Засгийн газрыг асуудалд хайнга хандсан гэв

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Энхтөр, Онги гол хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс хамтарч урт нэртэй хуультай холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ-аас 2009 оны долдугаар сард “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай” хуулийг баталсан. Гэтэл уг хууль хэрэгжихгүй хоёр жил зургаан сар болж байгаа гэдгийг тэд юуны өмнө онцоллоо. Хуулийг хэсэгчлэн хэрэгжүүлэх гэсэн ойлголт байхгүй байхад зөвхөн алтны шороон ордыг хамруулан хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж тэд үзэж байгаа аж. Дээрх хууль хэрэгжих ёстой газруудад хайгуул ашиглалтын 1782 тусгай зөвшөөрөл олгогдсон болохыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын газар мэдээлж байсан ажээ. Мөн Засгийн газар тусгай зөвшөөрлүүдээс зөвхөн алтны шороон ордын 242 тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн авч хилийн заагийг тогтоосон нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,2 дахь заалтыг зөрчсөн тогтоол гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ нь улс үндэстнийхээ эсрэг явуулж байгаа гэмт үйлдэл гэж үзэж буйгаа тэд илэрхийлэв. Иймд Засгийн газрыг УИХ-аас баталсан хуулийг биелүүлэхгүй асуудалд хайнга хандаж байгаад харамсаж байна хэмээн хурал зарлагсад хэлж байв.

Р.БОЛОРТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих