Сонирхлын зөрчлийн хууль авлигачдыг чангалах нь ээ
2010 онд Ж.Сүхбаатар гишүүн, Э.Бат-Үүл, Я.Батсуурь, Ж.Энхбаяр, Л.Гантөмөр, Д.Энхбат, С.Оюун нарын гишүүд 2010 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан УИХ-ын гишүүн Су.Батболд ахлан ажиллаж хоёр жил хүчин зүтгэсний эцэст нэгдүгээр сарын 19-нд батлагдсан.
Энэхүү хууль батлагдснаар хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэслэл болох юм байна. Энэхүү хуулийг санаачлагч Х.Тэмүүжин гишүүн “Уг хуулийг УИХ-ын гишүүд бүгдээрээ дэмжсэн. Өмнө нь төрийн албан хаагчид АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг байсан бол энэ хуулийн дагуу ХОМ-ээс гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөх юм байна.
Хэрвээ тухайн албан тушаалтан жилийн орлого, үл хөдлөх хөрөнгө авсан орлогоо хэрвээ батлаж нотолж чадахгүй бол шууд албан тушаалаас нь чөлөөлөхөөр хуульд зааж өгсөн. “Мянганы сорилтын сан” –гийн удирдах албан тушаалтанг өнгөрсөн онд сонирхлын эрх ашигтай байна хэмээн АНУ-аас чөлөөлсөн байна. Гэтэл Монголчууд үүнийг олж харахгүй, арга хэмжээ авах эрх байхгүй. Хөгжлийн банкны Удирдах зөвлөлд гэхэд гадаадын иргэн байх жишээтэй. Одоо бол энэ хуулийн дагуу энэ хүнд хяналт тавих, арга хэмжээ авах боломжтой. АТГ-ын удирдах албан тушаалтнуудыг ХОМ-ийг хүртэл авна.
Мэдээж доод албан тушаалтнууд нь дарга шалгах боломжгүй. Иймд АТГ-ын дарга нарын ХОМ болон хувийн ашиг сонирхлыг Хууль зүйн байнгын хороонд хүлээн авахаар хуульд зааж өгсөн” гэв. Нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан багтах юм байна.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нийтийн албан тушаалтан анх шинээр албанд орохдоо гаргаж өгөх аж. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх юм байна. Нийтийн албан тушаалтан албан үүргээс чөлөөлөгдснөөс хойш 2 жилийн хугацаанд сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагааг явуулахыг хориглох юм байна.
Өмнө нь гүйцэтгэж байсан албан тушаалтай холбоотой байсан аж ахуй нэгж, байгууллагад ажилд орох, гэрээ контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх зэргийг хориглох юм байна. Сонирхлын зөрчлийг хориглох нөхцлийг тусгахаас гадна бүхэлд нь хориглохгүй, тодорхой хугацаанд хязгаарлах юм.
Үүнд:
-сурталчилгаатай холбоотой хязгаарлалт
-төлөөлөлтэй холбоотой хязгаарлалт
-төлбөр авахыг хязгаарлах
-бэлэг хүлээн авахтай холбоотой хязгаарлалт
-хандив авахтай холбоотой хязгаарлалт
-давхар аж ахуй эрхлэхтэй холбоотой хязгаарлалт
-аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хязгаарлалт
-албан тушаалаас чөлөөлөгдсний дараахь хязгаарлалт
-бусад орлогын хязгаарлалт зэргийг тусгажээ.
Б.Ирээдүй
URL:




