Тэд чухам хэн нь хэн бэ?
Ээлжит бус чуулган энэ сарын 18-нд хуралдахаар товлогдсон. Тэгвэл уг чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга нарын чөлөөлөх асуудлыг тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь нэр дэвшүүлсэн хоёр хүнийг АТГ-ын дарга, дэд даргад томилуулах саналтай байгаагаа УИХ-ын даргад илэрхийлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оны тавдугаар сард АТГ-ын дарга, дэд дарга нэр дэвшүүлэх олон нийтийн санал асуулга зохион байгуулж байсан. Энэхүү санал асуулгаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалд нэр дэвшүүлэх санал нийт 6.405 иргэнээс иржээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, хамгийн их санал авсан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нар авсан учраас тэднийг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх саналтай байгаагаа Ерөнхийлөгч дахин илэрхийлсэн байна.
АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИЖ БУЙ Д.ДАВАА-ОЧИР ГЭЖ ХЭН БЭ?
Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.
АТГ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?
Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан аж.
URL:





