Д.Халзан: Н.Мөнх-Оргилын ээж хүүгээ хоригдсоноос хойш огт сураглаагүй
2008 онд Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлэн хөнөөсөн. Улмаар эл үйлдлээ Улаанбаатар хотод удаа дараа давтан, насанд хүрээгүй гурван хүүхдийг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргил өнгөрсөн пүрэв гаригт гурав дахь удаагаа цаазын ял сонсов. Түүний өмгөөөлөгч Д.Халзантай ярилцлаа.
-Шүүхээс дахин цаазын ял оноосон гэдгийг өөрт нь мэдэгдсэн үү?
-Одоохондоо мэдэгдэх хуудсаа аваагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хорих анги дээр нь мэдэгдэх хуудас очдог. Иймээс гурав хоногийн дотор мэдэх байх.
-Манай улс цаазын ялгүй орон гэдгээ дэлхийн нийтэд зарлан тунхагласан. Гэтэл Н.Мөнх-Оргилын тухайд гурван шатны шүүхээс цаазын ял сонсчихлоо. Энэ тохиолдолд цаашид яах бол. Ер нь цаазын ялын гүйцэтгэл гэж явагддаг болов уу?
-Хэдийгээр манай улс цаазын ялгүй орны тоонд нэгдсэн хэдий ч Үндсэн хуулиас энэ зүйл заалт хасагдаагүй хэвээр байгаа. Хэрвээ Эрүүгийн хуульд өөрчлөлт орох шаардлагатай бол УИХ-аар хэлэлцэж байж тодорхой нэг заалтыг нэмж, хасах эсэхийг шийддэг. Ерөнхийлөгч л цаазын ялгүй орон болно гэснээс биш хуулиас аваад хаячихсан юм биш. Тиймээс Үндсэн хуульд хүчин төгөлдөр байгаа заалтыг мөрдөж таарна.
Энэ ялын гүйцэтгэл нууцын зэрэглэлтэй байдаг. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Бидний хувьд эхний ээлжинд хяналтын шатны шүүх, цаашаа дээд шүүхэд хандана. Ингээд тусыг эс олбол Ерөнхийлөгчид хандана.
-Н.Мөнх-Оргилыг хотод 7-8 настай гурван хүүхэд, Хөвсгөл аймагт найман настай нэг нийтдээ дөрвөн удаагийн гэмт үйлдлээр ялласан. Тэдний талаас хохирогч, өмгөөлөгч гэх мэт хүмүүс шүүх хурлын үеэр харагддаггүй шүү дээ?
-Хөвсгөлд гарсан хэргийн хохирогч талаас нэг хүн, өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцдог. Харин үлдсэн хүмүүс нь ирдэггүй л юм билээ. Хохирогч талаас шүүх хуралд оролцох эсэхээ өөрсдөө шийддэг. Ингээд шүүхийн шийдвэрийг харж байгаад эргээд гомдол гаргах эрх нь ч тэдэнд бий.
- Н.Мөнх-Оргилын ар гэрийнхнээс таньтай холбогдож байна уу. Ээж нь хэдий хэр насны хүн бэ?
-Миний хувьд энэ хүний хэрэг дээр ажиллаад дөрвөн сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд эхнэртэй нь уулзсан. Сая болсон шүүх хурлын өмнөхөн Хөвсгөлөөс хамаатных нь хүн гээд нэг хүн ярьсан. Ер нь асуугаад байх хүн цөөн. Ээж нь 50 гаруй насны хүн байдаг гэсэн. Хүүгээ хоригдсоноос хойш надтай холбогдож, асууж байсангүй.
-Хоригдоод нэлээн удчихлаа шүү?
-2010 оны тавдугаар сарын 21-нээс хойш өнөөдрийг хүртэл хоригдож байна. Түүнээс өмнө баривчилгаа, мөрдөн байцаалт гээд их удсан.
-Хорих ангид ямар байдалтай байдаг бол. Ялын дээд хэмжээ сонссон учраас нөхцөл хүнд байдаг байх даа?
-Гартаа гавтай, хөлөндөө тушаатай ч хоригдож эхэлсэн бүх үйл явцыг бичсэн байдаг юм билээ. Хүнийхээ хувьд их дөлгөөхөн, ухаалаг байрын хүн. Хоригдсоноосоо хойш өдөр тутмын бүхий л зүйлсээ дэвтэрт бичдэг болсон гэсэн. Хорихын нөхцөл тийм ч муу биш. Гэхдээ л эрхээ хасуулсан дээрээс нь ялын дээд хэмжээ сонссон хүнд ямар сайн байх вэ дээ. Арваннэгдүгээр сард /анхан шатны шүүх хурал/ болсон шүүх хурлын үеэр бичсэн зүйлсээ гаргаж ирээд нэг бүрчилэн уншиж байсан.
-Тэр шүүх хурлын үеэр хүний сэтгэлд хүрэхээр хэд хэдэн үг хэлж байсан л даа. Магадгүй энэ хүн хилсээр гүтгэгдсэн юм биш биз гэсэн бодол төрж байсан?
-Шүүх энэ хүнийг хэрэг хийсэн нь нотлогдсон гэж үздэг. Харин өмгөөлөгч хүний хувьд хэлэхэд эргэж хармаар зүйлс бий. Хариуцлага муутай ажилласан, эргэлзээ төрөхөөр ч юм байдаг. Гэхдээ хар ухаанаар бодоход ийм айхавтар хэрэгт татагдсан хүн хэргээ хүлээсэн эс хүлээсэн адилхан гэж боддог байж болно. Нөгөө талаас бас үнэхээр хэлмэгдээд байна уу гэдгийг ч таахад бэрх.
-Тухайлбал, хавтаст хэрэг дотроос яг үүнийг л тухайлан шалгамаар байна гэсэн бодол Танд төрдөг үү ?
-Н.Мөнх-Оргилыг шинжээчийн дүгнэлт, таниулах ажиллагаа гэсэн хоёр зүйлээр л ялласан. Үүнээс өөр гэрч байдаггүй. Гол нь ДНК-ийн шинжилгээ ямар ч хүнд давтагддаггүй гээд байгаа.
-Танд ямар нэг таамаг байдаг уу?
-Харсан хүн болгон хэрэг хийх хүн биш гэдэг. Миний хувьд ч тийм л бодолтой байдаг. Өөрөө бол их дотогшоо хүн шиг байгаа юм. Өөрийнхөө боловсрол, мэдлэгт их анхаардаг. Хэрэгт холбогдохоосоо өмнө л ажилгүй байсан болохоос өмнө нь янз бүрийн курс, дамжаанд нэлээд их суусан байдаг. Тухайлбал, зурагчин, дуучны дамжаанд суусан. Сүүлд Хөвсгөл аймагтаа зурагчнаар нэлээд удаан ажилласан юм билээ.
-Та Ч.Улаанхүү начны хэрэгт өмгөөлөл үзүүлэхээ больсон гэсэн. Ямар үндэслэлээр больсон юм бэ?
-Ч.Улаанхүүү начин гурван өмгөөлөгчтэй байсан. Одоо нэг л үлдэж байгаа. Ар гэрийнхнийх нь зүгээс олон өмгөөлөгчтэй байх шаардлагагүй гэж үзсэн. Тэдний хүсэлтээр өмгөөлөл үзүүлэхээ больсон. Ер нь тэгээд ямар ч хэрэг хийсэн, хэн ч байсан ар гэрийнхэн нь нааштай шийдүүлэх талаас нь л явна шүү дээ. Тиймээс шүүх хурлын шийдвэр хангалтгүй гараад байгаатай холбоотой ч байж болох юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL:













