз дээ. Эх дэлхий мөнх байж нар мандаж байвал хүн төрөлхтөн бид байх болно. Тэгээгүй нөхцөлд эргэлзээтэй хэмээн тэрбээр ертөнцийг үзэх үзлээ ч илэрхийлээд авав.
Авьяас билэг, эрдэм боловсрол, тэр ч бүү хэл хувийн карьер гээд эцгээсээ ихээхэн баялгийг авч үлдсэн энэ хүнээс бүжиг дэглээчийнхээ хувьд ааваасаа юугаараа ялгарч чадаж байгааг нь асуухгүй өнгөрвөл утгагүй. “Аав ардын бүжгийг мэргэжлийн бүжиг болгосон. Харин би болон миний шавь нар бүжгэн жүжиг болгож хөгжүүлж байна. Сэвжид гэдэг агуу хүн гайхамшигтай бүжиг дэглээчид, бүжигчдийг бүрдүүлж чадсан тэр уламжлалыг нь би олон жил авч явна” гэснээс Сэвжид, Сүхбаатар хоёрын ялгаа тодроод ирэх аж. Аав нь монголчуудынхаа голдуу ахуй амьдралын сэдэв рүү уран бүтээлээ хандуулснаараа хүүдээ хөндөөгүй шинэ сэдвийг үлдээсэн гэж тодотгож байна лээ. Тухайн үеийн хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээчид, зохиолчид өнгөрсөн түүх рүүгээ эргэж харах эрхгүй хавчигдаж байсан нь өнөөгийнхөнд хэрэг болж байна гэж боддог аж. Ийм “аз” тохиолоор монгол угсаа гарвалаараа бахархах үзлээ шингээсэн бүжгэн жүжгүүдээ наяад оны сүүлээр “Нарны домог” бүтээлээрээ эхэлжээ. Ийм нэгэн шинэ зам надад үлдсэн юм гэж тэр хэлэв.
“ХӨДӨӨГҮҮР ЯВЖ АЙЛД ХОНОЖ ЯВ”
Аймгуудын театр чуулгуудын мэргэжлийн бүжигчид нэг хэсэг хэцүүхэн болж ирсэн боловч одоо харин гайгүй болж ирж байгаа гэнэ. Орон нутагт ажиллаж байгаа зарим театр чуулгуудын уран сайхны удирдагч нар зөвхөн тэр нутгийнхаа хүмүүсээр юм хийлгээд байдаг учир хөгжихгүй байна. Аймаг аймгууд өөр өөрсдийн өвөрмөц онцлогийг харуулсан бүтээл хийх юм бол бусдаас ялгарч, театр, чуулгын сайн бүтээлүүд гарна. Тэгэхгүйгээр хотод хийчихсэн юмыг хуулж аваачаад хийгээд байх юм бол хөгжихгүй. Бид хөдөөгүүр явж байхад нутаг нутгийн гайхамшигт онцлогоороо бүтээл хийхгүй хуулбарлах тал харагддаг. Аймаг бүр өөр өөр ястантай, тэр өвөрмөц зан заншлаа орчин үеийн сэтгэлгээгээр баяжуулж бүтээлээ хийх юм бол давтагдашгүй сайхан уран бүтээл төрж гарна даа гэж уран бүтээлчийн хувьд бодож явдаг гэнэ. “Хөдөөгүүр явж, айл хунарт хонож өнжиж яв” гэж Сүхбаатарт аав нь захижээ. Энэ нь Монголынхоо олон ястны ахуй, оюуны соёлын олон хэв маягийг судалж бүжгээ хөгжүүл гэсэн захиас гэж хүү нь ойлгодог байна. Тиймээс аавын захиасыг умарталгүй санаж, хөдөө их явж, айлд хонож, олон өнгийн хүмүүсийг судалж яваагийн ачаар бүжгэн жүжгийн шинэ санаануудыг олж авдаг гэнэ. Монголчууд маань өргөн уудам тал нутагтаа гайхамшигтай содон өвөрмөц соёлоо авч үлдэж чадсан нь өнөөдөр намайг хооллож, Монголоо тэжээж, бидний онгодыг хөглөж байна гэж Сэвжидийн Сүхбаатар энэ мөчид хэлсэн юм. Тэр ингэж боддог юм байна.
Монгол дээл, гутлын тухай бас сонирхуулж ярьсан. Соц үед монгол дээл, гутал өмссөн хүнийг ресторанд орохыг хориглодог байсан гэнэ. Хөдөөнөөс ирсэн найзыгаа гэртээ аваачиж костюм пиджакаа өмсүүлэн ресторанд оруулж байсан түүх ч бий гэнэ. Үүнтэй адил уран бүтээл хийхэд мөн тийм байсан. Гэтэл өнөөдөр монгол зан заншлаа түүхээ сонсч болдог, дээл хувцсаа өмсч болдог ийм сайхан үе иржээ. Гэхдээ ийм үед хэт туйлширч монгол хувцасны загварыг хятаджсан, оросжсон загвар руу оруулж болохгүй. Харин үндэсний хувцсаа модерн маягаар баяжуулан загвар зохион бүтээхийг дэмждэг. Учир нь түүхэн урт хугацаанд бүх цаг үеийн хувцас үлдээгүй учраас бид өнөөдөр сэтгэхүйн уран бүтээл хийж загвар бүтээж болно гэж үздэг гэнэ. Урлагийн тухай ярихыг нь болиулах гэж хэдэнтээ хичээсэн боловч ийнхүү урлаг ярьж өнжлөө. Олзуурхууштай нь, аргагүй л их Сэвжидийн хүүгийнд өнжсөн сурвалжлага тул бидний яриа хөөрөө нэлээн өргөн хүрээг хамарчих шиг болсон. Сүхбаатар гуай “Би Монгол хүн” гэж хэлж чаддаг, тэгж хүмүүжиж чадсан хүүтэйдээ баярлаж бахархдаг юм байна. Би монгол хүн гэж хэлэхээсээ айж ичдэг, Монголоо жижигхэн улс гэж үздэг хүмүүс цөөнгүй болсон энэ цагт үр хүүхдүүдээ үндэсний үзлээрээ онцгойроход нь баярладаг гэнэ. “Би морь унахгүй, морь унаад яах юм гэж хэлж байсан УИХ-ын гишүүнийг би мэднэ. Надад тэгж хэлж байсан юм. Гэтэл тийм хүмүүс морь унахаасаа юундаа ичдэг юм, монгол хүн гэдгээсээ юундаа ичдэг юм. Гэтэл миний хүү би монгол хүн гэж Монголоо магтан дуулж, ардын бүжгийн хөдөлгөөнийг орчин үеийн стильд оруулж хөгжүүлж ирсэнд нь би баярлаж бахархаж байгаа. Мөн хүү минь улам томоожиж энэ жил өрх гэрээ татаж, гэр бүлтэй болж хатан Туулынхаа хөвөөн дээр Туул нэртэй гэргийтэй боллоо. Гуравдугаар сарын нэгэнд ач минь төрж, Амараа маань гэрийн эзэн болж төлөвшсөн эр хүн боллоо. Энэ жил миний амьдралын хөг хөглөгдөөд үнэхээр сайхан байна” гэсээр яриагаа өндөрлөв. Гэр бүлээрээ нэг сайхан зураг татуулчихаач, сониндоо тавья гэвэл том Амараагийнд цуглаад зургаа даруулчихъя, ач охинтойгоо зураг авахуулна аа гэсэн боловч сэтгэл нь хөдөлсөн аавын шийдвэр хүүхдүүдийнхээ дэмжлэгийг авсангүй. Нялх нярай амьтныг сонин дээр гаргаад яахав гэж хүү, бэр хоёр нь үзжээ. Ингээд бага хүү жижиг Амараагаас нь ойрдоо юу хийж байгааг сонирхов. Амарбаясгалант мэргэжлийн морин хуурч юм байна. Саяхан хамтлаг байгуулжээ. Гэвч гол сонирхол нь урлагийн менежмент гэнэ. Шинэ тутам хамтлагийнхаа менежментийг хийгээд, дөнгөж өчигдөрхөн анхны клипээ бэлэн болгосон, удахгүй телевизүүдээр олонд хүрэх байх гэлээ. Аав маань намайг морин хуураа тоглож, бүжгээ бүжиглэ гэсэн. Гэвч би морин хуураа ч тоглоно, бүжгээ ч бүжиглэнэ, гэхдээ урлагийн менежмент удирдлагыг ойлгож суралцмаар байна гээд байгаа” гэсэн товчхон яриа жижиг Амараагийнх. Хүү маань Амарбаясгалант хийдийн судалгаанд явж байх үед эхийн хэвлийд олдсон учраас Амарбаясгалант гэдэг нэрийг би хайрласан юм гэж аав нь хажуунаас үг нэмээд одоо би “Найрамдал” зуслан руу очих чухал ажилтай гэсэн нь намайг яв гэсэн үг бололтой.
Ийнхүү энэ өдөр монгол балетыг үндэслэгч их Сэвжидийн гэр орон нь гэж болох ҮДБЭЧ-ын бүжгийн хүрээлэн, түүнийг залгамжлагч хүү Сүхбаатарынд өнжив. Харин бүжиг дэглээчийн ачтайгаа хамт зураг татуулъя гэснийг нь хүүхдүүд нь дэмжсэн бол супер одын ач хүү “Хар сарнай”-н Амараагийнд ч очоод өнжчих шахлаа даа. Уг нь би Амараагийн улаан фэнүүдийн нэг юм сан. Ингээд мань эр арван есөн цагийн алдад “Найрамдал” зуслан руу гараад өглөө. Тэнд шинэ театр бий болж байгаа гэнэ.
Н.ПАГМА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL:














