Н.Алтанхуяг даргыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газ­раас АН гарсан учраас Ерөн­хий сайд шинээр танхимаа бүрдүүлэх ёстой гэдэг байр суурийг гишүүд хэлж бай­сан. Дур мэдэн сайдуудыг нэр дэвшүүлэх нь улстөрийн соёлгүй явдал гэх юм. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

-АН-ыг хамтарсан Зас­гийн газраас гарна гэдэг мэдэг­дэл хийсний дараа нийгэмд зөв, буруу гээд яриа гарч байсан ч ҮЗХ гарах нь зөв гээд шийдвэрлэчихлээ. Одоо нэг тийш болчихсон асуудал.  Нөгөө талдаа АН хамтарсан Засгийн газраас яагаад гарах болов гэдэгт дүг­нэлт хийх ёстой.  Монгол Улсын авлигын индекс нэмэгдсэн. Түүнтэй адилаар ядуурлын түвшин нэмэгдсэн байх жишээтэй. 2008 онд 152 мянган төрийн албан хаагч байсан ч өдгөө энэ тоо 220 мянган гарчихсан байх жишээтэй. Тийм учраас төсвийн үрэлгэн байдал их нэмэгдсэн.

Хамтарснаар сайн зүйл мэдээж гарсан байх. Олон бай­гуул­лагаас дүгнэсэн дүг­нэлт зөвлөмжөөр Монголд хуулийн хэрэгжилт маш муу гэсэн. Ёстой л нөгөө дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэгтэй холбоотой. УИХ нь гаргасан хуулийнхаа хэрэгжилтэд олиг­той хяналт тавьж чадах­гүй. Тавьж ажиллалаа ч хариуцлага тооцохгүй намаар хамгаалдаг маш муу асуудал бий болчихлоо. УИХ бол ард түмний төрийн эрх барих төлөөллийг хэрэгжүүлдэг байгууллага. Нотолгоотой  зүйл дээр мөрдөн шалгах эрх байдаг.

Гэтэл түүнийг нь Үндсэн хуулиар тайлбарладаг хуу­чинсаг үзэлтэй хүмүүс. УИХ-аас олигтой шийдвэр гар­даггүй. Санал дүгнэлт л гэж гар­гадаг. Магадгүй  2000 онд Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн нь 100 хувь болно гэ­сэн үг биш л дээ. Нэгэнт гад­на дотноос ийм дүгнэлт ир­сэн тохиолдолд аливаа нам УИХ-ын гишүүд нь улс орны эрх ашгийг боддог бол эхнээсээ авахуулаад Ерөн­­хий сайдаас бусад нь гад­наас сонгох хэрэгтэй. Сө­рөг хүчин  болон УИХ нь хя­налт­аа тавиад явна. Сайд нар­тай хариуцлага тооцдог асуудлыг үлгэр жишээгээр харуулах ёстой.

-Ерөнхийлөгч шинэ сайд нарын томилгоон дээр Ерөн­хий сайдад санал хүр­гүүл­сэн. Үүнийг нь хүлээж авсангүй гээд АН-ынхан ам муутай байх шиг санагдсан. Та юу гэж бодож байна?

-Ерөнхий сайдыг хуулийн хэрэгжилтэд дорвитой алхам хийгээсэй гээд би болон манай намынхан хараад, хү­лээ­гээд сууж байна. Өнөөд­рийн байдлаар УИХ дээр сайд нарын асуудал орж ирээ­гүй учраас би түрүүлж яри­маар­гүй байна.

-Гэхдээ хэвлэл мэдээллээр би­чиг­дээд байгаа МАН-аас то­ми­лог­дохоор нэрс нь яриг­дсан сайдуудын ту­хайд ямар бодолтой байна вэ?

-Хувь хүний талаар тийм ийм гэж ярих нь зо­химж­гүй.

-Яагаад?

-Аливаа хүнийг хууль шүү­­хийн байгууллагаас янз бү­рийн асуудалд холбогд­со­­ныг нь  тогтоогоогүй бай­хад би тийм ийм гэж юу хэ­лэх вэ. Монголын ард түм­ний сонголт. Ажлын ачаа­лал даах, эрхэлсэн аж­лаа  ха­риуцах чадвар нь яваан­­даа ха­рагдана. Төрөөс ав­­лига авч, албан тушаал ав­сан тэр­бум­­тан сайд болж болохгүй нь ойл­гомжтой.  Нөгөө талаас УИХ-ын үйл ажиллагаанд сүү­лийн хэдэн жил аль зэрэг оролц­сон бэ. Үнд­сэн үүргээ гүй­цэтгэж чад­сан юм уу, үгүй юм уу гэ­дэг нь дараагийн ажлаа хэр­хэн хийж чадах вэ гэдэгтэй хол­бог­доно.

-Та энэ үгээ МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн дар­гын тухайд хэлэх гээд бай­на уу. Магадгүй Тэргүүн ша­дар сайдад тохиромжгүй хүн үү?

-Тэгж хэлээгүй. Хамгийн гол нь Тэргүүн шадар сайд Зас­гийн газрын гишүүнээс ял­гаатай байдаг юм уу, мон­голчууд нохой хамартаа хү­рэ­хээр усч гэж ярьдаг. Хүн бүр хийнэ бүтээнэ гэж байр суурь илэрхийлж л таар­на. Тэргүүн шадар сайд, дэд сайд энэ юм чинь гур­ван жилийн хугацаанд х­э­рэг­­гүй юм байна. Хямрал хи­лийн гадна хонх дэлдэж байна гэд­эг утгаар Засгийн газ­рын бүт­цийн талаар Ерөн­хий­лөг­чийн хэлсэн саналыг л хувь­даа  дэмжсэн. Зардал хэмнэх нь бага ч гэсэн зөв. Нөгөө та­лаас өнөөг хүртэл УИХ нь хууль хэрэгжилтэд хяналт тавих ажлаа муу хийсэн.

Өөрөөр хэлбэл Засгийн газар нь УИХ-ынхаа дээр га­рах тохиолдол ихэд гарах бол­сон. Энэ нь цөөхөн гишүүнтэй Мон­голын парламентад УИХ-ын гишүүн Засгийн газ­рын гишүүнийг давхар хийж ирсэнтэй холбоотой.

-Харин ч ийм өнцгөөс нь асуудалд хандсанаараа Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ард­чилсан намын талд илүү хандах хандлага гар­гачихсан юм биш үү?

-Олон ургальч үзэлтэй гэдэг талаас нь Монгол Ул­сын Ерөнхийлөгч  саналаа хэл­сэн. Хуулийн хэрэгжилт муу байгаа нь үнэн. Хамгийн ой­рын жишээ гэхэд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэ­рэг­жүүлээгүй байгаад нэр бү­хий 20 гишүүн захидал илгээсэн удаатайг та бүхэн санаж байгаа биз ээ.

-Ерөнхийлөгч хувийн со­нирх­лоор асуудалд ханд­сан нь нүүрний хувир­лаар нь мэдэгдэж байсан. Бу­химд­сандаа нүүр нь улайгаад АН-ын сайд нарын талд үг хэлж байсан шүү дээ?

-Тэгж тайлбарлаад байгаа хүмүүсээс наад үгээ асуу. Би Ерөнхийлөгчийн байр суу­рийг дэмжинэ.

-Нэг нам болохоор уу?

-Тийм биш ээ. Үнэхээр хууль хэрэгжихгүй байгаа нь үнэн. Хэрэгжилт муу бай­гаагаас авлигын индекс өс­сөн. Хүнд суртал ядуурал нэ­мэгд­сэн нь үнэн. Тэгээд өөр яах ёстой гэж.

-Монгол Улсын Ерөн­хийлөгч хэтэрхий  улстөрд хут­галдаад байгаа юм биш үү. Энэ Засгийн газар Ц.Эл­бэгдоржийнх биш С.Бат­бол­дын бүрдүүлсэн Зас­гийн газар шүү дээ?

-Ерөнхийлөгчтэй зөв­шил­цөх эрх нь байгаа шүү дээ.

-АН-ыг өмгөөлж, хам­гаал­сан үг хэлсэн тухайд юу хэлэх вэ?

-Санал нийлэхгүй. Хам­гийн наад захын жишээ гэхэд ард­чилсан Ерөнхийлөгч сон­гогд­соноороо төрөөс хишиг хүртэж чадаагүй хичнээн олон хүн одон медаль авч чад­лаа даа.

-Гэхдээ ардчиллынхнаа түл­хүү шагнадаг биш гэж үү?

-Монголд шагнал авъя гэдэг хүн нь  олширсонтой холбоотой гарсан цуу үг биз дээ. Хамгийн гол нь энэ гурван жилийн хугацаанд нэг л юмыг маш сайн  ойлгосон. Монгол бол ардчилсан улс юм байна. Үүнийг төр ч хүлээн зөвшөөрсөн. Хүний эрх, эрх чөлөө, эрхийн ашгийг дээ­дэлдэг юм байна. Тэгэхээр  ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилсан л байж таарна шүү дээ.

-Ингэхэд сүүлийн үед АН-ын гишүүд их хур­лаа ху­ралдуулах тухай ярьж эхэл­лээ. Гарын үсэг  цуг­луу­лах аян хүртэл үүсгэн бай­гуул­алцсан гэнэ. Үнэ­хээр ээлжит бус их хур­лыг зарлуулах шаардлага та­най намд тулгараад байна уу?

-Ээлжит бус их хурал зар­лах асуудлыг ҮЗХ-ны гишүүдийн 3/2-оор шийд­вэр­лэнэ. Намын дарга зарлаад шийдэж болно. ҮЗХ зарлах ёстой гэсэн байр суурь бай­сан ч цөөнх болсон. Эрх ба­ригчдыг шүүмжлэх шу­дарга ёсны төлөө тэмцэх, ха­риуц­лага тооцох чиглэлд дуу хоолой болсон Монголын улс­төрийн том хүчний хувьд ал­даж, онодог зүйл байдаг л байх.

Гэтэл сүүлийн үед хараад байхад АН энэ байр суурин дээрээ байгаа гэж хэлэхэд хэцүү болсон.  Нөгөө талаас манай намын дарга Тэргүүн шадар сайд хийлээ. Үүнийг нь  нэг сонгуулийн хугацаанд бүрэн ажилласан гэж үзэж болно. Энэ байр сууринаасаа Н.Алтанхуяг даргыг өөрчлөх нь зүйтэй юм гэдэг ҮЗХ-ны гишүүдтэй санал нэг байгаа.

-Их хурлыг хуралдуулж, на­мын даргыг өөрчлөх лобби тэр хурал дээр хийгдсэн ч ам­­жилт олсонгүй шүү дээ?

-Мэдэхгүй юм даа. ҮЗХ-ны гишүүдээс мөнгө авсан гэ­сэн хүмүүс байвал асуух х­э­рэгтэй. Гэхдээ ҮЗХ-ны  хур­лаар мөнгө тараах ч шаард­лага байгаагүй.

-Яагаад?

-ҮЗХ-ны 228 гишүүнээс 142 хүн ирсэн. Тэр дотор Х.Баттулга сайд МоАХ болон манай Ардчилсан хүчний хол­бооноос цөөн хүн ирсэн.

-Намын даргыг өөрчлөх бо­долтой байсан л юм бол ирцээ бүрдүүлэх хэрэгтэй бай­сан юм биш гэж үү?

-Яах вэ. Нэгэнт тодорхой асуудлыг тавихад ҮЗХ ойл­гоно гэсэн байр суурийг барь­сан. Тэгээд ч ҮЗХ-ны хурлыг маш тулгуу зарласан. Нэг дэх өдрийн бүлгийн хурлаар шийдээд гурав дахь өдөр ху­ралдуулсан гэж бодохоор янз янзын асуудал бий.

-Янз янз гэдэг нь юу вэ?

-ҮЗХ-ны гишүүд хурал­даа ирж чадаагүй, хэл мэдээ аваагүй гээд янз янзын юм байгаа байх.

-МоАХ-ны дарга Х.Бат­тулга болон Ардчилсан хүч­ний холбооныхон намын дар­­гыг өөрчлөх бодолтой яв­даг. Энэ бодол тань хэвээрээ бай­гаа юу?

-Манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн эсэх асуу­далд тайлангаа тавих зүй­тэй. Улстөрийн соёл гэдэг юм бусад оронд өөр байдаг. Тэр жишгийг л бид бодолцох ёстой. Улстөрийн том намын дарга  нэг талаас хамтарсан Засгийн газрын гишүүн, нөгөө талаас парламент дахь цөөн­хийн намын дарга хийж нэг параламентын хугацаанд хоёр өөр дүрд тоглох нь онц­гүй гэж бодож явдаг. Энэ бол үзэл баримтлал. Тэр­нээс Н.Алтанхуяг дарга бид хоёрын хувийн асуудал биш.

-Гэхдээ Н.Алтанхуяг дар­гын хувьд АН-ын нэр хүн­дийг шаварт унага­чих­лаа. Анхнаасаа хамтарсан Зас­­гийн газарт орох ёсгүй байсан. Битгий ор гэж хэл­сээр байтал  гүйж орчихоод одоо болохоор ингэж шоу хийх хэрэг байсан юм уу?

-Бид 90 жил эрх барьж  байсан намтай хамтарч тө­рийн эрхийг барилаа. Зас­гийн газарт орох асууд­лыг намын дарга ганцаараа ший­дээгүй. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаа нийгэм тэр чигээрээ шинэчлэлийг хүсч байгаа. Тэр үүднээс хам­тар­сан Засгийн газраас гар­сан. Хамтарсан Засгийн газарт цөөнх нь орсон тохиолдолд нийгэмд хяналт гэж байхгүй болчихсон. Үүнийг шоу гэж харах хэрэггүй.

-Намынхаа даргыг бу­руут­­гах үндэслэл байхгүй гэж үү?

-Хамтарсан Засгийн га­зарт ажилласан утгаар нь бол байхгүй. Шударга ёс, ха­риуц­лагатай төр, бай­га­лийн баялгийн тэгш, шу­дарга хуваарилалт бол тул­гамд­сан асуудлын нэг. Тий­мээс бид биш юм аа гэ­хэд парламентын гаднах, на­мууд иргэд  Таван толгойн өрөм болсон Ухаа  худагийн уурхайг нүдэн дээр нь хууль бу­саар тасдаж авч байхад яагаад дуугараагүй юм бэ гэх мэтээр Н.Алтанхуяг дар­гаас ам асуух явдал гарах нь мэдээж шүү дээ.

-Таны талаар сайд бол­гоогүй учраас Н.Ал­танхуяг дар­гад таарамж муутай ханд­даг гэсэн яриа бий. Тэр ч утгаараа гомдогсдын ар­ми байгуулж,  Ардчилсан хүч­ний холбоог үүсгэсэн биш гэж үү?

-Нэгдүгээрт 2008 оны сон­гуулийн маргаанаар Баянгол дүүргийн тойргийн асуудлыг цэгцлээд нэгдсэн чуулганд оролцъё. Мөн иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихээс илүү баялаг бүтээснийх нь дараа хувьцаагаар дам­жуулж ногдол ашиг олгох үзэл баримтлалаа Засгийн газ­рын хөтөлбөрт оруулах асуудал дээр санал зөрөлдөж байсан. Эрдэнийн хувийн фракци дээр бол хоёр дахиа сонгогдсон тул Засгийн газар гишүүн болъё гэсэн санал хэлж байсан.

-Санал зөрөлдөөд мар­галд­­сан юм биш үү?

-Энэ бол үзэл баримтлалын ялгаа шүү дээ.

-Сайдын суудалд санаар­хаж байсан асуудал байна уу, үгүй юу?

-Мэдээж фракци дот­роо би хоёр удаа УИХ-д сон­гог­дож байсан гэдэг утгаараа сайд болох ёстой гэдэг са­налыг журмын нөхдөөсөө сонсож байсныг нуугаад яах вэ. Цөөнгүй гишүүд са­нал хураагаад миний нэр гарч ирсэн. Гэхдээ өөрийн са­налаар ардчиллын үйл хэ­рэгт олон жил зүтгэсэн хү­мүүсийг хүндэтгээд тат­гал­заж байсан юм шүү.


URL:

Сэтгэгдэл бичих