Т.Аюурзана: Орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэд энэ долоо хоногийн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийх болсон тухайгаа мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ёс зүйн хэм хэмжээг баривал төрийн алба хариуцлагажина. Ажлыг хариуцлагатай ажиллах хүмүүс авч явна. Хариуцлагатай албан тушаал руу шунан дурладаг хэм хэмжээ таслан зогсоогдоно. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн чуулганы ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчим төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, төрийн үйл ажиллагаа чухал уу. Энэ сарын 18-ны өдөр бидний нэр бүхий гишүүд Төрийн ордонд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээс уриалга шаардлага гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Монголын төрийг барьцаалсан УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Монголын төрийг гацаанаас гаргах нөхцөл бололцоог хангаж өгөхийг шаардаж байна. Энэ хугацаа ирэх пүрэв гарагт дуусгавар болно. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид орон даяар эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна” хэмээлээ.
URL:





