Уулын буга ч үгүй унасан бух ч үгүй хоцрох бий дээ
Энэ онд УИХ-ын сонгууль болно. Сонгуульд нэр дэвших сонирхолтой залуучууд бөөн бөөнөөрөө ажлаа өгч, төрийн өндөр албан тушаалтнуудын сандал суудал эзгүйрч эхэллээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга С.Цогтбаатар “Сонгуульд нэр дэвшинэ” хэмээн мэдэгдэж, баярынхаа өдөр ажлаа орхив. Мань эр МАН-ын нэр дээрээс тойрог олж авна гэж нарийн тооцоолж байгаа. Тэгвэл Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших учраас “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээсээ өөрийн хүсэлтээр буугаад байна. Өнгөрсөн 2008 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж ялагдаж байсан Ж.Батзандан сонгуулийн бэлтгэлдээ их л эрт орохоор мэрийж байгаа бололтой. Үүнээс гадна. Мэдээлэл шуудан Харилцаа Холбоо Технологийн газрын дэд дарга А.Мөнхбат мөн л ажлаа хүлээлгэж өгч байгаа гэнэ. Ер нь нэр дэвших хүсэлтэй олон хүн ажлаа орхиж байгаа бололтой.Энэ жагсаалтыг Авто замын газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Батхуяг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат олон хүний нэрс үргэлжлүүлж байна. Шинээр батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд “Төрийн өмчийн оролцоотой компанид удирдах албан тушаал хашдаг хийгээд бусад алба хашдаг бол сонгууль болохоос зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой” гэдэг заалт орсон учраас амбиц ихтэй залуучууд албан тушаалаа хаях дээрээ тулж байгаа юм. АН ч, Ардын нам ч том том кадруудтай. Шинэ хуулийн дагуу том намуудын том ах нар тойрог дээрээ багтахаа больж, хэн хэнийгээ яаж жийхээ мэдэхгүй сандарч байгаа. Ядаж байхад эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гэж нэг том заалт Сонгуулийн тухай хуулинд орчихсон байгаа. Шинэ залуучуудад нэр дэвших боломж тун ховор гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу? Тиймээс сонгуулийн сургаар ажлаа хүлээлгэн өгч байгаа хөөргөн дэвэргэн залуучуудыг харсан олон хүн “Хөөрхий минь уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй үлдчих бий дээ” хэмээн санаа алдаж байна.
URL:




