Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хүн бүрт тохиодог
Дэлхий дахиныг байлдан дагуулсаар байгаа цус сорогч ба жирийн охины хайрын түүхийн сүүлчийн анги “Үүрийн гэгээ II” удахгүй дэлгэцнээ гарна.
Харин уг киноны эрхийг эзэмшдэг “Lions Gate Entertainment” компани энэ сэдвийг телевизийн реалити шоу маягаар үргэлжлүүлэх арга сэдсэнээ мэдэгдлээ. Гэхдээ энэ шоу Кристен Стюарт, Роберт Паттинсон болон Тейлор Лотнергүй алдарших нь юу л бол. Ингэхэд Кристен Стюарт, Роберт Паттинсон нар амьдрал дээр ч амрагууд аж. 25 настай, Холливудын алдарт “цус сорогч” Роберт Паттинсоны “BRAVO”, “Mнa” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Роберт, “Бүрэнхий” киноны цуврал дуусах ямар санагдав?
-Мэдээж, гунигтай. Ямар сайхан адал явдал, итгэмээргүй аялал байсан гээч. Мөн үүрд хамт байх олон сайхан найзтай ч боллоо.
-Хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Бразилд бал сарын зураг авалт үнэхээр гайхалтай болсон. Хэрэв боломж олдвол би дахиад тийшээ очихсон. Би энэ улсад дурлачихсан.
-Үзэсгэлэнтэй, сайхан хүүхнүүдтэй хамт зураг авалтын талбай дээр ажиллах ямар вэ?
-Янзтай. Цаг үргэлж сайхан хүүхнүүдээр хүрээлүүлэх үнэхээр гоё. Ийм учраас л би жүжигчин болсон юм шүү дээ.
-Та цус сорогчдын талаарх энэ кинонд үргэлж цонхигор харагдах ёстой төдийгүй бас контакт линз зүүж байсан. Аль нь хэцүү вэ?
-Мэдээж, контакт линз. Ширүүн, заримдаа өвтгөдөг. Энэ л миний санаж үгүйлэхгүй цорын ганц зүйл. Харин цонхигор гэдгийн хувьд би огтхон ч татгалзахгүй. Би чинь англи хүн, тэгэхээр наранд биеэ удаан шарж болохгүй шүү дээ /инээв/.
-Хамт тоглосон жүжигчидтэйгээ цаашид харилцаатай байх уу?
-Тэгнэ л гэж найдаж байна /инээв/. Дандаа утсаар холбогдож байх эсэхийг би хэлж мэдэхгүй. Энэ бизнест бид үргэлж ийш тийшээ явдаг учраас байнгын харилцаатай байх амаргүй.
-“Үүрийн гэгээ” үнэхээр төгсгөлийн анги уу?
-Хэрэв тэд “Бүрэнхий”, “Хиртэлт”, “Хожимдсон өглөөний цай” гээд л үргэлжлүүлээд байвал зугаатай шүү /инээв/. Гэхдээ энэ бүхэн зохиолч Стефани Майераас хамаарах байх. Хэрэв тэр үргэлжлэлийг нь эсвэл энэ сэдвээр өөр ном бичвэл би дэмжинэ ээ.
-Киноны хамгийн дуртай хэсэг чинь юу вэ?
-Миний бодлоор хүүхдээ төрүүлж байгаа хэсэг киноны ерөнхий агуулгаас тэс өөр. Жаахан фантастик бөгөөд залуу үзэгчдийн хувьд арай л ил тод. Маш гоё дүрслэлтэй.
-Одоо та хэд киногоо сурталчилж, дэлхий даяар аялж явна. Энэ үеэр бие биеийнхээ талаар шинээр юу олж мэдэв?
-Кристен /Белла/ хоол хийх донтой. Ялангуяа зураг авалтын талбай дээр. Үнэхээр итгэмээргүй бөгөөд гайхалтай. Зураг авалт завсарлах болгонд тэр дандаа хоолны талаарх суваг үздэг.
-Та бүтээсэн дүрийнхээ юуг нь санаж уйтгарлах вэ?
-Эдвард орчин тойрноо хэрхэн хүлээн авч байгаа нь надад таалагддаг. Мөн “хуучин сургуулийнх” гэдэг нь тун догь. Минийхээр энэ үнэхээр мундаг. Үүнийг л санаж үгүйлэх байх даа.
-“Үүрийн гэгээ” киноны хоёр ангийг зэрэг авсан. Хэцүү байсан уу?
-Тийм шүү. Канадад зураг авч байхад сүүлийн хоёр өдөр бүрхэг байсан. Хоёр шөнө дараалан зураг авалт хийх үеэр маш хүйтэн төдийгүй үнэхээр аймшигтай байсан.
-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-Улаан малгайт. Кино үзэх сайхан шүү. Би “Бүрэнхий”-д тоглож эхэлснээс хойш огт кино үзээгүй. Тэр өдөр кино танхимаас гараад иртэл 60 хүн, бас 20 папарацци намайг хүлээж байсан. Тэднээс бүтэн өдрийн турш зугтах гэж оролдоод бараагүй.
-Хүмүүс нэрийг чинь гудамжинд дуудаж, хашгирах эвгүй байдаг уу?
-Асуудал юунд байна гэхээр би өөртөө итгэлгүй нэгэн л дээ. Би дотогшоогоо хүн, үүнээсээ бүрэн салж амжаагүй явна. Ер нь би өөрийгөө жүжигчин болж, алдарших хүн биш гэж боддог. Би хувь тавилангийнхаа эсрэг яваа /инээв/.
-Танай киноны шүтэн бишрэгчид үнэхээр галзуу шүү?
-Тэд энэ кинонд донтсон юм шиг байдгийг би мэднэ. Гэхдээ ийм донтолтын эцсийн үр дүн юу болохыг хэлж мэдэхгүй.
-Таныг их ганцаардмал болохоор золбин нохой тэжээсэн гэж сонссон?
-Үнэн. Би хаа ч явсан түүнийгээ авч явдаг. Лос-Анжелес, Ванкувер, Торонто, Нью-Йорк, Аризон муж гээд л. Харин миний найзуудын эго /өөрийн би-г хэт дөвийлгөх үзэл/ хэт их учраас намайг дагаж явдаггүй. Тэгээд л би ганцаарддаг.
-Хэрэв та дэлхийн хаан болбол ямар мөрөөдлөө биелүүлэх вэ?
-Юуны өмнө би боловсролын системийг стандартжуулна. Одоогийн систем дэлхийн хаана ч ялгаагүй маш төвөгтэй байдаг. Хүүхдүүд, өсвөр насныхан ирээдүйнхээ төлөө, хүссэн ажил төрөлдөө ороход хангалтгүйгээр хэтэрхий бага суралцаж байна.
Өө, надад бас нэг санаа төрлөө. Би улс үндэснийхээ бүх хөрөнгийг орон зайд шилжих асуудлыг судлахад зориулах байсан. Машин, онгоцгүйгээр хүрээлэн буй орчноо бохирдуулахгүйгээр хаашаа ч хамаагүй явна гээд төсөөл дөө.
-Яг одоо та юуг хоригломоор байна?
-Би уйтгартай хүмүүст дургүй. Өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхгүй, уйтгартай хүмүүс миний “төгс ертөнц”-д хэрэггүй. Тэднийг шоронд хорьж, шинэлэг, хөгжилтэй зүйлст сургах хэрэгтэй /инээв/.
-Та нийслэлээ хаана байршуулах вэ?
-Би эзэнгүй арал олоод “S ** t City” /Баас/ гэж нэрлэнэ. Аймаар муухай нэртэй болохоор хэн ч тэнд амьдрахыг хүсэхгүй байх л даа. Хот маань яг Фижи арал шиг сайхан бөгөөд ганцхан миний диваажин байх юм.
-Танай энэ улсын төрийн дуулал?
-“Spice Girls” хамтлагийн “Wannabe”.
-Яагаад?
-Хөгжилтэй шүү дээ. Тэгээд ч тэнэг улстөрчид хүртэл энэ дууг дуулна.
-Хатан хаан чинь хэн бэ?
-Улс орноо удирдах дуртай ямар ч эмэгтэй байж болно. Гэхдээ би түүнийг заавал тэг гэж шахахгүй л дээ /инээв/.
-Эгэл жирийн үхэх үйлтнүүдэд та юу хүсэх вэ?
-Чин сэтгэлийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломж хүнд бүрт тохиодог гэж би боддог юм.
-Шинэ киноныхоо талаар ядаж нэг зүйл хэлээч?
-Белла одоо л нэг юм цус сорогч болдог. Бид олон сонирхолтой “ажил хийдэг” /инээмсэглэв/. Бүх зүйл ер бусын.
URL:




