Оюутолгойн тэсрэх бодисын үйлдвэрт гарсан галыг унтраажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” төслийн ил уурхайн тэсрэх шингэн бодисын үйлдвэрт энэ сарын 8-ны 22:30 цагийн үед гал гарчээ.

Галд өртөж бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд бүх ажилтнуудыг бүртгэн баталгаажуулаад байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд байшингийн таазны хэсэг шатсанаас өөр хохирол учраагүй хэмээн тус компаниин сайтад мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус сайтад дурьдсанаар “Оюутолгой ХХК-ийн Онцгой байдлын баг (ОББ) болон Аюулгүй байдлын хэлтэс галын газар дээр ажиллаж буй бөгөөд нөхцөл байдлыг хяналтандаа аваад байна. Эдгээр багийн ажилтнууд одоо байшинд нэвтрэн ороод байна. Гал гарах үед үйлдвэрт ямар нэгэн хүн байгаагүй.

Өөрийн болон гэрээт байгууллагуудын бүх ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь Оюутолгой дээрх бүх хүмүүсийн тэргүүлэх чухал асуудал юм. Шингэн тэсрэх бодисын түр үйлдвэр нь уурхайн ажилчдын амьдрах хэсгээс таван км илүү зайтай байрладаг бөгөөд уурхайн талбайгаас бүрэн тусгаарлагдсан байдаг. Тухайн бүсэд тэсрэх бодистой харьцан ажилладаг тул хүмүүс, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор тухайн үйлдвэрийн хэсгийг өндөр шороон далангаар тойруулан тусгаарласан байдаг” гэжээ.

Гал гарсан тухай мэдээллийг “Оюутолгой” компанийн зүгээс аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэнээр онцгой байдлын хэлтсээс гурав, цагдаагийн хоёр, мэргэжлийн хяналтын хэлтсээс дөрөв нийт есөн хүнтэй ажлын хэсэг томилогдсон байна. Мөн өчигдөр 08:30 цагт галын шалтгааныг тогтоохоор ОБЕГ, ЦЕГ-ын даргын шийдвэрээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Изнис эйрвэйз” компанийн онгоцоор Ханбогд сум руу ниссэн байна.

Энэ талаар өчигдрийн 13:30 минутын үед тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга Б.Гантулгаас тодруулахад, “Надад ирсэн мэдээллээр яг одоо асч байгаа нэг ч гал байхгүй. Бүгдийг нь унтраагаад байна. Өчигдөр 01:15 цагийн үед галын дуудлага аваад хэргийн газарт манайхаас очсон. Одоогоор цагдаа болон мэргэжлийн байгууллагууд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа болохоор урьдчилан хэлэх зүйл алга. Хохирлын хэмжээ ч тодорхой болоогүй байна. Ямарч байсан галд хүн өртөөгүй” гэв.

Одоогоор үйлдвэрийн эргэн тойрны 2.5 км газрыг хамгаалалт аван тусгаарлаад байгаа аж. Аюулгүй болох хүртэл уг бүсэд хүн нэвтрэхийг хориглосон байна. Азотын бордоо гэж нэрлэгдсэн бодис нь ил уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний гол бодис болох ANFO-Ammonium Nitrate Fuel Oil буюу аммоны нитратын түлш юм. Энэхүү бодисыг шатахуун болон нунтаг бодис аммоны нитратыг холих замаар гарган авдаг.

Тухайн бодисуудыг холиогүй тохиолдолд харьцангуй аюул багатай ч бодисуудыг хольсон тохиолдолд дэлхий нийтээр уул уурхайн салбарт өргөн хэрэглэдэг хүчтэй тэсрэх бодис үүсдэг байна. ANFO бодис нь АНУ-ын уурхайнуудад ашиглаж буй нийт тэсрэх бодисын 80 гаруй хувийг эзэлдэг байна. Уурхайд ашиглах тэсэлгээний бодисыг бэлтгэх ажлыг өндөр мэргэжилтэй, тусгайлан сургагдсан ажилтнууд гүйцэтгэдэг бөгөөд уусмалын үйлдвэрийн орчин тойронд аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг байна.

А.Ням-Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих