Долларын ханш буулаа, бензиний үнэ яах бол
Өчигдрийн 18.00 цагийн байдлаар ам.доллар 1409 төгрөг болж буулаа. Энэ нь бензиний үнэ өссөнөөс хойшихтой харьцуулбал 50 төгрөгөөр буулаа гэсэн үг. Монголбанкнаас хүчтэй интервенц хийгээгүй байхад зах зээлийнхээ зохицуулалтаар валют ийнхүү суларлаа. Энэ нь нэг талаас бензиний үнийн өсөлт зах зээлийн бус хөшүүргээр нэмэгдсэн, үүнд валютын ханшийн хэлбэлзэл хамаараагүй юм биш үү гэсэн дүгнэлтийг хэлж байх шиг. Монголбанкны бодлоготой Засгийн газрын бодлого нь уялдалгүй зөрж давхиснаас ийм байдал үүслээ гэсэн О.Чулуунбат гишүүний дүгнэлт бий. Олон улсын жишгээр бол Төв банкныхаа бодлогыг Засгийн газар нь хүлээн авч бодлогоо уялдуулан хэрэгжүүлдэг байна. Манайд харин эсрэгээрээ Засгийн газар нь бодлогоо төв банкиндаа тулгаж иржээ. Ингэх аваас өнөөдөр баалуулаад байгаа Монголбанкны ерөнхийлөгч Д.Пүрэвдоржид бүх бурууг тохох нь өрөөсгөл хэрэг болох нь. Өнгөрсөн хугацааны хэвлэл мэдээллийн хуудсыг сөхөн харваас сүүлийн гурван жил дараалан Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас сонгуулийн мөнгөний бэлэн амлалт дагасан нийгмийн халамжийн бодлогоо хумихыг сануулсаар байгааг нэлээн бичжээ. Олон улсын эдгээр байгууллагын талд Монголбанк ганцаараа зогсож байсан байх юм. Ингэхээр улс төрийн тоглолтоос үүдэлтэй энэхүү үнийн хөөрөгдлийн бурууг ганц муу Д.Пүрэвдорж руу тохож байгаагийн цаана юу байгааг бодох хэрэгтэй юм байна. Удахгүй цагаан сар болно. Импорт нэмэгдэнэ. Монголчууд хамаг валютаа Эрээнд аваачиж өгнө. Валютын урсгал гадагшаа урсч дотоодод ховордоно. Ийм л хэмнэлтэй улс шүү дээ. Ямартай ч ам.долларын ханш буулаа. Харин бензиний үнэ яах юм бол.
П.ЧУЛУУН
URL:




