С.Баярын сэдсэн “Төгөлдөршил” юунд хүргэх бол…
Ардчилсан намын засаглалын үед М.Энхсайханы Засгийн газар “өнцөг” гэсэн муухай үг дэлгэрүүлж билээ. Энэ үг хожмын улстөрчдөд бузар булай үйлдлээ далдлах сайхан бамбай болж бараг бүх улстөрчдийн амны уншлага болсныг санаж байна. Тухайн үед улстөрд дөнгөж орж ирж байсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын нялх улстөрчид хүртэл дорхноо сурчихсан “Тэр өнцгөөс нь харвал тэгж л харагдана. Харин энэ өнцгөөс нь харвал өөр” гэж ирээд л 90 хувийн хараа 10 хувийн цагаанаар будаж суудаг болсон. “Нэг өнцгөөс нь харвал сайд нар төсвөө хэтрүүлсэн нь буруу. Гэхдээ нөгөө өнцгөөс нь харвал хэтэрсэн мөнгөөр их олон ажил амжуулсан байна” гэх мэтийн дургүй хүрмээр үгс байнга сонсогдох болсон юм. Энэ ч утгаараа өнцөг гэдэг үг монголын ард түмэнд бага гэхээргүй балаг тарьсан. Гэтэл Оросод хэдэн жил чимээгүйхэн суусныхаа эцэст их өр тэглэсний дараа улс төрд дуулиантайгаар орж ирсэн С.Баярын хэлсэн “Төгөлдөршил” хэмээх бас нэг үг ард түмэнд “Өнцөг”-өөсөө илүү балаг тарих бололтой. С.Баяр уг үгээ хэлэхдээ М.Энсайхан шиг биеэ өмгөөлөх гээгүй, харин ч тэс өмнөө зорилт дэвшүүлж байснаараа ялгаатай л даа. Гэсэн ч Санжийн хүүгийн хэлсэн үгийг хойчийн залгамжлагчид нь эсрэгээр нь, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахуйц бохир үйл хэрэгтээ ашиглаж байгаа нь үнэхээр айдас төрүүлж, “Өнцөг”-өөс ч илүү балаг тарих нь гэж үзэхэд хүргэж байгаа юм. “Иргэний бүртгэлийг төгөлдөршүүлэх хөтөлбөр”-ийн тухай ярьж байгаа юм л даа. Шинэ гарсан журам ёсоор монгол улсын иргэн бүр хурууны хээгээ бүртгэлд хамруулах ёстойг мэдээг үнэхээр гайхлаа. Гэмт хэрэгтэн биш дээ, ямар. Бүр муухайгаар хэлбэл ямар мал биш гэж хэлмээр санагдаад байгаа юм. Шинэ журам гарсны дараа “Гэмт хэрэгтнүүд гишгэх газаргүй боллоо” гэж” ирээд л хэсэг шуугисан. Гэвч тийм биш. Гэмт хэрэгтнүүдийн хурууны хээ аль хэдийнэ бүртгэгдчихсэн байдаг юм. Одоо эрх баригчдад жирийн ард иргэдийн хурууны хээ л хэрэгтэй байгаа. Манайхаас олон жилийн өмнө ардчиллыг хөгжүүлсэн, үлгэр дуурайл авах дуртай америкчууд бүртгэлээ ингэтлээ төгөлдөршүүлээгүй байна шүү, цаана чинь. Бүх л хөгжингүй орнуудад бүртгэлийн ийм хэлбэр алга. Учир нь иргэдээ “тамгалаад”, “зүслээд” эхэлбэл ардчиллын үндсэн зарчмаас ухарсан хэрэг болох юм. Цэргийн дэглэмтэй оронд л ийм хууль хэрэгжиж магадгүй. Гэхдээ мөнгө үзүүлж хуурвал ядуу оронд ч хэрэгжиж магадшүй л дээ. “Гэмт хэрэг хийх нөхцөлгүй боллоо гэж байгаа юу” гэж асуух нэгэн байх л байх. Харин эсрэгээрээ, төр нь хүнээ барихаар шийдвэл яах вэ гэж тэр хүнээс асууя. Тэгээд мөрдөж мөшгих шалтгаан нь гэмт хэрэг бус, улстөрийн шинж чанартай байвал яана. Аль эсвэл тэр мэдээлэл бидний хамгийн их болгоомжилж явдаг улсын гарт орвол яана. Дэлхий дээр гэнэт олон дарангуйлагчид гараад ирлээ. Иранд М.Ахмединежад гэгч этгээд бүхэл бүтэн сонгуулиа луйвардаад, эрх ашгаа хамгаалан жагссан иргэд рүүгээ буу шагайж (танил сонсогдож байгаа биз) хэдэн арван хүний амийг хөнөөгөөд ард түмнээ айдас хүйдэст автуулж байна. Хөрш зэргэлдээ Туркт Тайип Эрдоган гэгч манайхны хэлдгээр нүгэлтэй сэжигч эр засгийн эрхэнд гарчихаад хавьтсан ойртсон бүхнээ “Төрийн эргэлт хийх гэлээ”, “Намайг авч хаях гэлээ” хэмээн эрүүдэн суудаг ажилтай болж. Венесуэльд Уго Чавес гэдэг улаан царайтай, улаан хувьсгалч нөхөр тодорч, шударга хүний дүр эсгэн өөрийгөө хэмжээгүй эрхт хаан болгохыг мөрөөдөж байгааг бүгд л харж байна. ОХУ-ыг Ерөнхий сайд гэсэн хэргэмтэй боловч үнэн хэрэгтээ улсын эзэн хааны дайны эрх мэдэлтэй В.Путин удирдаж байна. Ард түмэн өөрийг нь эсэргүүцэж байнга бослого дэгдээгээд байхаар нь өөрийн утсан хүүхэлдэй болох Д.Медведевээр эхлээд “Хүчний байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай” хууль санаачлуулсан бол өчигдөрхөн “Зэвсгийн хяналтыг чангатгах тухай” хууль санаачлуулчихлаа. Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко сонгуулийг жүжиг болгосныг нь илчилснийх нь төлөө сөрөг хүчнээ яаж нухчин дарж байгааг дэлхий даяар жигшиж байна. Беларусь хэрвээ иргэдээ хурууны хээгээр бүртгэдэг байсан бол КГБ-ийн харгисууд “ан”-даа хэдийнэ гарсан байх биз.Өнгөрсөн зууны эхэнд Б.Муссолини, А.Гитлер гэсэн хоёрхон дарангуйлагч дэлхийн түүхийг яаж харлуулсныг бид бүгд л мэднэ шүү дээ. Улсын хөрөнгөөр баяжиж, эрх мэдэлдээ дассан дарангуйлагчид энэ эрх дархаа хадгалж үлдэхийн төлөө юу ч хийхэд бэлэн байдгийг түүх гэрчилнэ. Хөгжин цэцэглэж байсан Аргентин улсыг тартагтаа тулсан гуйлгачин болгосон Хуан Перон дээрхийн бодит жишээ. Үйлдвэрчний эвлэл хэмээх том хүчийг ашиглан Ерөнхийлөгч болохдоо энгийн нэгэн байсан тэрээр цаг хугацаа өнгөрөх тусам дарангуйлагч шинжийг олж, нийгмийн халамжийг хавтгайруулж иргэддээ сар бүр багахан тэтгэлэг олгох замаар ард түмний итгэлийг олж, арай илүү сэтгэсэн нэгнийг нь агнаж суух болсон билээ. Түүнийхээр бол иргэд өгсөн хишгийг нь аваад л дуугүй мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг явах ёстой байж. Иймэрхүү дарангуйлагчид эрх мэдлээ бататгах ажлаа их л алсаас эхэлдэг аж. А.Гитлер гэхэд л дайнд бэлдэхийн тулд химийн үйлдвэрлэлийг чинээнд нь тултал хөгжүүлж нэр хүнд олж аваад дараа нь сөрөг хүчнийхээ чадвартай гэгдсэн бүхнийг толгой дараалан хядсан. Б.Муссолини ард түмнийг дарлагч ангийг түлхэн унагасан ч улс оронд цэргийн дэглэм тогтоосон гээд л. Англичууд колоничилж байсан энэтхэг улсын иргэдийг яг одоо манайд явж байгаа шиг хурууны хээгээр бүртгэхийг оролдсоныхоо шанд хөөгдсөнийг саная. Энэтхэгчүүд хурууны хээгээ өгөхийг эсэргүүцэн жагсаж энэ нь улмаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлэх хүч болсон билээ.
Одоогийн удирдагчид иймэрхүү дарангуйллын шинжтэй алхмуудыг ил цагаан хийдэг болжээ. Жишээ нь Азербайжаны эрх баригчид иргэдээ “ов”, “ев”-ээр төгссөн нэр хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Ийм нэртэй азгүйтнүүдийг “Улаан данс” гэх айхтар нэртэй дансанд бүртгэж, нэрээ өөрчлөх эс бөгөөс иргэншлээ солиулах хатуу шаардлага тавьж байгаа аж. Энэ шийдвэр сайд даргагүй үйлчилнэ гээд бод доо. Ерөнхийлөгч нь Ильхам Алиев гээд хориотой нэртэй нөхөр ойрын хугацаанд нэрээ солино гээд сууж байна. Тажикистан улс хэдэн жилийн өмнө мөн иймэрхүү шинэчлэл хийж Ерөнхийлөгч Эмоали Рахмонов нь овгоо Рахмон болгож байсан түүхтэй. ОХУ-д ч гэсэн “Цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудыг эрхийг өргөжүүлэх тухай хууль” гэгчийг саяхан баталж эсэргүүцсэн улстөрчдийг хүч хэрэглэн баривчилж байна. Дарангуйлал яваад байгаа юм биш үү. Байн байсаар өнгөрсөн зууны их дарангуйлагчдын үед очсон мэт сэтгэгдэл төрөх болов. Түүх давтагддаг гэдэг билээ. С.Баярын хэлсэн “Төгөлдөршил”-ийн балаг биднийг юунд хүргэх бол доо. УИХ-ын гишүүд я”гэмт хэрэгтнүүдийг барих” “өнцөг”-өөс харж байгаа бол надад энэ “өнцөг”-өөс өөр “өнцөг” харагдахгүй л байгаа юм даа. Сүүлд хэлэхэд, Венесуэлийн Уго Чавес интернетийн сүлжээг хянах хууль санаачилж иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчихөөр санаархаж байгаа мөртөө “Интернэтээр үйлдэх гэмт хэрэг буурна” гэж авсан байна лээ. Д.Медведев ч бас өчигдөр санаачилсан “Зэвсгийн хяналтыг чангатгах тухай” хуулиа ДУМ-д оруулахдаа “Зэвсгээр үйлдэх гэмт хэрэг багасна” гэж тайлбарлах биз дээ.
Х.Батсайхан
URL:













