Од байж тод гялалзахын хүслэн ба өвгөд олшрох цаг

Он солигдох мөч ойртох тусам манай улстөрчдийн од болж тод гялалзах хүсэл улам бүр бадарч байна. Тиймээс ойрын хэдэн өдөр манай гаригийн хамгийн завгүй хүмүүсийг Монголын улстөрчид магнайлж мэдэхээр ажиллаж байгаа юм. Ялангуяа УИХ-ын эрхэм гишүүд “Нарантуул” дээр наймаа хийдэг хүмүүсээс илүү зав зайгүй.
Гэхдээ чуулганы танхимд хууль баталж, эсвэл ард түмний ирэх жил идэх талхны төлөө тархиа гашилгаж суугаадаа биш шүү. Ердөө л зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуулийн чимээ ойртсон болохоор л тэд гэртээ ховор үзэгдэж, гэргийгээ халамжаар дутааж яваа юм.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд царайгаа тоотой харуулсан тэд тойргоороо орж, сонгогчидтойгоо шинэ жилийн
баяр тэмдэглэн оргилуун дарс буудуулж, орой нь сумын клубт танц эргэх зуурт ирэх сонгуулийн пиараа эвтэйхнээр хийгээд авч байгаа. Тийм ч учраас энэ жил гоё ганган тодотголтой сүлд модны наадам хот хөдөөгүй элбэг болж, гарын бэлэг нэртэй сонгуулийн урьдчилгаа эзэн голохгүй тарж буй аж.
Эрхэм гишүүдтэй зэрэгцээд ирэх сонгуульд өөрийгөө сойсон горилогчид ч хөдөөгүүр манаргаж хөгшдийг унтуулахгүй мэнд мэднэ хэмээн хаалга үүдийг нь үүр шөнөөр балбаж амар заяаг нь үзүүлэхгүй зовоож байгаа сурагтай. Уулзалтад урьж, буцахад нь будаа гурил даахаараа аваад яв хэмээн бийлэгжүү загнах баяныг Дорноговийнхон ам амандаа шагшиж байна. Бас шинэ оны бэлэг гээд архи чихэр тарааж, урт сахал, улаан хамаргүй л болохоос уут савтай бэлгээ дааж ядсан өвлийн өвгөд, цасны эмгэд айл айлаар хэсч яваа чимээ Монгол орны зах хязгаар нутгаас ч ирэх болжээ. Зарим горилогч хүүхдийнх нь ёолкийг мялаах нэрээр хорин мянгатын дэвсгэрт хайрлахгүй түгээж явна гэнэ. Оны өмнө тэд ийн яарч бачуурч яваа нь учиртай. Шинэ батлагдсан Сонгуулийн хуулиар иймэрхүү үйлдлийг нь хориглочихсон учраас ирэх оны эхний өдрөөс
хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс нь урьтаж сонгогч доо талдаа татах кампанит ажлаа амжуулах шаардлагатай болсон юм. Тийм болохоор ес эхэлсэн өвлийн хүйтнийг ч үл ажран хэсч яваа нь тэр.
Үүнээс гадна эрхэм гишүүд болон ирэх жил тэдэнтэй ана мана ач тач үзэлцэнэ хэмээн зодог шуудгаа зэхэн буй нөхөд аль аль нь өөрсдийгөө шилдэг хийгээд төрд бэлтгэгдсэн улстөрчөөр тодруулах их аянд нэгдсэн.
Тиймээс тэд арванхоёрдугаар cap гарахтай уралдаад л шилдгүүдийг тодруулж байгаа газрын эрэлд туслахуудаа хатааж, энд тэндхийн интернэт сайтуудын манаачаар ойр дотныхноо ажиллуулж нэг үгээр шилдэгт шалгарах их аянаа урьд өмнөхөөс илүү эрчимжүүлсэн юм. Сайтуудаар зарласан шилдэг улстөрч шалгаруулах марафонд эхний тавд багтана гэвэл дор хаяж 3000 “ногоон” бэлнээр төлөх ёстой. Удаах тавд орох бол гурван сая төгрөг. Хэлсэн мөнгийг нь төлөхгүй бол хамгнйн олон санал авсан ч ялгарах хийгээд ялах магадаал нь тэгтэй тэнцүү. Энэ бол ердөө нэг газраас зарласан шилдэг улстөрч шалгаруулах уралдааны ханш. Үүнээс өндөр ханштай нь ч байгаа. Үнийг нь төлөөд шилдэг болоод байгаад ч учир бий. Нэр дэвшүүлэх болоход намын дарга нар энд тэндхийн иймэрхүү сунгаанд тун ч ихээр ач холбогдол өгдөг. Тиймээс хэдий мундаг байгаад нэр нь иймэрхүү шалгаруулалтад багтаагүй бол нэр дэвших магаддал байхгүйтэй адил гэнэ. Орон нутагт ажилласан олон түмний итгэл олсон. мэдлэг чадвар, ухаан чадал арвин байгаад ч нэмэргүй. Ингээд бодохоор их улс төрд орно хэмээн зүтгэх эрхмүүд төдийгүй мэргэшсэн хэмээн өөрсдийгөө тоогчид ч иймэрхүү шалгаруулаад нэрээ хавчуулаад авахыг бодохоос аргагүй гэнэ. Чухам ийм учраас од болж, тод гялалзахын хүсэлд автсан улстөрчид өвлийн өвгөдийн тоог нэмж байгаа аж.

Г.Сансар


URL:

Сэтгэгдэл бичих