Улаанууд санасандаа хүрч, цэнхэрүүд арга мухардав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан нэлээд ширүүхэн болов. Энэ удаагийн хуралдааны эхэнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Уг хуулийн гол утга нь зарим агентлагийг орон нутагт байрлуулах тухай байв. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт 50 гаруй агентлаг хамрагддаг аж.

Харин хэлэлцүүлгийн үеэр хамгийн их шүүмжлэл дагуулж байсан асуудал бол агентлагуудыг нийслэлээс гаргах нь үйл ажиллагааных нь хамрах хүрээг хумьж, төрийн алба цалгардах магадлалтай гэсэн байр суурь илэрхийлэх гишүүн олон байв. Иймээс агентлагуудыг үйлчилгээ үзүүлэхэд ойр газарт байршуулах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд “Хуулийн өөрчлөлттэй холбогдуулж 2012 оны сонгуулийн дараа байгуулах шинэ Засгийн газарт агентлагуудын байршлыг тодорхой зааж, аль болох олон агентлагийг нийслэлээс гадна байгуулахыг үүрэг болгох хэрэгтэй” гэсэн горимын санал гаргасан юм.

Гэвч энэ саналыг өмнө нь Засгийн газар хүлээн авахаас татгалзсан талаар хууль санаачлагч тодруулсан. Мөн энэ өдөр Н.Батбаяр нарын 30 гаруй, Д.Энхбат нарын 15, Д.Дамба-Очир нарын таван гишүүний санаачилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг болон 60 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв.

Энэ үеэр зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд, гишүүдийн дунд багагүй маргаан, мэтгэлцээн өрнөсөн. Тухайлбал, Д.Дамба-Очир, Д.Загджав нарын гишүүд хуучин хот байсан газруудыг сэргээн, “эцэг” хуульд хот гэсэн статусыг оруулж өгөх хэрэгтэй гэж байлаа. Харин гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн заалтад буруу зүйл байхгүй.

Хот гэсэн үг алга болсноос хотынхны байдал хохироогүй. Үүнийг хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар зохицуулж байгаа. Хот гэдэг засаг захиргааны нэгжтэй улс орон байхгүй. АНУ-ын Лос-Анжелес сум гэж байна. Тэр сум 87 хоттой. Засаг захиргааны нэгж нь сум байдаг.

Үйлчилгээ нь хотуудаараа дамжиж хүрдэг” талаар дэлгэрэнгүй илтгэсэн. Харин энэ зуур Э.Бат-Үүл гишүүн нэлээд бухимдангуй санал гаргасан гишүүдийг Үндсэн хуулиа мэдэхгүй байна хэмээн зэмлэж харагдсан. Ямартай ч улс орны нутаг дэвсгэрийг засаг захиргааны нэгжээр нь хуваадаг. Хотыг энэ нэгжид оруулдаггүй аж. Тэрбээр гишүүдийг “Үндсэн хуулиа ойлгохгүй байж зэрэмдэглээд, одоо дахиад нэмэлт оруулах гэдэг нь юу вэ.

Монголд уул уурхай хөгжиж гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хотжилт үүсэх гэж буй энэ үед нутаг дэвсгэрээ дахин хуваарилж болохгүй. Хот нэрээр салан тусгаарлалт эхэлнэ шүү. Компанид үйлчилдэг засаг захиргааны нэгж болох гээд байна. Зарчмын хувьд эсэргүүцэж байна” гэлээ. Ийнхүү нэг гишүүний санал танхимдаа үлдэж, бултаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг илтгэж байв.

Хуралдааны төгсгөлд Н.Батбаяр нарын гишүүдийн санаачилсан Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төсөл бүр ч их маргаан дэгдээв. Төсөл Монгол Улс Манжийн 220 жилийн дарлалаас чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг бүх нийтийн амралтын өдөр болгох, цаашдаа арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээрээ амарч байх, тусгаар тогтнолын 100 жилийн ойг онцлон бөхчүүдэд улсын цол олгох зэрэг агуулгыг багтаажээ.

Гэвч тус байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн гишүүд уг асуудлыг хэлэлцэх үед гарч явсан нь маргааныг дэвэргэх шалтгаан болсон. Тэд баярыг дэмжих боловч бөхөд цол олгох хэрэггүй гэж үзжээ. Тусгаар тогтнолын 100 жилийн ойг онцгойлон үзэж бөхчүүдэд улсын цол олгох асуудлыг эрхэм гишүүн, үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Бөхийн холбооныхон дэмжихгүй байсан юм. Гэвч Н.Батбаяр нарын гишүүд онцгой тохиолдол тул цол олгох ёстой хэмээн маргалдсаар санал хураасан ч дэмжлэг авсангүй.

Үүнээс болж АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “МАН-ынхан тусгаар тогтнолыг дэмжихгүй байж ордондоо Тусгаар тогтнол хэмээн нэр өгсөн нь буруу” хэмээж суусан. Түүнчлэн энэ үеэр Б.Бат-Эрдэнэ аваргыг Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор цол авсан нь цагаа олоогүй юм байна л даа хэмээн цэнхэрүүд ёжлонгуй айлдсан нь аваргын бухимдлыг хүргэв. Тэрбээр “Цолоо тэгвэл буцаагаад авахгүй юу” хэмээн уурсаж суусан.

Харин энэ үеэр Г.Батхүү гишүүн саналаа цаасаар өгөөд асуудлыг орхиод гарсан МАН-ын гишүүдийг Дэгийн хууль зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд хандахаа ч мэдэгдэж байв. Ийнхүү МАН-ынхан олонхиороо давамгайлж, уг хуулийн төслийг унагаж чадсан. Харин АН-ынхан “Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмждэггүй юм байна, энэ улаанаад” хэмээн бухимдацгаан байнгын хорооны хуралдааныг завсарлуулсан юм.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих