Баггүй дээрэмчид буюу Засгийн газрын 348 дугаар нууц тогтоол
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ НАР АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖЭЭ-
Эдийн засгийн хямрал нэрээр хоёр ч банкны “толгойг” залгиад буй энэ Засгийн газрын хуудуутай үйлдэл дээрэм, луйвар байсныг гэрчлэх 348 дугаар тогтоол миний өмнө байна. Тогтоолыг уншвал юуных нь эдийн засгийн хямрал байх вэ дээ. Дэлхийд нүүрлэсэн тэр хямралаар дулдуйдан “Анод”, “Зоос” гэсэн хоёр арилжааны банкийг төрийн нударгаар нухчин дарсан түүх уншигдах аж. Ард түмний саналаар төрийн өндөрлөгт гарсан эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдэл, ашиг хонжоо харж гадаадынхантай нийлж мөнгө хэрхэн хүүлдгийг Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтний албан тушаалаа ашиглаж бусдын өмчийг баггүй дээрэмдсэн үнэнийг харж болох юм. “Банк байгуулах саналын тухай 348 дугаар тогтоол нь тухайн үед нууц байдлаар 2009 оны арваннэгдүгээр сарын19-нд гарч байжээ. Энэ тогтоол зөвхөн Ерөнхий сайд С.Батболд, С.Баярцогт хоёр зөвлөлдөж байгаад гаргасан тогтоол. Харин үүнээс өмнө Сангийн сайд С.Баярцогт “Зоос” банкны 25 хувийг эзэмшдэг байсан Европын сэргээн босголт банкныхантай нууц хэлэлцээр байгуулж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зарим төлөөлөгчидтэй тохиролцсон гэдэг. Тиймдээ ч энэ банкаар орж ирж буй мөнгөний урсгалд хяналт тавьж хамт хүртэх гэж Европын сэргээн босголт банкны төлөөлөгчөөр Төрийн банкийг удирдуулах гэрээ хийсэн байдаг.
Нарийн тохиролцоо нь мэдээж нууцын нууц гэсэн тамгаар тэмдэглэгдэж, архивлагдсан аж. “Зоос” банкинд гадаадын тусламж, зээл орж ирдэг гол банк байв. Мөн дотооддоо МАХН-ын болон төрийн их хэмжээний хөрөнгө байршиж байсан тул тэдэнд “бэлэн хоол” болжээ. Энэ боломжин дээр Сангийн сайд зах зээлийн овсгоо гаргасан нь энэ. Үүнийг нь дэмжсэн хүн нь С.Батболд. 348 дугаар тогтоол гарч байхад харин үүнийг Монголбанк огтхон ч мэдээгүй байсан гэдэг. Уг нь арилжааны банкуудыг хянаж, чиглэл өгч байх ёстой газар. Харин дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг С.Батболд шахаанд оруулж олон нийтэд арилжааны банкны хоёр дахь дампуурлын тухай мэдээлэх үүргийг өгчээ. Л.Пүрэвдорж иймд 348 дугаар тогтоол гарсны маргааш буюу “Зоос” банк алдагдалтай ажиллаж байгааг сэтгүүлчдэд мэдээлж, Монголбанкны ерөнхийлөгчийн 650 дугаар тушаал гаргасныг үзүүлж, тус банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилсноо дуулгав. Энэ явдал 2009 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болов. Нэг хоногийн зөрөөтэй хоёр тогтоол гарах хооронд “Зоос” банкны хадгаламжтай байсан МАХН-ын гэх хүмүүс сэмхэн ирж мөнгөө аваад явцгаасан. “Зоос”-т Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчид нэг хоногийн дотор тус банкны тайлан балансыг хоёр ангилан дансны аргаар цаасан дээр дампуурлыг нь ядах юмгүй зарласан юм. Цаасан дээр муу үзүүлэлттэй харагдуулж чадсан юм чинь энэ тухай барин тавин мэдээлэхэд ядах юмгүй байсан нь тодорхой. Өмнө нь “Анод”-ыг дампууруулсан туршлага нь ч Монголбанкныханд нэмэр болов.
-Яагаад “Зоос” дампуурав?
-Олон овоотын уурхай буюу “Монгол газар” компанийн зээл “Зоос”-т бас байсан байна.
-Юуны учир банкуудын үйл ажиллагаа доголдоод байна вэ?
-Эдийн засгийн хямрал.
-Дахин банк дампуурахгүй гэсэн баталгаа алга?
-Банк дахиж дампуурахгүй гэдгийг харин баталгаатай хэлэх байна. Монголбанкныхны төвдөхгүй хариулж байсан үгс нь энэ. Ингээд тус сарын 24-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгч 659 дүгээр тушаал гээчийг “үйлдвэрлэв”. Энэ тушаал нь аж ахуйн нэгж, компанийн тухай хууль болон Үндсэн хууль зэрэгт харшилж байсан ч Засгийн газар, Сангийн яамаар халхавчлан урагш зүтгэсээр байв. Ингэсээр байгаад “Зоос”-ын ТУЗ-ийг хуралдуулалгүйгээр бусдын өмчид халдан банкийг нь татан буулгаж дөнгөсөн юм. Ийм байдлаар тавхан хоногийн дотор Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хоёр дахь банк дампууруулах ажлаа амжилттай гүйцэтгэв. “Зоос” банкийг орвонгоор нь өөрчилж “Төрийн банк” гэсэн “шошго” зүүв. Төр хүссэн зүйлээ тавхан хоногийн дотор дээрэмдэж авч болдог жишээ энэ. Харин хүсээгүй зүйлээ хичнээн сар жил болсон ч хийдэггүйг бид мэднэ. Сул мөнгө ороод ирэх боломжтой бяр муутайхан нэгний хувийн өмчийг төрийн алба хашиж буй эрхтэн дархтнууд ийм л замаар луйвардаж авсаар байна. Үүнийгээ улс эх орныхоо сайн сайхны төлөө хийж байгаа юм шиг тайлбарлаж, нүд нь цавчихгүй худлаа ярих нь сурцтай. Эцэст нь олон нийтийн тархийг угааж Олон овоотыг “Жаст групп” нэртэйгээр оросуудад өгчихөж байгаа юм. Ард олныхоо буянаар гарч ирчихээд төр, засагт томоохон албан тушаал хашаад ирэхээр бүтээн байгуулалт ярьдаг ч дээрх хүмүүс хачир дээрээ төрийн нэр барин луйвар хийж байгаа юм. Албан тушаалаасаа буухын цагт тэдэнд өөрийн болгож чадсан бусдын хөрөнгө бий. Харин ард олонд юу үлддэг билээ. Хоёр банк дампууруулсан, алдагдалтай ажилласан танил талдаа их хэмжээний зээл өгсөн хэмээн захирлуудыг нь шоронд хориод эрүүгийн хэрэг үүсгэчихнэ. Өнөө хэдэн захирлууд нь сар гаруй цагдан хорих төвд хоригдоод хулхи нь буусан хүмүүс гарч ирээд ганц үг ган хийхгүй. Хувьцаа эзэмшигчид нь хохироод үлдэнэ. Мөрдөн байцаагч нар нь банкны хэрэг хэмээн хавтаст хэрэг нээж, шалгаад гадаад руу шилжүүлсэн, банк дамжсан, дансны аргаар гадаадад байршуулсан мэт харагдаж буй валютынх нь араас хөөцөлдөөд сүйд болно. Данс гүйлгээг нь хөөж, заавал нэг зүйл нялзаах гэж оролдоно. Банкны учир мэдэх хүмүүст энэ бол үнэхээр хошин шог шиг харагдаж байгаа нь лав. Монголын нийгэмд ийм л нэг увайгүй, утгагүй, хүний өмчинд халддаг баггүй дээрэмчид олширлоо.
“Зоос”-ыг асуудалд оруулсан 348 дугаар тогтоолд юун тухай заасныг сийрүүлэх нь зүйтэй байх. Энд “Банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн тав дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь хэмээсэн байгаа юм. Засгийн газрын энэ тогтоол нь өөрөө хууль зөрчиж гарчээ. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8-ын хоёрт хувийн өмчийг төр нийгэмчлэх шаардлагатай гэж үзвэл үүнийг УИХ-аар шийдэх тухай заасан нь бий. Харин УИХ-аас давж Засгийн газрын тэргүүн хуулийг мушгин бусдын өмчийг луйвардах эхний алхмыг тавьсан байгаа юм. Тэгээд тус тогтоолын Нэгдүгээрт: “Зоос” банкин дахь төрийн зарим мөнгөн хөрөнгөөр төрийн өмчийн банк байгуулах тухай Монголбанк, Сангийн яамны саналыг зөвшөөрч, үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсугай хэмээсэн нь бий. “Зоос” банкин дахь төрийн зарим хөрөнгөөр төрийн өмчийн банк байгуулах тухай хэмээснийг Сангийн сайд хавтгайруулан тэр чигээр нь “Зоос” банкны хаягийг өөрчлөн Төрийн банк болгосон явдал. Сангийн сайдад энэ ажлыг хариуцуулах тухай заасан энэ тогтоол дээр Ерөнхий сайд С.Батболд, С.Баярцогт нарын гарын үсэг байгаа юм. Энэ мэтээр нэг нь хариуцуулж, нөгөө нь хариуцаж эцсийн үр дүн нь хуулийг завхруулж, луйвар болон төгсөж буй. Харин хэн ч төртэй тэрсэлдэж, гомдлоо барагдуулахгүй болтол нь энэ Засгийн газар иргэдээ хашрааж, амыг нь үдэж байна.
URL:













