Хувийн эмнэлгүүдийн булхайг илрүүлжээ

Хүнд суртал, оочер дугаараас залхсан иргэд хувийн гэх тодотголтой эмнэлгүүдээр үйлчлүүлсээр багагүй хугацаа

өнгөрчээ. Зөвхөн мөнгөтэй, боломжтой хүмүүс л хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг гэсэн сэтгэлгээ өөрчлөгдөхийн хэрээр янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн тоо олширсон. Энэ бүхэнд хяналт тавих үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хувийн хэвшлийн ортой 72 эмнэлэгт шалгалт хийсэн байна.

Нийслэлийн хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд нь дотор, мэдрэл, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дурангийн мэс засал, уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Хувийн хэвшлийн эмнэлгүүд нь 10-300 ортойгоор үйл ажиллагаа явуулж байхад эдгээрийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандартгүй байгаа нийтлэг дутагдал илэрчээ.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд 21 ороор тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байхад “Найрамдал” эмнэлэгт орны тоо, зөвшөөрлийг хэтрүүлэн нэмж өвчтөн эмчилж байгаа, мөн “Ачтан” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг “Анухаймед” гэх эмнэлгээр гүйцэтгүүлж байгаа, “Номуун” эмнэлэг тусгай зөвшөөрөлд заагдаагүй хүүхэд, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн 21 орны зөвшөөрөлтэй “Амарсанаа гүнж” эмнэлэг уламжлалт, дотор, мэдрэл, хүүхдийн өвчний эмчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бүрдүүлээгүй хэр нь орны тоог 50 болгон нэмэгдүүлжээ. “Ионсей” ХХК-ийн “Ионсей Найрамдал” эмнэлгийн салбар гэх “Агапэ” нэртэй эмнэлгийг эмзэг бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллуулж байжээ. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн хэрэг аж.

Мөн эмчлэн, сувилах эрхийн гэрчилгээний зөрчилтэй цөөнгүй хүн байгаа нь шалгалтаар тогтоогдсон байна. Тухайлбал, “Номуун” эмнэлгийн их эмч н.Гэнэндармаа, сувилагч н.Наранцэцэг, “Гурван гал” эмнэлгийн их эмч Ц.Базармаа, Д.Оюунчимэг, “Амин-Эрдэнэ” эмнэлгийн их эмч н.Содчимэг, сувилагч н.Хулан, “Баянгол” эмнэлгийн н.Балжинням, н.Мөнхтуяа, н.Оюунтуяа, н.Энхмандал, н.Дэлгэрмаа, н.Очирчимэг нар, “Ачтан” эмнэлгийн их эмч н.Булгамаа, н.Золзаяа, н.Мөнхдэлгэр, н.Цэндсүрэн, н.Энхбаяр, сувилагч н.Отгон, н.Оюунчимэг, н.Мөнхзаяа, н.Наранцэцэг, н.Болормаа нарын эмчлэх, сувилах эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байжээ. Мөн их эмч Мөнгөнцэцэг хүүхдийн эмчийн нарийн мэргэжлийн дипломгүйгээр хүүхдийн эмчээр ажиллаж байсан, их эмч н.Баярмаа лабораторийн эмчийн мэргэжил эзэмших курсэд сурч байгаа хирнээ лабораторийн их эмчээр ажиллаж байгаа зөрчил илэрсэн байна.

Багагүй өртөгтэйд тооцогдох “Гурван гал” эмнэлэгт мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтөн очжээ. Гэвч мухар олгойн хурц үрэвсэлийн шинж тэмдгүүдийг тодорхойлж чадаагүй байна. Ингээд зогсохгүй өвчтөнг эмнэлэгт очсоноос хойш 10 цагийн дараа хагалгаа хийжээ.

Эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх талаар хангалтгүй ажиллаагүй, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй байна. Мөн эмнэлгийн ажилчдад хийгддэг нян, шимэгч, вирус тээгч илрүүлэх шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. “Энхжил”, “Сүйжин”, “Мишээл”, “Түмэншанд”, “АВМА”, “Мөнх-Оньч” эмнэлгүүд хог хаягдлаа зааврын дагуу ангилаагүй, хог хаягдлын сав, уутаар хангаагүй, хурц үзүүртэй, иртэй хог хаягдлыг зориулалтын бус хайрцагт цуглуулсан зэрэг зөрчилтэй байжээ.

“Мон мэс” мэс заслын эмнэлэг нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лиценз аваагүй сувилагч шинээр авч ажиллуулсан, тавдугаар сард эмч н.Жаргалсайхан болон н.Наранбаатар нарыг захирлын тушаал, гэрээгүйгээр мэс заслын хагалгаанд удаа дараа оруулсан тул 2.1 сая, хяналт шалгалтаас зайлсхийсэн “Оточ өөдий” эмнэлгийн захирал н.Гончигжавт 561 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, нийт таван сая төгрөгийн торгууль тавьж, 100 хувь барагдуулжээ.

А.Ням-Өлзий

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих