Сансрын станц Монголын говьд унаж болзошгүй
ОХУ-ын гариг хоорондын “Фобос-грунт” станц Хятад, Монголын хилийн ойролцоо говьд унаж болзошгүй талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сайтууд өчигдөр мэдээлсэн байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Ангариг гариг руу хөрсний дээж авахуулахаар хөөргөсөн уг сансрын станцын хөдөлгүүрт гэмтэл гарч, ийнхүү дэлхий дээр буцаад буухаар болсон байна. Уг станцын унаж болох газрын талаар эрдэмтэд нарийвчлалтай тооцоог гаргаж байгаа бөгөөд өмнө нь Роскосмос энэ тухай мэдэгдэхдээ сансрын станц Энэтхэг, Атлант болон Номхон далайд унаж болзошгүй гэж тооцоолж байжээ. Гэтэл сүүлийн гаргасан тооцоогоор энэхүү станцын унах чиглэл өөрчлөгджээ. Станцын чиглэл өөрчлөгдсөнийг дэлхийн тойрог замын өндрийг өөрчилсөнтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, эрдэмтдийн урьдчилсан тооцоогоор 200 кг жин бүхий ойролцоогоор 20-30 ширхгээс бүрдсэн сансрын станц нь энэ сарын 15-16-д шилжих шөнө хойд өргөргийн 51.4 хэмээс өмнөд өргөргийн мөн ийм хэмтэй хэсэгт унаж болзошгүй байгаа аж. Энэ нь ойролцоогоор Хятад, Монголын хилийн ойролцоох говьд унана гэсэн тооцоо юм. ОХУ-ын цагаар өчигдөр 22.00 цагийн үед, Монголын цагаар өнөөдөр үүрээр унах байх гэсэн тооцоог ч бас гаргажээ. Ингэхдээ агаар мандлын 100 км өндөрт сансрын хөлгийн түлшний нягт хэсгүүд бүрэн шатсаны дараа эх дэлхийд унах юм хэмээн эрдэмтэд тооцоолсон талаар “Gazeta.ru” мэдээлжээ.
Энэ талаар Одон орон, гео, физикийн газраас тодруулсан юм. Тус газрын мэргэжилтний тайлбарласнаар манайд энэ талын судалгаа хийдэггүй, хянадаггүй аж. Энэ үзэгдлийг хянадаг дуран нь манайд байдаггүйгээс гадна нарийн мэргэшсэн хүн байхгүй гэсэн хариулт өгөв. Сансрын станц тал хээр унавал ямар нэгэн хохирол учрахгүй гэнэ. Учир нь хурд багатай учраас солирыг бодвол аюул багатай байдаг аж.
Х.ЦЭНД-АЮУШ, Д.ЦЭРЭНДОЛГОР
URL:













