Бөө болсон иргэд өөрсдөө “бөө” төрүүлж шархаа нөхдөг үү?

Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх байлтай.

Гэтэл чиний заяа төөрөг бөө л юм байна гэсэн мухар сүсгээр далайлгагчид олширчээ. Түүнчлэн бөө нэрийдлээр гэмт хэрэг үйлдэгчид ч элбэгшив. Бөө гэдэг дээд ертөнцийг мэдээллийн санд холбогдох чадвартай энергийн хүчтэй урсгал бүхий чадамжтай хүмүүсийг хэлдэг гэлцдэг. Үнэн чанартаа “үхэгсэд”-тэй үгсэн тохирч хүний оюун ухаанд муйхар бодол төрүүлдэг мунхаруулагчид юм. Монгол хүн бүхэн бөө болох ёстой гэж үү.

Удам угсаагүй хүн гэж үгүй. Харин удам дамжсан бөө гэж дуулснаас биш, дуртай нэг нь бөө болдог гэж мэдэхгүй л юм байна. Өвөг дээдэс минь улаан коммунистууд байснаас биш мөнх тэнгэрийн ангуучид байгаагүйг түүх гэрчилнэ. Элдвийн юм харж, энд ч үхэл хагацлыг зогсоож, тэнд ч өвчин шаналалыг эдгээж байсан гэхээсээ илүү мэдлэгтэй мундаг бурханы шавь нарт итгэдэг байсан үе саяхан.

Бөө гэдэг үгийг хэлэх нь байтугай “бөө” гэж юу байдгийг ч мэдэхгүй байсан даа. Толгойтой бүхэн лам болж тангад үсэг уншихаараа хамба болдог байсан. Гэтэл одоо маанийн үсгээ мартаж тэнгэрийн улаач нарт итгэх болов. Орчин үед мэндэлсэн хэн ч болов онгодтой болсон гэхэд хилсдэхгүй. Бүүр өнөөх атаа таван тэнгэрийг эзэгнэж ангууч нэрийг нь ад зэтгэр болгож яваа хэсэг ч байх юм. “Хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй” гэдэг. Тэгвэл бөө бүхэнд итгэх аргагүй болж. Зарим нь ашиг хонжоо хайж бөөгөөр бизнес хийж байхад нөгөөх хэсэг нь бөө нэрийдлээр хүний амь нас бүрэлгэж хуулиас гадуур жаалж явна.

Дэлхий нийтээрээ даяаршиж техник технологи хөгжсөн эрин үе рүү алхалж буй. Гэтэл бөөгийн шашин ч даяаршин хөгжсөөр нэг айлд 2-3 бөө төрж, хамтлаг дуучдаас нь авахуулаад улс төрийн удирдлагууд нь ч бөөг тахин шүтэх болцгоож. Ёстой л нөгөөх мөнх тэнгэрт “арын хаалга” гэж байдаггүй нь л энэ байх. Хэдхэн сарын өмнө хотыг хогноос нь салгахаар зориг шулуудсан байгууллагууд Туул голын орчимд их цэвэрлэгээ хийсэн. Тухайн үед бөөгийн тахилга шүтлэгтэй модыг ч цэвэрлэж байсан юм. Гэтэл хаа дайралдсан газарт уяж орхисон бөө нарын хадаг л гэхэд хоёр машин шахуу гарчээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Онгод нь орсон бөө тагтнаас үсэрчээ”, “Бөөгийн нэрээр залилан хийжээ”, ” Бөө хүний аминд хүрэх шахлаа”,”Бөө хүний биед халджээ”… гэх мэт саар мэдээлэл хөвөрнө. Хүний мэдлээс байтугай хүчнийхний мэдлээс гарчихдаг бөөгийн бизнест хүн ард минь итгэсээр байх хэрэг үү. Бөө боллоо гэхэд бөөн шаталт тохионо. Бөөгийн хэрэгсэл гэгдэх хэнгэрэг цохиур нь хэдэн саяын үнэтэй.

Эл байдлыг нь овжин наймаачид сүйхээтэй ашиглаж бөөгийн хувцас хэрэгслийн үнийг тэнгэрт хадаана. Байдгаа шавхаж бөө болсон иргэд өөрсдөө бөө гэгчийг төрүүлж шархаа нөхөхөөс өөр аргагүйд хүрдэг тухай мэдээлэл ч байдаг. Энэ нь хатуу ч гэсэн үнэний ортой юм. Нэг үгээр хэлбэл, сүлжээний бизнесийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй явдал аж.

Одоогоос хэдэн жилийн өмнө юм даг. Нэгэн бөө сахиусаа буулгаж байхыг харсан юм. Гэтэл өнөөх бөө хаа хамаагүй хүмүүсийг ташуурдаж зодох нь хачирхалтай санагдаж байсан. Учир явдлыг асуувал тэр хүнд албин чөтгөр шүгэлсэн байсныг үргээж буй хэрэг гэнэ. Мөн хүнийг халуун усанд хийж шалзалж алсан хэрэг ч гарч байжээ. Эх сурвалжийн мэдээллээр тухайн засал хийлгэгчийг халуун ууранд суулгаж засал хийлгэсэн аж.

Гэтэл халуун чулуун дээр ус хийж улмаар уур гаргасан гэнэ. Энэ үед хохирогч “амь авар” хэмээн гуйж байсан ч үл тоосон байдаг. Энэ мэт бусдын амийг үл тоогч бөө нарт хариуцлага тооцох нь ховор. Саяхан нэгэн эмэгтэйг айлд сууж байхад нь бөө зодож улмаар ээмэг, бөгжийг нь тайлж авсан ч хэрэг бий. Энэ мэтээр сүсэг бишрэл нэрийдлээр хүний амь хөнөөж, эд зүйлсийг нь дээрэмдсээр байх уу. Хараа хяналтгүй цэцэглэн хөгжиж буй бөө нарт хариуцлага гээчийг чангахан шиг тавьдаг болмоорсон. Бид дараагийнхаа дугаарт бөөтэй холбоотой хэргүүдийг цувралаар хүргэх болно.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих