Ардаараа овоглосон засагт хүргэх үг

Бидний мэдэх цөөн хэдэн жилийн түүхийг хамтран бичилцсэн Ардчилсан нам хамтарсан засгаас гарч, Монгол Улсын орчин цагийн 90 гаруй жилийн түүхийг бичиж ирсэн Ардын нам Засгийн газраа дангаараа байгуулах   түүхэн цаг үе бидний өмнө ирж байна. Энэ бол зүгээр нэг солигдож, бусгаж байдаг урьдын Засгийн газрууд биш жинхэнэ ардаараа овоглосон Засгийн газар байгуулах түүхэн цаг үе ирж байгаа учраас онцолж байгаа хэрэг. Үүнээс улбаалан энэ Засгийн газрын өмнө хийх ажил нь хүлээж байна, хариуцлагатайгаар ажиллана уу гэсэн саналыг ардын чинь өмнөөс тавих нь эрхэм үүрэг байх. Хамгийн гол нь эх түүхээ эргэн санахад Ардын нам Монгол Улсын түүхэнд хоёр дахь том үйл хэргээ гүйцэтгэх завшаан олдлоо гэдгийг сануулах гэсэн хэрэг.

Ялангуяа шинээр томилогдож байгаа сайдуудын ажил хэрэгт ташуур болох болов уу гэсэн үүднээс үүнийг бичиглэж сууна. Яагаад гэхээр одоо та бүхний ажилд хөндлөнгийн хэн нэгэн оролцох ямар ч шаардлагагүй болсон, тиймээс ард түмэнтэйгээ хамтраад ажлаа хийхэд бас ч цаг хугацаа байна шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоогоос 90 гаруй жилийн өмнө Монгол Улс ямар байв гэдгийг сануулахад их л хүйтэн сүүдэр жиндүүлэх мэт санагдах вий. Тухайн цагт Монгол Улс 600 гаруй мянган хүн амтай, үүнээс ид ажиллах насны сайхан эрчүүлээ олбогт залсан, Манж амбаны хамжлагт өдөр шөнөгүй зүтгэсэн, хацар гоо охид нь халдварт өвчинд нэрвэгдсэн ийм л дүр төрхтэй байлаа.

Ийм л улсыг Ардын нам байгуулагдсанаар аварч байсныг түүх мартаагүй. Цагаан дээр хараар бичсэн үнэн түүх цусаараа бичсэн өвгөдийн гэрээслэл ч үүнийг гэрчилдэг юм. Тийм учраас өнөөгийн Монгол Ардын Намынхныг уугуул нэрээ сэргээн авч, түүхэн хувьсгал хийхээр зүтгэжээ хэмээн ард түмэн чинь далдуурхан хэрнээ гэгээнээр хардаж сууна. Монгол Улсыг мөхлөөс аварсан Ардын нам өнөөдөр бас л түүхэн цаг үеийн хаалгаар орж ирлээ. Иймээс ард түмэн ардын засгаас л бүх зүйлийг хүсэх болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл 1911, 1921 онд хийсэн соёлын, эдийн засгийн, эрүүл мэндийн, хөдөлмөрийн, боловсролын хувьсгалыг орчин цагийн салхинд нийцүүлэн хийх түүхэн үүрэг Ардын засгийн өмнө тулгарч байна.

Энэ жил дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгууль болно, үүний өмнө энэ Засгийн газар шинээр байгуулагдаж байгаагаараа бүр ч их онцлогтой. Улс орны амьдралыг сонгуулийн хөлд сүйдүүлчихгүй байх нэн хариуцлагатай үүргийг Ардын намын дангаар байгуулж буй ардын засаг хүлээж байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямрал ардын засгийг тосч буй гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд хамаатай эдийн засгийн хямрал жижигхэн Монголыг тойрохгүй нь лавтай учраас эл сөрөг үзэгдлээс эх орныхоо амьдралыг хэрхэн аврах хөтөлбөр, төлөвлөгөө С.Батболдын Засгийн газарт нэн чухал.

Уг нь гурван жил илүү бас ч гэж улс орны төлөө хамтран зүтгэсэн АН-д ч хамаатай л асуудал байх. Гэхдээ тэд нэгэнт сөрөг хүчний байр суурьт ирсэн “найраа” тэмдэглэж эхэлсэн учраас сөрж, сөргөлдөхөө л урьдаа тавих хэрэгтэй болов уу. Тиймээс 2008 оны сонгуулиар нэгэнт олонхи болсон хувь тохилоор ачаагаа үүрч, асуудлаа дангаар шийдвэрлэх цаг ирсэн байна. Ардын засгийн өмнө тулгарах дараагийн том асуудал бол Тавантолгойн орд газрын үйл ажиллагааг цааш ахиулах, иргэн бүрийн дансанд орсон 536 ширхэг хувьцааг ашиг болгох асуудал билээ. Энэ орд газрын хувь хишгээс ард түмэн хүртэхээр хүлээж байна. Асуудлыг шийдвэрлэкийг АН-аас биш, Ардын намаас хүлээж байгааг ч хэлэх нь зүйтэй биз ээ. Үүнтэй дөрөө харшуулаад хийх ажлууд хаа мундах билээ. Ардчилсан намын дутуу орхиод зугтсан их бүтээн байгуулалт, барилга орон сууцны асуудлыг Х.Баттулгаас биш Засгийн газрын танхимд шинээр орж ирэх Ц.Дашдорж Танаас нэхнэ.

Төмөр зам гэхчилэн их бүтээн байгуулалтын ажил бас байна. Тэдний дутуу орхиод явсан, жилд 60 мянган хүнийг ажлын байртай болгох, сургалтын тэтгэлгийг Н.Алтанхуягаас биш, Тэргүүн Шадар сайд У.Хүрэлсүхээс нэхнэ. Дал наяад оны тоног төхөөрөмжтэй орхиод явсан эрүүл мэндийн салбарын асуудлыг С.Ламбаагаас биш, Н.Хүрэлбаатараас нэхнэ. Эх орны халдашгүй дархан эрх, аюулгүй байдлын төлөө юу хийв гэж Л.Болдоос биш Ж.Энхбаяраас асуух болж байна. Монголын мөнгөний авдарт хэр их нөөц байна, Тавантолгойн орд газрыг хөдөлгөхөд ямар арга хэмжээ авах вэ гэж С.Баярцогтоос биш, Д.Хаянхярваагаас асуухаар болов. Хариуцлагатай уул уурхай, байгаль экологид нөлөөлж буй хүчин зүйлсийг тэр чигээр нь
Л.Гансүхээс биш Д.Цогтбаатар Танаас асууна.

Дэлхий нийтэд ирж болзошгүй хямралаас эдийн засгаа аврах нь бидний хамгийн тэргүүн зорилго байх ёстой. Дэлхийн зах зээл дээр үнэт цаасны үнэ хэлбэлзэх, нефтийн үнэ, валютын ханш гээд итгэлцэлд үл багтах, биднээс үл хамаарах олон эрсдэл ч шилээ даран хүлээж байна. Гэхдээ энэ бүхнийг шийдвэрлэх л ёстой. Ийм түүхэн үүрэг ч ард түмнээрээ овоглосон Засгийн газарт ногдож буйг хэлэх нь зүйтэй. Монгол Ардын Нам XXI зуунд бүтээснээсээ ихийг бүтээх зорилго дэвшүүлэн 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс “Ард түмнээ сонсох аян”-ыг улс орон даяар өрнүүлсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор 21 аймаг, 248 сум, нийслэлийн найман дүүрэгт хүрч 650 гаруй мянган иргэн, сонгогчтой уулзаж, тулгамдсан 281 асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, бүтээлч 307 ажлын санал, санаачлагыг Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Чухам ард түмнийхээ санал бодлыг сонсох түүхэн үүрэг яг одоо Ардын намын эмхлэх ардын засагт ногдов биш үү. Одоо хэнд итгэж, хэндээ найдах вэ, өөрсдөө л хийх цаг. Нөгөө талаар сонгуулийн босгон дээр дангаар засаглах Ардын намыг, шинээр танхимд багтах сайдуудыг өөчлөх, гоочлох явдал тасрахгүй нь бололтой. Тиймээс сайдад нэр дэвшсэн зургаан эрхмийг дахин онцлох нь зүйтэй гэж бодном.

У.ХҮРЭЛСҮХ
Зангарагтай улстөрч У.Хүрэлсүхийг Ардын намын генсекээр ажилласан он жилүүдэд тус намд хийгдсэн олон ажлыг дурдвал цаг, цаас хүрэлцэхгүй. Ганцхан жишээ л дурдахад өнгөрсөн сонгуулийн дараа болсон үймээн самуунаар байраа шатаалгачихаад гар хумхин суугаагүй, Тусгаар тогтнолын ордноо барьж, тулганы галаа асаахад тэрбээр гол үүргийг гүйцэтгэсэн нь үнэн билээ. Энэ нь түүнд зохион байгуулах асар их авъяас чадвар бийг илтгэсэн хэрэг юм. Улстөрийн нам бодлого гаргадаг, ард түмний санал бодлыг нэгтгэн зангиддаг, урагш хөтөлдөг. Ардын нам ийм байхад түүний оруулсан хувь нэмэр яах аргагүй том билээ. Тиймээс У.Хүрэлсүх зангарагтай улстөрч яах аргагүй мөн. Түүний зангараг ардын Засгийн газрын Тэргүүн шадар сайдад өлхөн нийцнэ.

Ц.ДАШДОРЖ
ЗТБХБ-ын сайдаар томилуулахаар МАН-ын бүлэг олонхиороо шийдсэн нь түүнийг эхлүүлсэн ажлаа дуусгах итгэлийг өглөө гэж олон түмэн харж байна. Тэрбээр Барилга, байгуулалтын дэд сайдаар ажиллахдаа салбар хариуцсан сайд Ж.Наранцацралт агсантай гар сэтгэл нийлэн ажиллаж олон ажил амжуулсныг нь олон түмэн өндрөөр үнэлдэг. Тухайлбал, 40 мянган айлын орон сууц зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн нь өдгөө ажил хэрэг болсон. Жилээс жилд орон сууцны тоо нэмэгдэж, олон залуу гэр бүл орчин үеийн шинэ орон сууцанд орж гал голомтоо бадрааж байгаа нь энэхүү ажлын үр дүн гэж үзэхээс өөр аргагүй. Түүнчлэн хотыг шинжлэх ухааны үндэстэй орчин үеийн төлөвлөлттэй болгох, шинэ барилга байгууламжид техникийн шинэ шийдэл нэвтpwлэx ажлыг Ц.Дашдорж сайдтай холбон ярьдаг. Хувийн салбарынхан хөнгөн шуурхай, хүнд сурталгүй арга туршлагыг төрд нэвтрүүлсэн хэмээн түүнд өөриймсөг ханддаг. Ямартаа ч нэгэн цагт дэд ңь явсан салбарынхаа сайдаар очих визээ тэрбээр авлаа.

Н.ХҮРЭЛБААТАР
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшээд байгаа эрхмийг салбарынхаа жаргал, зовлонг гарын арван хуруу шигээ мэддэг хүн хэмээн тодорхойлж байна. Асрагчаас ажлын гараагаа эхэлсэн сайд энэ салбарт өнөө хэр ажилласныг мэдэхгүй юм. Н.Хүрэлбаатар харин тийм хүн ажээ. Чагнуур барьж үзээгүй нэгэн хүн ардын эрүүл энхийн манаанд зогсоно гэдэг угаасаа утгагүй гэдгийг монголчууд ёстой л амь биеэрээ мэдэрсээр өдгөө хүрсэн. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд С.Батболд өвчтөнийг асарч тойлохоос эхлээд өөрөө чагнуур барьж, бүр бодлогыг нь зангидалцсан эрхмийг санал болголоо. Энэ сонголт лав алдаагүй.

Д.ЦОГТБААТАР
БОАЖ-ын сайд болгохоор намын нөхөд нь зөвшөөрсөн Д.Цогтбаатарыг хамгийн энгийнээр тодорхойлбол нэр цэвэр, мэдлэг боловсролтой, хийсэн ажил, хэлэх үгтэй төрийн хүн ажээ. Монгол Ардын Намын ирээдүйтэй залуу лидер гэдгийг намынхан нь ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Олон улсын харилцаагаар толгой цохидог түүнийг хашсан апбаа нэр төртэй, хариуцлагатай, тууштай хийсээр ирснийг нэр хүндтэй дипломатууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тиймээс орчин үед тэр тусмаа гаднын хамтын ажиллагаа хамгийн чухал хэрэгтэй байгаль орчин, аялап жуулчлалын салбарыг түүнд хариуцуулах болсонд олон нийт талархан хүлээж авч байна.

Ж.ЭНХБАЯР
Батлан хамгаалах яамны сайд асан Ш.Жадамбаа генералын хүү, багаасаа л цэргийн амьдрал дунд өсч бойжсон, цэргийн хүн болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, цэргийн сургуулийн сонсогч явсан гээд түүний намтар эхэлнэ. Ж.Энхбаяр зарим хүмүүсийн ярьдагчлан улстөрд цоо шинэ хүн биш. 1996 онд үеийн хэсэг залуусын хамт Монгол Ардын Намыг хөгжүүлэх, шинэчлэх, улстөр дэх залуучуудын идэвх оролцоо, дуу хоолойг бодитой болгох зорилгоор намд элсч байсан түүхтэй. Хэдийгээр бусдаас харьцангуй залуу ч түүнд төрийн ажлын туршлага, ямар ч хүнд үед ачаа даах сэтгэл зүйн тэнхээ, мэдлэг чадвар хангалттай хуримтлагдсан гэж үнэлдэг юм билээ. Монгол Ардын Намын залуу улстөрч, эдийн засагч, судлаачдаас бүрдсэн Монгол орныг ойрын 20 жилд хөгжүүлэх “М-31″ хөгжлийн хөтөлбөрийн гол авторуудын нэг тэр. Тиймээс эцгийн өв, улстөрийн туршлага, ажил амьдралын замнал Ж.Энхбаярт батлан хамгаалах салбарыг хариуцуулах бүрэн боломжтойг илэрхийлж байгаа юм.

С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих