Одоо байтлаа цэцийг “хулгайч” удирдах юм гэнэ
ТӨХ-ны даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн даргаар тавих нь гэсэн мессэж нисэх болов.
Долоон сар даргагүй явсан цэцийн даргаар Д.Сугарыг тавих тухай энэ яриа олон нийтийн анхаарлыг гойд татаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц даргагүй, бүрэлдэхүүн дутуу хагас жил гаруй үйл ажиллагаа явуулсан. Гэтэл ТӨХ-ны дарга байсан хүнийг гэнэт ажлаас нь чөлөөлж, цэцийн дарга болгохоор ярьж эхэлсэн нь элдэв хардлагыг төрүүлж байна.
Товчхондоо Үндсэн хуулийн цэцийн даргын суудлыг Д.Сугарт өгөхийн тулд долоон сар даргагүй байлгасан болж таарав. Одоо байтлаа бүр ҮХЦ-ийг муу “хулгайч” удирддаг болох юм гэнэ.
Ямар сайндаа л Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний ган бөмбөлөг нийлүүлсэн гэх хэрэгт хутгалдаж байх вэ дээ.
Түүнийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэгдэх ган бөмбөлгийн бэлдцийг гадаадын компаниар зуучлуулан нийлүүлж, гадаадын компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон гэдэг.
АТГ-аас эл хэргийг нь шалгаж эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Гэвч удалгүй түүнд холбогдох хэрэг шүүхэд очиж амжилгүй замхарсан билээ. Яг л УИХ-ын гишүүд, томоохон улстөрчдийн хэрэг шиг.
Ер нь иймэрхүү хэргийг замхруулна гэдэг өнөө үед ямар ч нөлөөтэй, хөрөнгөтэй хүний хийж чадах хялбархан ажил болчихсон.
Харин олон нийтийн нүдэн дээр улайм цайм луйвар хийж явдаг Д.Сугар мэтийн албан тушаалтныг Үндсэн хуулийн цэцийн даргаар тавихаар ярьж байна гэдэг Монголын төр яаж бохирдсоныг харуулж буй хэрэг биз ээ.
Хамгийн гол нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ямар шалгуур хангасан хүмүүсийг томилох вэ гэдгийг манай улсын холбогдох хуулиудаар нарийвчилж зохицуулаагүй байдаг аж. Насны хувьд Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар цэцийн гишүүний насны доод хязгаарыг 40 насаар тавьсан байдаг. Гэхдээ цэцийн гишүүний насны дээд хязгаарыг бас л орхигдуулсан байна.
Энэ талаар УИХ болон холбогдох хуулийн байгууллагууд, хуульчид шүүмжилж байсан ч өнөө хэр нь нарийвчилсан шалгуургүй, хууль мэддэг, хуулийн байгууллагад ажиллаж байсан гэх ерөнхий томъёоллоор томилогдож байна.
Тэгвэл Д.Сугар үнэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга байх эрхтэй хүн мөн үү. Яах вэ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас авахуулаад хуулийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хуульч байж болно л доо. Гэхдээ ёс зүйн хувьд Үндсэн хуулийн цэц гэдэг шүүх, хууль, хяналтын салбарын эцсийн шатны байгууллагын даргад тэнцэнэ гэдэг юу л бол.
Тэртэй тэргүй Д.Сугар Монгол Улсаас хумсалж, хулгайлсаар хагартал баяжсан нэгэн. Ийм хүн одоо юу хүсч ҮХЦ-ийн дарга болох гээ юм бол.
Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр л бий гэж ярьдаг. Харин тэнгэрээс бусад нь хянах боломжгүй ийм хариуцлагатай албанд хэнийг тавихаар ярьж байгаа нь энэ вэ.
URL:













