Хакухо хүүгээ сумоч болгоно гэжээ
Мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит хүүхдийн сумогийн тэмцээн Японд хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хакухогийн нэрэмжит олон улсын хүүхдийн сумогийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн Осака хотод зохиогдсон юм. Тэмцээнд 600 гаруй хүүхэд оролцсон. Харин Монголоос найман хүүхэд өрсөлдсөн бөгөөд тэд багаараа “Хакухогийн нэрэмжит” цом, мөнгөн медаль хүртэж, тавдугаар ангийн сурагчдын ангилалд Б.Одхүү аваргаллаа. Энэ удаагийн тэмцээнд БНСУ-аас хүүхдүүд ирж оролцсон нь шинэ үзэгдэл болсон бол эмэгтэй хүүхдүүд барилдсан нь содон байв.
Монголын багийг ахалсан “Кёкшюү” дэвжээний дасгалжуулагч М.Цолмонбаяр “Манайхан Японы хүүхдүүд шиг байнгын сургуулилттай байдаггүй мөртлөө гурван сар бэлтгэл хийгээд л ийм сайхан амжилт үзүүлсэнд сэтгэл хангалуун байна” гэж байсан юм. Сумоч Тоёоношима “Эхний тойргийн барилдааныг харж байхад монгол хүүхдүүд сул ч юм шиг санагдаж байсан. Гэтэл тэд медалийн төлөө тунаж үлдсэнд гайхаж, аргагүй л монгол бөх юм даа гэдгийг мэдэрлээ.
Тэд дуулгавартай, их хөөрхөн. Үг сайн сонсоно гэдэг бөх хүнд байх ёстой нандин чанар юм” гэж тэмцээний үеэр сэтгэгдлээ хуваалцсан билээ. Их аварга Хакухо түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын үеэр хүүгээ том болохоор нь энэ тэмцээнд барилдуулж, бөхийн удмаа үргэлжлүүлэх болно гэж амласан юм. Түүний хүү нь одоо гурван настай аж.
Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ
URL:




