Ц.Нямдорж сайд эксел машины зовлон тоочив

УИХ-ын баасан гаригийн чуулганаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэнийг У.Батсуурь гишүүн танилцуулсан.

Хуульд оруулж буй гол нэмэлт, өөрчлөлт нь орон сууцны хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хүн амьдрахыг хориглосон орон сууцыг ашиглахыг хориглох, дахин төлөвлөх, оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлэх, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулах шаардлагатайг багтаасан аж. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдийн олонх нь зарчмын хувьд дэмжиж байгаа ч хуулийн төслийн найруулгыг сайжруулах шаардлагатай хэмээж байсан юм. Тухайлбал, хүн амьдрахыг хориглосон орон сууц гэж ямар сууцыг хэлэх, нийтийн орон сууц барих газар нь төрийн мэдэлд байх бөгөөд худалдахыг хориглоно хэмээн заасан нь найруулгын хувьд учир дутагдалтай хэмээж байв.

Хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж Эдийн засгийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Уг нь энэхүү хуулийн төслийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцээд үдээс хойших чуулганаар Ц.Сэдванчиг гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан ч үдээс өмнөх хуралдаанаар бүх асуудлаа “халтуурдахаар” шийдсэн бололтой асуулгын хариуг сонсож эхлэв.

“Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн биелэлтийг хангах асуудлыг Засгийн газраас хэрхэн зохицуулж байгаа болон ямар үр дүнд хүрсэн талаарх асуулга”-ыг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг тавьсан юм.

Асуулгын хариуг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хууль 2007 онд батлагдсан бөгөөд тухайн үед 26 хадгаламж зээлийн хоршооны 8301 эзэмшигчдийн 72 тэрбум төгрөгийн хохирлыг уг хуулиар зохицуулахаар болсон билээ. Хуульд зааснаар шүүхийн байгууллагаар хохирсон эсэх нь тогтоогдсон бол төрөөс 50 хувийг нь олгохоор болсон. Харин үлдсэн 50 хувийг барьцаанд хураан авсан бараа материалыг борлуулж төлбөрийг барагдуулна гэж заажээ.

Хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 7290 хохирогчид хохирлын 50 хувийг буюу 34.5 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байгаа тухай Ц.Нямдорж сайд дурдана лээ. Энэ нь шүүхээр хохирсон нь тогтоогдсон иргэдийн 98.6 хувь нь гэнэ.

Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр 39 гишүүн хуралдаж байсан бол асуулгын хариу сонсох үеэр есөн гишүүн л үлдэв. Уг нь асуулга тавьсантай холбоотойгоор 10 гаруй гишүүн асуулт асуухаар саналаа өгсөн ч нэрээ цуцалсаар цувран гарч одов.

Асуулгатай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэлээд идэвхтэй асуулт асууж байсан юм. Тухайлбал, Я.Батсуурь гишүүн хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос өөр ийм олноороо хохирсон тохиолдол байдаг эсэх, цаашид энэ мэт байдал гарвал төр хариуцлага үүрээд явдаг тогтолцоо байсаар байх уу. Хэн нэгэн хариуцлагагүй этгээдээс болж ийм их хөрөнгийг улсын төсвөөс гаргасаар байх уу, ингэхгүйн тулд даатгалын тогтолцоог найдвартай, боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар санал оруулав.

Түүний асуултад Ц.Нямдорж сайд “Төр нь чадлынхаа хэрээр анхааруулсаар байтал залилангийн сүлжээнд мөнгөө өгчихсөн иргэдийг буруутгав. Тухайн үед арилжааны 10 гаруй банк, 100 гаруй банк бус санхүүгийн байгууллага байсаар байтал мөнгөө өсгөх нэрийдлээр Хадгаламж зээлийн хоршоонд аваачаад хийчихсэн” хэмээн халаглаж гарав.

Өнөөдрийн байдлаар хадгаламж зээлийн хоршоод шиг ийм олноороо хохирч төрөөс төлбөрийг нь барагдуулж байгаа тохиолдол хараахан гараагүй ч 2008 оны долдугаар сарын 1-нд амь насаараа хохирсон таван иргэн, 396 цагдаа, биедээ гэмтэл авсан 10 гаруй иргэн, үйл ажиллагаа нь доголдсон хэд хэдэн байгууллагын хохирлыг төрөөс барагдуулжээ.

Харин асуулга тавьсан Ц.Сэдванчиг гишүүн хууль батлагдаад дөрвөн жил болсон ч хэрэгжих явц удаашралтай байгааг шүүмжиллээ. Гишүүний, хэлснээр тухайн үеийн 26 хадгаламж зээлийн хоршооны 573, сүүлд шинээр дөрвөн хоршоо дампуурахад 415 нийт 1000-аад иргэн хохирлоо барагдуулж чадаагүй байгаа гэнэ.

Тэрээр сайдаас хохирол барагдуулж дуусах хугацааг нарийн хэлж өгөхийг хүсээд хоршоодоос хурааж авсан бараа, материалын борлуулалтын явцыг сонирхож, хаяг нь тодорхойгүй байгаа зээлдэгчдийн талаар лавлаж байлаа.

Сайдын хэлснээр барьцаанд хурааж авсан бараа, бүтээгдэхүүнээс борлогдож буй нь тун ховор гэнэ. Тухайн үед 3-4 жил явсан эксел авто-машиныг найман мянган ам.доллараар үнэлсэн нь өнөөдрийн шаардлага хангахгүй байгаа гэнэ. Тэр автомашиныг борлуулахад удаан хугацаа шаардагдана. Гэхдээ бараг борлогдохгүй болов уу хэмээсэн.

Уг нь хуулиндаа төрөөс хохирлын 50 хувийг олгож, үлдсэн 50 хувийг барьцаанд авсан бараа бүтээгдэхүүнийг борлуулж хохирогчдын хохирлыг барагдуулна гэж заасан байна.

Үнэлгээний хувьд тухайн үед мэргэжлийн есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч үнэлгээ хийж байсан бөгөөд бараа, тавилга, автомашин, сэлбэг авч байжээ. Хөрөнгийг нь авч байх үед бараа бүтээгдэхүүн үнэтэй байсан ч өнөөдөр үнэгүйдэхэд хүрч байна хэмээн сайд Ц.Нямдорж эксел автомашинаар төлөөлүүлэн тайлбарлав.

Хохирогчдын хохирлыг энэ улиралд багтаан дуусгахаар санхүүжилт нь Сангийн яамнаас ороод ирчихсэн гэнэ.

Асуулт асуухаар нэрээ өгсөн гишүүдийн төгсгөлд Д.Зоригт гишүүн “Тэдгээр луйварчид одоо хаана байна. Өршөөлийн хуульд хамрагдаад алга болсон уу” хэмээгээд “Барьцаанд үлдсэн барааг нэг төгрөгөөс авахуулан дуудлага худалдаанд оруулбал яасан юм. Тэгж гэмээнэ өрсөлдөөн бий болно” гэлээ.

Түүний хариуд Ц.Нямдорж сайд тухайн үед өндөр үнэлээд авчихсан болохоор хүссэн хүсээгүй үнэлсэн өртгөөр дуудлага худалдааг явуулахаас өөр арга байхгүй. Түүнээс буулгалаа гэхэд 50 хувь бууруулж болно. Ер нь юунд ч ашиглаж болохгүй эхсел машины хаалгыг хэн ч авах билээ” хэмээн өнөө л эксел машины зовлонгоо тоочив.

Д.Зоригт гишүүний асуусан “луйварчдын” тухайд шүүхээр буруутай нь тогтоогдсон 43 ялтан ял эдэлж байгаа бөгөөд хохирогчдын төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа тул ялын ямар нэг хөнгөлөлт, өршөөлд хамрагдаагүй байгаа юм байна.

Ийнхүү сэтгүүлчдээс ангид байж, ард түмний хяналтгүй болсон эрхэм гишүүд хуралдах гэж “оромдоод” өнгөрөв. Өнгөрөгч пүрэв гаригийн чуулганы хуралдааныг мөн л үдээс өмнө багтаан дуусгасан бол баасан гаригийн хуралдааныг ч есүүлээ сууж байгаад л “чуулж” дуусгалаа.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих