Шарталттай тэмцэх өвөрмөц аргыг эрдэмтэд боловсруулав
Согтууруулах ундааны хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж заншсан хүмүүс маргааш нь шартана гэдгээ умартдаг нь даан ч тоогүй. Гашуун юманд дуртай хүмүүс шараа архиар тайлдаг нь буруу гэдгийг Америкийн мэргэжилтнүүд онцолж байна. Лойолын их сургуулийн анагаах ухааны төвийн эмч Аарон Майклфелдер шартсан хүмүүст зориулсан зөвлөгөөг гаргасан аж. Тэдгээрийг мөрдөх юм бол шарталтаас зөв ангижрах боломжтой гэнэ. Нэн түрүүнд та согтууруулах ундаа уухаасаа өмнө хэдий хэмжээний архи, дарс ууна гэдгээ бодож төлөвлөсөн байх ёстой. Эмч нар эрчүүдэд гурван цагийн туршид таван лонх шар айраг, эмэгтэйчүүдэд гурван жүнз улаан дарс уухыг зөвлөж байгаа юм. Энэ хэмжээнээс хэтрүүлбэл шарталт хүчтэй явагдана гэсэн үг. Мөн та архи уухаасаа өмнө ибупрофен юм уу бусад үрэвслийн эсрэг эм бэлдмэлийг уувал зүгээр.
Найр наадам эхлэх үеэр юун түрүүнд сайтар хоол унд идээд дараа нь согтууруулах ундаа хэрэглэх нь дээр. Хоол унд архины үйлчлэлийг бага зэрэг удаашруулдаг аж. Уухдаа шунаж болохгүй. Бага багаар тодорхой завсарлагатайгаар уух хэрэгтэй. Болж өгвөл архи, дарс хөнтөрснийхөө дараагаар нэг аяга цэвэр ус ууж байвал зүгээр. Ингэвэл усгүйжих үйл явц удааширна. Тэрчлэн В аминдэм бүхий нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Найр дууссаны дараа сайтар унтаж амран маргааш өглөө нь нэмж уулгүй, жолооны ард суухгүй байхыг Майклфелдер эмч зөвлөж байна. Өглөө нь В аминдэмийг их хэмжээний усаар даруулж уун дасгал, сургуулилт хийх хэрэгтэй. Эрчимтэй дасгал, сургуулилт хийх үеэр цус гурав дахин өндөр хурдтайгаар судсаар гүйдэг аж. Ингэснээр цус элэг, бөөрөөр олон дахин шүүгдэж хордлогыг гадагшлахад нөлөөлдөг байна.
URL:













