Өнөө үеийн цахим хэрэглээ, түүний хор уршгийг таниулсан “Би нар” уран сайхны кино

247

“Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийх гэж байгаатай талаар тус киноны найруулагч Ж.Сэнгэдорж, продюсер жүжигчин А.Өнөржаргал /Өскө/ болон уран бүтээлчид мэдээлэл хийсэн юм.

Продюсер жүжигчин А.Өнөржаргал: “Гэр бүлийн сэдэвт “Би нар” уран сайхны кино 4 дүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би нар” сэдэвт гэр бүлдээ бичих захидлын уралдаан зарлаж байна. Яагаад захидлын уралдаан зарлаж байна гэхээр өнөөдөр сошиал ертөнц хөгжиж байгаа нь гэр бүлд нэг асуудал болж байгааг хүн бүр хэлдэг. Энэхүү кино нь гэр бүлийн амьд харилцааг харуулсан кино байгаа. Тиймээс энэ уралдааны талаар сошиалаар зарлахгүйгээр бидний мартагдаад байгаа захидал бичих уралдаан зарлаж байна. Шалгарсан захидлын эхний байрын эзнийг ангийнхантайгаа Найрамдал зусланд амрах эрхийн бичигээр шагнана. Хоёрдугаар байранд орсон захидлын эзнийг ангиараа “Би нар” киног үзэх эрхийн бичгээр шагнана.

БИ НАР сэдвээр анги хамт олноороо ярилцаж, ангийн багш, аав ээжээсээ туслалцаа авч, 800 үгнээс хэтрүүлэлгүй бичсэн захидлаа MNB телевизийн Хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцад хүргэж өгөхөд л хангалттай юм.

 Хамрах хүрээ: 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчид хамрагдана. Хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 15-ний өдрийг дуустал хүлээн авна.

Найруулагч Ж.Сэнгэдорж: “Хүүхэд гэр бүлийн орчинд хийгдэж байгаа кино маш бага байдаг. Нийгэмд эцэг, эхчүүдийг хариуцлагатай байх үүднээс энэ киног хийсэн. Гэр бүлийн аав , ээж, хүүгийн бага насны тухай гарна. Энэ өнцөг дээрээ тухайн цаг үе, нийгмийн байдлыг тусгаж гаргахыг хичээсэн. Гурван өөр цаг үед амьдарч байгаа хүүхдүүдийн хүүхэд насны хөгжилтэй үйл явдлуудад тулгуурлан өнөө цаг үеийн цахим хэрэглээ, түүний хор уршигийг ойлгуулахаар зорьсон 3 бүлэгт кино юм. Уг 3 бүлэгт өрнөх үйл явдлууд нь байрлал, цаг хугацааны хувьд өөр, өөр байх боловч бүлэг бүрийн гол баатрууд нэгэн гэр бүл болсон байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн өсвөр насны хүүгийн ээж аавын хүүхэд настай харьцуулан дүрслэж тэдний хүүхэд насны нандин дурсамжуудыг өгүүлнэ. Кинонд уран нугараач охид тоглосон байгаа. Зөвхөн монголдоо биш  хүүхдийн ертөнц гадаадад хэрхэн харагддагыг харуулж хот, хөдөөгийн үйл явдлыг харуулахыг хичээсэн” гэлээ.

Х.Соёл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих