Ардчилсан намын коммунист хурал

Ардчилсан нам хуралдав. Мөнгөтэй эр дагаж хэдэн муу хүүхдүүдээ хаяад явчихсан “авгай” төрхөмдөө буцаж ирэхэд хүүхдүүд нь дурамжхан хүлээж авдаг шиг л халуухан юм болов. Үнэндээ бол намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалаа  хаяж, итгэж дэмждэг мянга мянган гишүүд дэмжигчдээ орхиод Ардын намын өвөрт орсон хэдэн сайдуудаа жагсааж байгаад намын даргатайгаа хамтад нь ялласан хатуухан хурал. Арга ч үгүй биз дээ. Мөнгө, албан тушаал харахаараа, цээжээ дэлдэж ярих дуртай ардчилал, олон ургальч үзэл, цөөнхийн дуу хоолой энэ тэрээ мартаад бусдын өвөрт ум хумгүй гүйж очдог, жаахан “юм цохиж” бялуураад ирэхээрээ ард түмний аж амьдрал, үндэсний эрх ашгаа ч умартан хариуцлагаас зугтдаг ийм дарга нараасаа намын нөхөд нь уйдалгүй ч яахав.

Дархан цаазтай газар, хориотой ангийн лиценз олгож, авилга авч сая долларын хаустай болсон гэгддэг нэг нөхөр хамтарсан засагт орсон бидний мөрийн хөтөлбөр 90 хувь биелсэн гэж зурагтаар улаан цайм туудаг байгаа. Эх нялхсын эндэгдэл газар авч, монголын бараг бүх хүүхдүүд шар өвчнөөр өвчилж, хорт хавдар, бэлгийн замын өвчин, ДОХ-ын аюул харанга дэлдэж байхад Архангайд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, шонд өлгөсөн гэрэлд таанз гишгэж явсан нэг нөхөр зуун хувь гэж толгой дохиж зогсох юм.

Ардчилсан либераль үзэл баримтлалтай, өөрсдийгөө сонгодог ардчилагчид хэмээн өргөмжилдөг энэ намын хурал харин хаа очиж жинхэнэ улаан коммунист хурал боллоо. Намынх нь дараагийн дарга хэмээгддэг Х.Баттулга хэмээх эр өөрөө үүнийгээ индэр дээрээс хэлэв. “Манай намын хурал хуучны коммунист, социалист хурал шиг болж байна. Намын дарга өөрөө хурал удирдаж, бүхнийг азаргалж болохгүй”. Н.Алтанхуяг үнэндээ бол азарга байж чадаагүй л дээ. Загнахыг нь загнаж, залилахыг нь залилж, аргадахыг нь аргадаж, амлахыг амлаж байж л суудалдаа үлдсэн.

АН-ын мундаг том лидерүүд хэмээгддэг Х.Баттулга, З.Энхболд, Г.Батхүү, Н.Батбаяр нар түүний хажууд улстөрийн “А” ч үгүй түүхийгээрээ жаалууд гэдгээ харууллаа. “Жаалууд” намын дарга болж чаддаггүй л байхгүй юу. Тэд нийлээд нийлээд ганц муу “чацарганы наймаачин”-г дийлээгүйдээ боож үхэх шахаж явна. Намын дарга нь өөрөө хурал удирдаж, үг хэлэх гэсэн бүхний өөдөөс хялайж нэг, бүлтэгнэж нэг харж байгаад, тооллогын комисстойгоо хуйвалдаж санал будлиантуулсан шигээ хуралдахыг үздэг юм байна. Харин нөгөө хуучинсаг, коммунист энэ тэрээрээ байнга дуудуулдаг Ардын намынхан хаа очиж сэтгүүлчдэд нээлтэй байж, хурлаа шууд дамжуулж, ардчилалтай хуралддаг болсон байна лээ.

Ядаж л намын дарга нь өөрийнхөө нэрийг хурлын тэргүүлэгчид дэвшүүлж, мандатын болон тооллогын комисстоо ирц, саналын дүн хоёр дээр нь ажиллаарай гэж үүрэг өгч онигоотдоггүй юм билээ. Хэвлэлийнхэнд нээлттэй, бүрэн эхээр нь шууд дамжуулна гэж зарлачихаад даргыгаа шүүмжлээд эхлэнгүүт сэтгүүлчдийг хөөж гаргадаггүй юм байна лээ. Ганцаарчилсан тоглолт хийж засгаас гарахаа мэдэгдсэнээс нь болж шатахуун, мах, барааны үнэ өсч, намынхаа гайгүй байсан рейтингийг навс унагалаа, энэ нам хамтын удирдлагатай юм уу, ганц хүний компани юм уу гэж намын даргаа шүүмжилж буй ҮЗХ-ны олон гишүүдийн буруу гэж юу байхав.

Харин ихэнх нь сонгуулийн тойрог өгнө гэсэн “чацарганы наймаачин”-ны үгэнд итгэж, үнэт зүйлээ уландаа гишгэн намын даргаа өмөөрөхийг нь хараад өрөвдлөө. Хүний гэнэн барагдахгүй ээ гэж. Сонгуульд тойрог авчих санаатай амьсгаа өндөртэй гүйлдэж буй хэдэн нөхдийн балгаар Ардчилсан нам коммунист даргатайгаа хэвээр үлдэв. Мөнгө, албан тушаалын төлөө шуламтай ч нөхцөхөд бэлэн Аптангудастуудаас болж энэ нам коммунист бас дээр нь “биеэ үнэлэгч”-ийн статустай хоцорлоо. Хорин хэдэн жилийн тэртээгээс идэр есийн тэс хүйтнээр ардчиллын төлөө жагсч, энэ намын төлөө саналаа өгч дэмжиж ирсэн олон зуун хүний сэтгэл гундуухан үлдлээ.

Өөрийнх нь хамгийн ихээр хайрладаг үнэт зүйлийг нь хэдэн шоволзсон залуучууд нэг муу тойргийн мандатаар худалдахыг хараад ардчиллын партизануудын даралт ихсэж харвачих дөхлөө. Намын даргынхаа “азаргалж” хийсэн коммунист хурлын шийдвэртэй санал нийлээгүй зарим ардчилагчид их хурлаа яаралтай хуралдуулах гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тавдугаар сарын эхээр их хурал хийж, сонгууль хаяанд ирсэн учраас намын даргыг солих нь буруу гэсэн шийдвэр гаргуулахаар тооцоолж байсан Н.Алтантуяагийн “алтан уяа” төлөвлөгөөнд аюул заналхийлэв. Сандарсан дарга сонгуульд ялвал чамайг сайд, дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга болгоно хэмээн алаагүй баавгайн арьсыг ҮЗХ-ны гишүүддээ хувааж эхэлсэн сурагтай.

Албан тушаал авч л байвал өрөөсөн нүдээ ухаад өгөхөд ч бэлэн цаад хэдэн нөхөд нь дээр дооргүй алалдаж эхэлжээ. Одоо ч юм юм л болно доо, энэ айлд. Тус намын нөлөө бүхий ууган фракцуудын нэг болох МоАХ-ны дарга Женкогийн Х.Баттулга хэлсэнчлэн “Ардчилсан намын коммунист хурал” араасаа иймэрхүү бужигнаан дагуулж байна. Н.Алтанхуяг ч лаг юм аа, Ардчилсан намыг коммунист аргаар удирдаж чаддаг.

С.ДАНЗАН


URL:

Сэтгэгдэл бичих