Цагийн юм цагтаа буюу цастай өвлийг хүсэмжлэх нь
Цагийн юм цагтаа, цасгүй дулаахан байна гэж олзуурхах хэрэггүй. Идэр ес эхлэх гэж байхад ингэж нялцагнах сайн юм биш, өдийд цас жавар хоёр нь тачигнаж байвал тэнгэр хангай өөрийн араншингаараа байгаагийн шинж байх ёстой. Энэ дулаарал сайн гэхээсээ илүүтэй саар үр дагавар л авчирна гэцгээж байна.
Өвгөдийн үг үнэнээс нэг их хол зөрөхгүй дээ. Үүнээс улбаалан дэлхийн дулаарлын талаар зарим нэг мэдээ баримтыг сонирхож үзлээ. Үүнийгээ Монгол орныхоо нөхцөл байдалтай уяж уялдуулж харлаа.
Явж явж дэлхийн дулаарлын үр дагавар хамгийн эрчимтэй ажиглагдаж байгаа газар орон бол Төв Азийн өндөрлөг тэр дундаа Монгол орон юм байна.
Монголчуудыг улс төрийн хэрүүл тэмцэл хийж талцаж, гарын үсэг цуглуулж гүйлдэж байх зуур нутаг орныг маань хамарсан экологийн доройтол жил улирлаар бус сар өдрөөр эрчимжиж байх шиг. Дээр нь Монгол хамгийн хариуцлаггүй уул уурхайтай орон болохоор энэ доройтолд жинхэнэ ташуур болж байж мэднэ.
НҮБ хэдэн жилийн өмнө Монгол орны цөлжилтад судалгаа хийжээ. Тэр судалгааны тайланд “Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь мал ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тоооцогдох экологийн доройтлыг үүсгэж, ирэх хэдхэн арван жилд нийт газар нутгийнх нь 80 хувь нь бүрэн цөлжилтөнд өртөж, энэ нь тус улсын УСНЫ ХОМСДЛЫН ГОЛ ШАЛТГААН болно” гэжээ
Усны хомсдол. Аймаар сонсогдож байна. Уух усгүй бол тонн тонноор алт байгаад ч улаан голоо дэвтээж чадахгүй. Өнөөдөр дэлхий нийтэд нүүрлэж байгаа эколгийн цагаачлал үндсэндээ усны хомсдлоос үүдэлтэй.
Монгол улс усны нөөцөөрөө дэлхий нийтэд дундуураас доош эрэмбэлэгддэг. Удахгүй уух ус газрын тосноос үнэтэй болсон байвал гайхах зүйлгүй мэт. Уул уурхай дагасан усны хэрэглээ үлэмжхэн өсч байгаа төдийгүй Оюутолгойд газрын гүний усыг ашиглаж байгаа нь говь нутгийг хуурай цөл болох явцыг эрчимжүүлж мэдэх юм.
2007 оны бүртгэлээр Монгол орны хэмжээнд гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн гэх тоо баримт байна.
Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос наанадаж 30 орчим хувиар багасчээ.
Судлаачдын хэлж байгаагаар дэлхийн дулаарлын нөлөө Монгол оронд 1970 оноос ажиглагдаж эхэлжээ. Дулаарлын нөлөөг илэрхийлэх гол үзүүлэлт болох агаарын дундаж хэмийн дулаарал 1985 онд 0 градус байсан бол 2005 онд +10С, 2011 онд +20С буюу дэлхийн дулаарлын дундаж хэмийн өсөлтөөс 0,5-1 хэм илүү байгаа нь экологич эрдэмтдийн сэтгэлийг маш ихээр түгшүүлж байна.
Манай орны хувьд сүүлийн 60 жилд цөлжилт эрс нэмэгдэж элсний нүүдэл 350-450 км –ээр хойш нүүсэн байна. Иймэрхүү янзаар цаашид цөлжилтийн шинж тэмдэг элсний нүүдэл 20 жил тутамд 150 км-эр нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл тууштай арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэхгүй бол 20-40 жилийн дараа Монгол орны нийт газар нутаг элсний нүүдэлд дарагдаж болзошгүй юм.
Энэ өвлийн дулаахан байгаа нь цаанаа байгаль экологийн доройтлын нэг илэрхийлэл байж мэдэх юм. Хөдөө нутаг, ялангуяа говь хээрийн аймгуудын газар нутаг малын хар туруу цасгүй байна гэж нутгийнхан ярилаа.
Одоо ес эхлэхэээр эрхбиш хүйтэрч таарна. Харин цас орохгүй бол жинхэнэ харын зуд болно хэмээн хөдөөгийн хашрууд ярьж байна билээ. Хэр хэмжээндээ таарсан цастай байвал мал амны устай, агаар чийгтэй цэнгэг, цаг улиралдаа тохирсон жавартай байдаг. Ийм өвлийн мал өнгөлөг, тарга тэвээрэг сайн байдаг аж.
Г.Хан
URL:





