Хотын гэрлэн чимэглэл, ногоон гацуурыг хугалахаа болъё

Хүн бүрийн сэтгэл хамгийн ихээр хөдөлдөг, шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр болоход 5 хоног үлдээд байна.

Энэ баярын уур амьсгалыг нэмж, хотын төв хэсгүүдийг чимэглэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу хотын төв талбайд баярын сүлд мод 50 гаруй сая төгрөгөөр засчээ. Хэрвээ худалдаж авсан бол үүнээс 3 дахин илүү хөрөнгө зарах байсан байна.

Монгол инженерүүдийн ур ухаанаар зардал хэмнэсэн гэж хотын удирдлагууд хэлж байна.

Мөн албан байгууллагууд ч үүдэндээ сүлд мод засч, хотод  өнгө үзэмж нэмж байгаа. Гэтэл хаанаас нь ч харсан сэтгэл хөдөлгөж, баярын жавхаа нэмсэн сүлд мод, гэрлэн чимэглэлүүдийг урт гартнууд тэсгээхгүй сандаргаж байгаа гэнэ. Зассан модных нь мөчрийг хугалаж, гэрлэн чимэглэлүүдийг таслаж, ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа талаар албаныхан хэлж байна.

Их хотын соёлтой иргэд гэж ярих мөртлөө энэ мэт ичмээр үйлдэл гаргаж байгаа нь иргэдийн өөрсдийнх нь ухамсар дорой байгаагийн шинж гэж хэлэхэд илүүдэхгүй. Тиймээс жилдээ ганц болдог энэ баяраараа утаатай хотод баярын уур амьсгал төрүүлж байгаа ногоон гацуураа ядаж хугалж хулгайлахгүй байхыг албаныхан гуйж байна. Бүр арга ядаад төв талбайд байгаа ганц модоо 24 цагийн харуул хамгаалалттай сахиж байгаа гэдгээ ч дуулгаж байна. Энэ мэт хийж гийгүүдэггүй юм аа гэхэд хийсэн нэгнээ хүндэтгэдэг байх ухамсар суух цаг нь ирснийг энэ сурвалжлагаар хэлэхийг зорьсон юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих