Ирэх даваа гарагаас эхэлж нийтийн тээврийнхэн тэг зогсолт хийж магадгүй
Энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл гэж байна уу. Улстөрийг тойрсон асуудал өндрөө авч, ЖДҮХС-гийн зээлийн асуудал хүчээ авч, одоо бүр Засгаа унагахаар улайрсан үйл явц ид өрнөж байгаа энэ үед нийтийн тээврийн салбарынхан шатахууны үнийн нэмэгдлээр шантааж хийж, үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд нөхцөл байдал, шатахуун түлшний үнэ өссөн энэ үед алдагдалтай ажиллаж байгаагаа Том оврын тээврийн автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ.
Мэдээллийн эхэнд тэд “2017 оноос эхэлж нэмэгдсэн дизель түлшний үнэ өнөөдөр 2930 төгрөгт хүрсэн учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болсон” гэв.
Нийтийн тээвэр смарт картны үйлчилгээнд шилжсэнтэй холбоотойгоор шатахууны зардлыг төрөөс даахаар болсон. Энэ салбар бизнес байснаа болиод нийгмийн захиалгат үйлчилгээнд шилжсэн. Хотоос нийслэлийн Тээврийн газар, Хотын ерөнхий менежер багтсан Ажлын хэсэг гарч, дизель түлшний үнийг 1900, ам.долларын ханшийг 2450 төгрөгөөр тооцож, том оврын автобусны нэг машины цагийн зардлыг 36.540 төгрөг болгосноор 2018 онд 17.4 тэрбум төгрөг нэмж шаардагдана гэсэн тооцоо гаргасан.
Гэтэл 2018 оны тавдугаар сард гарсан дүгнэлт одоог хүртэл холбогдох албан тушаалтнуудад хүрээгүй, шийдвэрлэгдээгүй байна. Хотын удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн ч албан ёсоор хариу өгөөгүй. Нийслэлийн орлогч дарга, Тээврийн газрын дарга нартай уулзсан. Нийслэлээс энэ онд багтааж нөхөн төлбөр олгоно гэсэн. Гэвч чимээ алга. Нийтийн тээврийн үйлчилгээ доголдвол хариуцлагыг хувийн компаниуд үүрэхгүй” гэж ярилаа.
Манай компани долоо хоног бүр “Петро Стар” ХХК-аас 150 тонн шатахууныг баазууд дээрээ хуваагаад татчихдаг. Гэтэл шатахуун нийлүүлэгч компанийн зүгээс ирэх даваа гарагийг өнгөрөөх үү, үгүй юу хэмжээний бага түлш өгсөн. Мөн тухайн компаниас цаашид манай компанид түлш нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Хувийн хэвшлийн бусад компанид ч дээрх мэдэгдэл ирсэн байгаа. Ер нь улсын буюу зорчигч тээврийн нэгтгэлийн нэг болон гуравдугаар компани хүртэл өрөнд орчихоод байна. Нийтийн тээвэр зогсох биш давхар нийлүүлэгч компаниуддаа хүртэл санхүүгийн хүнд байдалд оруулах хэмжээнд байдал хүндрээд байна. Ерөнхий сайд түлшний үнийг барихгүй зах зээлийн жамаар яваг гэж хэлж байсан. Тэгвэл нийтийн тээврийг зах зээлийн жамаар л явуулаачээ. Яагаад нийтийн тээврийг боомилж зогсоогоод эцсийг нь хүртэл явуулах гээд байгаа юм.
Хэрэв нийтийн тээвэрт доголдол гарах юм бол бид хариуцлагыг хүлээхгүй шүү гэдгээ мэдэгдье” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
URL:




