Шатахуун импортлогчид буруутай нь тогтоогдвол зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна
МАН-ы бүлэг өчигдрийн хуралдаанаараа үнэ ханшийн өсөлт, түүнээс үүдэн гарсан асуудлууд цаашид эдгээрийг хэрхэн зохицуулах арга хэмжээ авах гэж байгаа талаар Засгийн газрын байр суурийг сонссон байна.
Энэ талаар бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Тэрээр:
-Ард иргэддээ хандаж хэлэхэд үнийн гэнэтийн өсөлттэй холбоотой асуудал гарч ирж байгааг бид цаг алдалгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хариуцлагатайгаар, үндэслэл тооцоотойгоор авч хэлэлцэн, үүнээс үндэслэн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нягт нямбай тооцоолж байна.
Махны хувьд нөөц нийлүүлэлт, үнэ ханшид өөрчлөлт гарахгүй байх боломж байна. Төрөөс зохицуулах бодлого, зах зээлийн механизмтайгаа уялдуулаад ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв зохицуулалтыг хийх болно. Энэ нь ч бас МАН-ы байр суурь гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.
Мөн гаднаас хамааралтай шатахууны үнэ ханшийн асуудал, валютын ханштай уялдсан үнийн өөрчлөлтийн асуудал гарч ирлээ. Харин эдгээр өөрчлөлт бодитой байсан эсэх, энэ дунд ард иргэд хохиров уу гэдгийг бид авч үзэхийг зорилоо. Ерөнхий сайдын захирамжийн дагуу энэ асуудлаар өчигдөр хоёр ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орон дүгнэлтээ ч гаргаад байна гэлээ.
Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх ажээ. Ерөнхий сайд “энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй” гээд “Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн албан тушаалтан хийх ёстой ажлаа хангалтгүй хийсэн нь тогтоогдвол бид зохих хариуцлага тооцно. Мөн албан тушаалтнаас гадна буруутай нь тогтоогдвол аж ахуйн нэгжүүдэд ч арга хэмжээ авна.
Шаардлагатай бол аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүн дотор шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуу хэлье” хэмээн мэдэгдлээ.
Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар үнийн өсөлтийн гол буруутнаар АН-ыг нэрлэсэн билээ. Харин МҮЭХ-ноос Засгийн газар, Монголбанкийг буруутгасан бол, Монголбанк шатахууны үнийн өсөлт нь валютын ханшийн зөрүүтэй ямар ч холбогдолгүй болохыг тайлбарлаад буй юм.
О.Ариунбилэг
URL:




