Нүглийн нүдийг гурилаар хуурах дуртай Д.Дамба-Очир “гэртээ харих” эрхгүй
Манай сонин 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, ялалт байгуулж, өдгөө ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдээс амлалтыг нь цувралаар нэхэж байгаа билээ.
Тэр ч утгаараа манай сонины есдүгээр сарын 26, 27-ны өдрийн 185, 186 дугаарт Орхон аймгийн иргэдийг төрд төлөөлөн суугаа УИХ-ын эрхэм гишүүн Д.Дамба-Очирын тухай мэдээллийг хүргэж байсан.
Сурвалжлах багийнхан маань ч энэ удаа Орхон аймагт ажиллаж байх явцдаа иргэдийн зарим нэг төлөөлөлтэй уулзаж, ярилцах явцад бас ч үгүй “улстөржсөн” бухимдлыг төрүүлж, уурыг нь барснаа нуух юун. Тухайн үед Д.Дамба-Очир гишүүнийг Орхоноос нэр дэвших эсэх нь юу л бол доо гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.
Учир нь орхончууд өөрсдийнхөө төлөөлөл болгохоор сонгосон гишүүддээ итгэл алдарчээ. Хийнэ, бүтээнэ, өгнө, аваарай хэмээн амлаж анхаарлыг нь татаж байж УИХ-ын зөөлөн сэнтийд заларчихаад өдгөө халуун суудалдаа бөх гэгч нь унтсан мэт сураг тасарсан гэнэ. Тиймээс иргэдтэй уулзаж, гишүүдийнх нь талаар асуухад “За даа, ирэх оны сонгуульд бурхан гуйж, буян амласан ч санал өгөхгүй. Ичих булчирхайтай л юм бол эндээс нэр дэвшихгүй байх” хэмээцгээж байсан.
Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тойргийн сонгогчдодоо амласан мөрийн хөтөлбөрөө 80 гаруй хувийг нь биелүүлсэн хэмээн ихэд бардамнадаг гэнэ. Байнга тойрогтоо очиж хийсэн, бүтээсэн гэж хэлж амжихгүй болохоор арга ядахдаа Орхон аймгийн төв рүү орох гурван замын уулзварт “Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачилгаар” гэсэн томоос том самбар өлгөсөн бололтой юмдаг. Тэгж л хийсэн бүтээснээ баталгаажуулж байгаа нь юмсанж.
Тэрхүү самбарт бичсэнээр ямартай ч зургаан ажлыг УИХ-аар шийдвэрлүүлжээ. Харин эдгээр нь хэзээ цааснаас бууж, амьдралд биеллээ олох юм бүү мэд. Д.Дамба-Очирын самбартаа дурдсан зарим ажил нь түүнтэй, түүнгүй эхэлчихсэн гэдгийг нутгийн иргэд хэлдэг. Тухайлбал Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн ажлыг Д.Дамба-Очир гишүүн эхлүүлсэн гэжээ. Гэтэл энэ нь бүр социализмын үеэс яригдаж эхэлсэн, сүүлийн жилүүдэд биеллээ олж буй ажил байх юм.
Энэ мэтчилэн Д.Дамба-Очир гишүүн бусдыг хуурч сэргэлэнтэхдээ тун ч гаргууд нэгэн бололтой. Хамгийн энгийнээс нь жишээ татахад Эрдэнэт хотын төвийг гэр хороололтой холбодог засмалууд. Тодорхой хэмжээгээр хэлэхэд, тэдгээр замаас л болж гишүүний нэр нь “Там-Очир” болоход тодорхой хувь нэмрээ оруулсан шүү дээ. “Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог” гэж ёстой л үнэн үг юм даа. Нөгөө талаар иргэдийн нүднээ бэлхнээ харагдаж, өдөр тутам уур уцаарыг нь барах Эрдэнэтийн гэр хорооллын замууд түүний амлалтыг ард түмэнд эрхгүй сануулсаар “Там-Очир” гэж дуудахаас аргагүйд хүргэсэн биз. Бид урьд түүний мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дундах замуудыг засч өгнө гэсэн ч өдгөө тэдгээр зам нь суурин байтугай хөдөөгийн замаас долоон дор болсон тухай өгүүлсэн.
Тэгвэл дээрх самбарт бичигдсэн хатуу хучилттай замын ажлууд нь өдгөө дуусчихсан. Буцаад хуучин хэвэндээ орох дөхөөд байгаа юм билээ. Эндээс түүнд иргэд нь ганцхан дүгнэлт өгсөн. Тэр нь Д.Дамба-Очир гишүүн “Юм хийдэггүй биш. Хийдэг. Гэхдээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр ямар ч зүйл байсан гурилдаад л өнгөрдөг” гэж байх юм. Түүнийг нь баталсан эвдэрхий зам Эрдэнэтийг тойроод зөндөө бий. Одоо ч яах вэ, өвлийн улиралд шороо тоос босохгүй, замын эвдэрхийг цас орж, бөглөөд эрхэм гишүүний чих амар л байгаа биз.
Ирэх оны сонгуулиас урьтаж яргуй нүдлэн, хавар болно. Тэр цагт Д.Дамба-Очир гишүүний зэхсэн “там” орхончуудыг дахиад л өдөр, шөнө, өглөө, оройгүй шороон дундуур шогшихоос аргагүй болгоно.
Мөн босгосон самбартаа “Уул уурхайн цогцолбор сургууль, оюутны хотхон байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргуулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэв” гэжээ.
Түүний энэ ажлын суурь нь Орхон аймагт 1975 онд Эрдэнэт үйлдвэрийн нэг хэсэг болон байгуулагдсан сургалтын төв бололтой. 1996 оноос ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон өргөжсөн. Одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад уул уурхайн компанийн захиалгаар мэргэжилтнүүдийг нь бэлтгэж буй эрэлттэй сургуулиудын нэг болчихоод байгаа. Угаасаа уурхайд түшиглэн байгуулагдсан энэхүү сургуульд мэргэжилтнээ захиалж буй компаниуд нь сургалтын тоног төхөөрөмж гэх зэргийн шаардлагатай зүйлийг нь хамтын ажиллагааныхаа хүрээнд бүрдүүлээд өгчихдөг юм билээ.
Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага, үүргээ ухамсарлаж чадвал хийж, бүтээж болдгийг эрхэм гишүүнд бусад компани үлгэр дууриал болохоор харуулаад байхад ичих ч үгүй суугаад байгаа нь тун ч хачирхалтай.
Тиймээс сонгогчдынх нь захиасыг дайхад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир та 2008 оны “гэрийн даалгавраа” дөрвөн жилийн хугацаанд хийж амжаагүй болохоор гэртээ харих эсэх тань тодорхойгүй болчихсон байна лээ гэсэн шүү.
Дараагийн дугаарт Ардчилсан намаас сонгогдсон Д.Одхүү гишүүний амлалтыг нэхэн сануулна.
URL:













