Дарга нарын бичил уурхайчдын “дархан эрх”
ЖДҮХС-ийг мөнгийг УИХ-ын гишүүд өөрийн эхнэр болон дүүгийн компанидаа хэдэн тэрбумаар нь авч өгсөн эрх мэдэлтнүүдийн жагсаалт хөвөрч байгаа энэ үед бичил уурхайчдын нөхөн сэргээж ашиглах газрыг дарга нарын бичил уурхайчид техникийн давуу байдлаар булааж ашгийг нь хэдэн гэр бүлээрээ хуваан идэж байгаа дүр зураг алтны шороон болон үндсэн орд ихтэй Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт гарсан байна. Энэ нь бичил уурхайчдаар дамжуулан алтны олборлолтыг нэмэгдүүлж гадаад валютын нөөцөө тэтгэх гэсэн Засгийн газрын 151 дүгээр журмын хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг гэрчилж буй. Тухайлбал, Баянхонгор аймагт гэхэд Засгийн газрын 151 дүгээр журмаар бүртгэлтэй 46 нөхөрлөл байгуулагдсан байна. Энэ онд бичил уурхайн зориулалтаар ашиглах 21 газарт зөвшөөрөл олгож дүгнэлт гаргажээ. Гэвч жинхэнэ ажиллах ёстой бичил уурхайн нөхөрлөлөөс нэг ч байгууллага тухайн газарт орж ажиллаж чадаагүй. Харин дарга нарын байгуулсан мөнгөтэй бичил уурхайчид ажиллажээ. Жишээлбэл, тус аймгийн барилгын компанитай Э нь Баян-Овоо суманд өгсөн 10 газарт АМГТГ-аар дүгнэлт гаргуулж том техникээр ашиглалт явуулж олборлолт хийсэн гэж эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, журмаар халхавчилсан тонуул энд болжээ гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмаар бичил уурхайчид зөвхөн 3500 см3 хүчин чадалтай дотоод шаталтын хөдөлгүүртэй бага оврын жижиг техник буюу “унагалдай”-г ашиглаж гар аргаар олборлохыг тусгасан. Гэтэл ямар ч бүртгэлгүй эсвэл нөхөрлөл байгуулсан нэрээр ашиглалт болон хайгуулын лицензгүй иргэд 151 дүгээр журмыг ашиглаж заасан техникийн хүчин чадлаас илүү техник болон мөнгөөр бичил уурхайчдын нөхөн сэргээх газарт хүчээр дайран орж үйл ажиллагаа явуулсан нь ЖДҮХС-гийн мөнгийг дарга нар хуйвалдан авсантай ижил зүйл болоод байгааг бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөлийн гишүүд ярьж байв. Тэд “Манай нөхөрлөлийн гишүүд 10 жил бичил уурхай эрхэлж байна. 151 дүгээр журам бол биднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гар аргаар олон жил шороо ухаж ирсэн байдлыг харгалзан бага хүчин чадалтай техник ашиглаж бичил уурхай эрхлэх боломж олгосон сайн журам. Гэтэл мөнгөтэй хүмүүс энэ журмыг ашиглаж газар болон техникийн дүгнэлтийг аймаг, сум, холбогдох яам, агентлагийн газрын дарга нартаа ашгаа хуваах байдлаар үгсэн хуйвалдаж бидний газрыг булааж авч үйл ажиллагаа явуулсан. Зарим бичил уурхайчид дүгнэлт гаргасан газартаа ажиллахын тулд 30 сая төгрөгийн зээлээр “унагалдай” авсан ч биднийг тухайн “техникжсэн нинжа” бүхий компаниуд оруулаагүй. Эдгээр компанийн гишүүд нь дарга нарын ах дүү, хамаатан садангаас бүрддэг. Тэдний ашиг өөрсдийнх нь болон дарга нарын халаасанд ордог” хэмээн ярьсан юм. Бусад алтны ордтой бүх аймагт ийм зүйл болсон талаар эх сурвалжууд өгүүлж байна.Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа “Манай аймагт зохион байгуулалтад орсон 500 гаруй бичил уурхайчинтай. Бүртгэлтэй нөхөрлөл, хоршоонууд Мандал, Баянгол, Ерөө, Орхонтуул суманд байгуулагдсан. Эдгээр сумын 20 гаруй шороон ордыг бичил уурхайчид ашиглах дүгнэлт гарсан. Гэтэл Ерөө суманд эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн бичил уурхай нэртэй том техниктэй компани үйл ажиллагаа явуулсан. Жирийн бичил уурхайчдыг оруулахгүй зөрчилдөөн үүссэн. Үүнээс болж жирийн бичил уурхайчид техникжсэн нинжа хэлбэрээр ажиллаж байна гэсэн мэдээлллийг нийгэмд түгээсэнд харамсаж байна” гэж байлаа. Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвөөс гурван км зайтай “Шаврын гол” хэмээх газарт нөхөрлөл нэртэй техникжсэн том компани энэ оны дөрөвдүгээр сараас есөн сар хүртэл нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлосон. Тус газар нь голын эх ундаргатай. Сумын иргэд болоод бичил уурхайчид аймаг, сумын удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тэд нэг ч удаа авч хэлэлцээгүй. Үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Алтыг нь аваад дууссаны хойно буюу дөрвөн сарын дараа зогсоосон нэртэй бичиг үйлдэж хууль бус үйлдлээ хаацайлсан” хэмээн иргэн М.Алтангэрэл мэдээлсэн. Ууланд зөвшөөрөлгүйгээр нэг мод огтлоход тухайн этгээд, аж ахуйн нэгжийг ойн хуулиар торгож техникийг хураан авч улсын орлого болгодог. Тэгвэл журамд заасан үзүүлэлтээс давсан техникээр алт олборлосон хувь хүн, нөхөрлөл, хоршоог яагаад торгож болохгүй гэж. Техникийг нь хураан авч улсын орлого болгох журмын хэрэгжилтийг хангаагүй дарга нарт хариуцлага тооцдог заалтыг 151 дүгээр журамд орхигдуулсан. Тиймээс журамд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан дээрх саналыг боловсруулж ажлын хэсэгт хүргүүлсэн талаар Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа ярьж байв. Одоогийн байдлаар журмын дагуу 15 аймгийн 45 суманд 6300 нөхөрлөлийг зохион байгуулалтад оруулаад байна. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хэрэгжилт, хяналт ихэнх аймагт сул байгаагийн сацуу тус журмыг хэрэгжүүлж хяналт тавих, гэрээ байгуулдаг орон нутгийн удирдлагууд ч өөрсдөө хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа нь дээрх баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, дарга нар өөрсдийн байгуулсан бичил уурхайчиддаа дархан эрхтэй байхыг хангасан гэж болно. Гэхдээ журмын дагуу бичил уурхайчдаа дэмждэг, хариуцлага, хяналтаа тавьдаг аймгийн удирдлагууд байгааг үгүйсгэхгүй.
URL:













