Коммунист нам “Твиттер”-ээс эмээж байна
“Твиттер”-ийг үндэслэгчдийн нэг Жэк Дорсей өчигдөр Хятадад зочиллоо. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан тус улсын тэрс үзэлтэн Ай Вэйвэйтэй харилцсан байна.
Жэк Дорсей бичихдээ “Сайн байна уу, Шанхай. Хятадын эрх баригчид “Твиттер”-ийг хянаж чадахгүй ч, жиргээчдийн сэтгэгдлийг уншиж байдаг” гэв. Тэрбээр 1.8 сая дагагчтай юм.
Зохиолч, зураач Ай Вэйвэй “Жэк, “Твиттер”-гүй бүс нутагт тавтай морил. Магадгүй чиний бичсэн сэтгэгдлээс коммунистууд үхтлээ эмээх болно” гэжээ. Тэрс үзэлтэн 119 мянга гаруй дагагчтай гэнэ. Энэ нь хэдийгээр түүний хувьд чамлалттай санагддаг ч Ай Вэйвэйтэй харилцвал мөн л нийтийн эсрэг үзэлтэн болох тул Хятадын жиргээчид түүнтэй харилцдаггүй байна.
Сан-Франциско хотод ажиллаж амьдардаг Жэк Дорсей “Тийм ээ, энэ бол азгүй бас сэтгэлээр унагасан мэдээлэл байна” гэв.
Ай Вэйвэй “Би Шанхайд дуртай. Мөнгөгүй хүнд халгаатай боловч, хотын соёл нь надад таалагддаг” гэжээ. Нам төрийн эсрэг үзэлтэн маань Хятадын коммунист дэглэмийг үзэн ядахын зэрэгцээ эрх баригчид руугаа дунд хуруугаа гаргаж байсан зоригтон юм. Сүүлийн 81 жилийн турш Хятадад коммунист засаглал ноёлж байна. Араб маягийн хувьсгалын давалгаа тус улсад явагдах гэж байсан. Иргэд цай ууж суух зууртаа биш, онлайнаар идэвхтэй хэлэлцүүлж байсан ч эрх баригчид хуульд өөрчлөлт оруулж, интернэтийн эрх чөлөөг нь боогдуулжээ.
Тэрбум гаруй хэрэглэгчтэй БНХАУ-ын зах зээлийг гадаадын компаниуд илтээр сонирхож байгаа. Гэвч мэдээллийн орон зай нээгдэх тусам Коммунист намын хүч суларч, явуулж байсан бодлого нь буруу болохыг иргэд нь шүүмжилж эхэлнэ. Хятадын хамгийн эмзэг асуудал бол хүн амын бодлого юм. 1980-аад оноос “Нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлого баримталснаар хүн амын өсөлт болон хүйсийн тэнцвэргүй харьцаа ихэсчээ. Азид 300 гаруй сая эрэгтэй илүүдэлтэй байгааг НҮБ-ын судлаачид гаргасан. Үүний дийлэнхийг Энэтхэг, Хятадын залуус эзэлж буй.
Хятадын хамгийн ардчилсан гэж нэрлэгддэг “Вэйбо” нийгмийн сүлжээний сайтын хэрэглэгчид “Нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлогыг үзэн ядаж байгаагаа илэрхийлдэг. Тэд эрх чөлөө гэхээс илүү, олон хүүхэдтэй өнөр өтгөн амьдрахыг илүүд үзэх болсон учраас ийм шарх онлайн орчинд аль хэдийнэ сэдэрсэн байна.
Иймээс Коммунист намын удирдлагууд “Твиттер”, “Фэйсбүүк” сайтуудыг үзэн ядаж, зах зээлдээ нэвтрүүлэхгүй байх бүх боломжийг эрэлхийлж байгаа юм.
Орчуулагч редактор Д.Түвшинтөр time
URL:













