Зургаан сайд яах вэ, генсек л…
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын шинэ сайд нарт үүрэг өгчихөөд өмнийн говийг зорив. Ерөнхий сайд С.Батболд Швейцарын Давос хотноо жил бүр болдог дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох юм. Зургаахан сар хаших сайдын алба, хурган дарга нарын албан тушаал олон нийтэд байтугай тэр бялуунаас хувь хүртэх чин хүсэлтэй нөхдөд ч тийм ч их сонирхолтой биш байх шиг. Харин хамгийн их сонирхол татаж буй сонголт, томилгоо гэвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргынх болоод байна. Намын генсек гэдэг бол хамгийн товчоор хэлбэл, нам гэдэг айлын өдөр тумын хамаг ажилтай зууралдаж түүнийг зохицуулж байдаг, нэг ёсондоо гал тогооны ерөнхий тогооч л доо. МАН-ын генсек гэхэд намын даргаасаа ч дутахгүй их эрх мэдэлтэй. Намын хамаг бодлого шийдвэрийг гаргаж байдаг, намын бүрэлдэхүүний цөм сүрэг, уураг тархи болсон удирдах зөвлөл гэдэг том байгууллагыг энэ хүн даргалдаг. Намын хамаг мөнгө санхүү, аж ахуй, төсөв хөрөнгийг захиран зарцуулах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас намын дарга албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх онцгой эрх ганцхан энэ хүнд л бий. Ийм л том албан тушаал даа. Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг ийм учраас л сайдын суудлаас ч илүү амттай бялуу байх нь гарцаагүй. Ер МАН-ын шинэ үеийн түүхийг аваад үзсэн ч үлэмж туршлагатай, гишүүд, олон түмэнд хамгийн их нэр хүндтэй, их гарын нөхөд генсекийн албыг хашиж байсан нь чухам дээрхтэй холбоотой билээ. Г.Очирбат, Б.Даш-Ёндон гуай энэ тэрийг тооцохоо больё л доо, Л.Энэбиш агсан, С.Баяр, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр нарыг аваад үзье.
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг үүднээс үзэхэд л эхний хоёр нь үнэхээр аваргууд шүү дээ. Сүүлчийн хоёр тэр хоёроо гүйцэхгүй. Аль ч талаараа жулдана. Одоо тэгэхээр ийм онцгой албан тушаалын хүнээ Тэргүүн шадар сайд болгочихоод оронд нь хэнийг тавих гэж байгаа юм бол. Сонгууль хаяанд ирчихээд байхад шүү дээ. Уг нь ийм тохиолдолд МАНынхан “гарман дээр морио сольдоггүй” гэж тайлбарлаад огт хөдөлдөггүй практиктай улс шүү дээ. Үнэндээ МАН, АН хоёроос бусад намын генсекийг олон түмэн байтугай гишүүд нь бараг мэдэхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй. Монголд 20 орчим нам албан ёсоор бүртгэлтэй байдаг юм гэсэн. Тэд цөм генсектэй байж таарна. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон, Буян Жагаагийн БНН, XLT Батболдын МУНН, ТВ-ээр хааяа гардаг Төмөр сүхийн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын генсекийн хэн гэдгийг та хэлж чадах уу. МАХН-ынх Н.Удвал, ИЗН-ынх “Шар айраг”- ийн гитарчин С.Ганхүү гэвэл гадарлах төдий. Манай улс төрийн намуудын бас нэг ноцтой алдаа энэ. Намд хамгийн хүчтэй, нөлөөтэй том албан тушаалтан бол намын дарга, генсек хоёр л байх ёстой. Гэтэл намын дарга нь ч, генсек нь ч жижиг гар байх тохиолдол Монголд дэндүү олон. Намын нэр хүнд олон түмний дунд хэтэрхий муу байгаагийн учир шалтгаан ч чухамдаа энэ юм. МАН, АН-ын хүчирхэг байж, олон жил ээлжлэн эрх барьж, парламентын олонх суудлыг эзэлж байгаагийн гол үндэслэл нь генсекүүдийнх хүчирхэг байдлаас үүдэлтэй гэвэл худлаа гэх хүн олон гарахгүй л болов уу. Ийм нэг бодлын хамгийн их хэцүү сорилтын өмнө генсекээ солих нь алдаа юу, оноо юу гэдгийг цаг хугацаа, сонгуулийн дүн л харуулах учиртай.
МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гээд тов тодорхой заачихжээ. Тэгэхээр Ерөнхийлөг ч Ц.Элбэгдорж У.Хүрэлсүхэд Тэргүүн шадар сайдын виз олгосон тохиолдолд орны хүнийг нь зайлшгүй сонгож таарах нь. МАН-ын Бага хурлыг удахгүй зарлан хуралдуулна гээд байгаагийн цаад учир утга чухам үүнд байгаа ажээ. Чухам нэг талаар од нь гийсэн аавын хүү, нөгөө талаас нь харвал ачааны хүндийг нуруундаа үүрч, адаг сүүлд нь золиос болох азгүй амьтан хэн бэ. МАН-ынхан дээгүүр доогуураа энэ талаар сэм хэлэлцэж, санаа оноогоо солилцож байгаа аж. Одоо МАН-д генсекээс гадна дөрвөн ч нарийн бичгийн дарга бий. Хууччуулаас ганц Ц.Сүхбаатар үлджээ. Аль ч талаас нь үзсэн энэ нөхөр генсек болохгүй. Тийм зүрх зориг, чадвар түүнд байхгүй. Нөгөө гурав нь шинэхэн ногоо. Намын гал тогоог эрхлэх нь байтугай намын ажлын ч дөргүй нөхөд шүү дээ. Ингэхээр гаднаас генсекээ эрэхээс аргагүйд хүрч байна. Гэтэл бас нэг ноцтой гэмээр мэдээлэл чих дэлсч байна. МАН-ын гурван том дарга С.Батболд, У.Хүрэлсүх, С.Баяр нарын дунд нэгэн маш нууц тохиролцоо болсон гэх. Энэ гурав ярилцаад С.Баярыг генсек болгохоор санаа зориг шулууджээ. Цаадахь нь зөвшөөрөв гэнэ. Энэ бор шувуу хэр үнэний ортой юм бол. Манай намд гайхалтай чадвартай боловсон хүчин захаас аван замаар дүүрэн бий гэж баярхдаг энэ намд генсек хийчих хүн үнэнийг хэлэхэд тийм ч олон байхгүй л болов уу.
Б.Билгээ

URL:




