Д.Долсүрэн: Цэцэг шиг хөөрхөн охидоо хайраар дүүрэн байлгаарай
БЭРДЭЭ
Гэгээхэн хайрандаа уягдаад
Гэгээлэг амьдрал мөрөөдөөд
Гэргий заяандаа хөтлөгдөөд
Гэрээ орхиод ирсэн охин минь
Голомт залгах хүүг минь хайрлаж
Годгор биеэ хувааж ижий болсон
Гэнэн томоогүй залуу насандаа
Гэрийг минь зорьж ирсэн охин минь
Хүүгээ хайрлахын хирээр
Хүнийрхдэггүй шүү ээж нь
Хүндлэл хүлээхийн хирээр
Хайлж уярдаг шүү ээж нь
Аймаар хадам байхыг хүсэхгүй ээ
Айлын бэр байхын учрыг ойлгоно
Охин үрийн минь заяа ижил болохоор
Охиноо л гэж хайрлана аа бэр минь
Хадмын нүдээр хялайж харвал
Хүүгийн минь заяа гомдоно шүү дээ
Эрх танхил охидоосоо ялгавал
Эхийн цагаан сүү ээднэ шүү дээ
Д.Долсүрэн. 2019.05.11.

МАНАЙ НУТГААР ЗОЧЛООРОЙ
Майдар эргэх цагаар манай нутгаар нэг зочлоорой
Манай, чиний үгүй найрсаг түмнээр нэг дайлуулаарай
Орой нь өөдөө Очирваань хайрханд минь очиж мөргөөрэй
Очирт мөнгөн дуулгаа нуухгүй бол заяа түшлээ гэж ойлгоорой
Манай нутгийн уулсын орой, үүлэн дунд умбахыг хараарай
Магнайдаа мөнх ногоон арцтай Гурван Мянганыг тольдоорой
Ам бүхнээс нь урсах мөнгөн хархирааг чимээлээрэй
Андиа гэгээнтний алтан суварга гэрэл цацрахыг бишрээрэй
Ар царамд нь ургасан хос сүмбэрүүнд нүд баясгаарай
Асганд хоржигнох уулын тагтны уснаас амсаж нэг үзээрэй
Ой шуугиж, олон шувууд дуулан жиргэхийг сонордоорой
Онгон талаар тарвага тачигнаж, үнэг шогшрохыг хараарай
Говь, хангай хосолсон гоёхон байгальд бууж мордоорой
Гоньд, гогодны үнэр хамар цоргихыг мэдэрч таашаагаарай
Зэгзгэр хүзүүгээ сунган эрхлэх хос хунгийн сүрэг
Зэгст нууранд цэнгэн жаргахыг харж сэтгэл баясаарай
Уруул исгэх айраг амталж, хонон өнжин тухлаарай
Уртын дууны шуранхайд уярал авч тайвшраарай
Ухаант өвгөдтэй хууч хөөрч, ухаарал өвөрлөн буцаарай
Урин цагаар манай нутгаар нэг зочлон саатаарай
Д.Долсүрэн. 2019.05.10
ЦЭЦЭГ ШИГ ОХИНОО ХАЙРААР ДҮҮРЭН БАЙЛГААРАЙ
Амь биенээс тань дэлбээлсэн хээнцэр сарнай
Алган дээр чинь гялтганан буусан алтан од
Ургаж гүйцэхээрээ хүний эрхэнд орчихдог юм шүү
Ургийн газар очихоороо амаргүй жимээр алхдаг юм шүү
Алдрайхан охин үрээ хайраар дүүрэн байлгаарай
Алгын чинээхэн охиноо аминаасаа илүү хайрлаарай
Аав ээжийнхээ хайранд л зөвхөн жаргадаг юм шүү
Амьдрал хэмээх хөлгүй далайд сэлэх гэж зовдог юм шүү
Гараас тань хөтлөн шулганасан бяцхан охиноо
Газарт хүргэхгүй тэвэрч хайрлаад баярлуулаарай
Омголон залуу нас нь омогтой эрийн дэргэд шаналж
Орчлонд ижий болох гэж олон зовлон туулдаг юм шүү
Гэрээ гийгүүлэн алтан нарны цацраг атгаж ирсэн дагина
Гэрэл цацруулсан охин үрээ хайраар дүүрэн байлгаарай
Тунгалаг хархан нүдийг нь хайраар гэрэлтүүлээрэй
Турьхан жаахан биеийг нь өвдөж шаналахаас сэрэмжлээрэй
Цэцэг цэврүү шиг охиноо хайраар дүүрэн байлгаарай
Цэнгэл жаргалтай үе нь аавынхаа гэрт л байдаг юм шүү
Дугараг хөөрхөн нүднээс нь нулимс бүү унагаарай
Дун шиг жижигхэн зүрхийг нь хайраар дүүрэн байлгаарай
Бурхан шиг хиргүй сэтгэлийг нь чагнаж сонсож байгаарай
Булбарай жаахан биеийг нь гоёж гангалж баярлуулаарай
Замбуулинд бид чинь мөнх амьдрах ч биш дээ
Заяа төөрөгийг нь мэдээд дагаж явах ч биш дээ…
Д.Долсүрэн. 2019.04.26
Цэцэг шиг хөөрхөн охидоо хайраар дүүрэн байлгаарай.
URL:





