Хар тамхичид бололцоотой айлын хүүхдүүдийг ангуучилдаг

Хар тамхи мансуурах бодисоос хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Танай нийгэмлэгт мансууруулах бодис хэрэглэдэг хичнээн хүн бүртгэлтэй байна бэ?

-Судсаараа морфин тарьдаг 19-60 насны дал гаруй иргэд бүртгэлтэй байна. Манай нийгэмлэг 12 жил үйл ажиллагаа явуулахад бүртгүүлсэн иргэдээс арав нь нас барсан байгаа юм. Тэгэхээр мансууруулах бодис хүний насыг богиносгодог, хөгшрөлтийг түргэтгэдэг юм байна. Бүртгэлтэй байгаа иргэдийн дээд тал нь нэг удаад л 20-60 грамм хүртэлх морфин судсаар тарьдаг. Доз хэтрүүлдэг хүмүүс ч бий. Залуучууд эхэн үедээ юу хэрэглээд байгаагаа мэддэггүй. Тэгээд донтох өвчтэй, мансуурах бодисын хамааралтай болчихдог юм.

-Улаанбаатар хотод мансуурагч бодис хэрэглэдэг хичнээн иргэн байдаг вэ?

-Манай судалгаагаар мансууруулах бодис хэрэглэдэг 410 хүн бий. Эдгээр хүмүүсийн амьдрал бололцоотой байсан байдаг юм. Мансуурагчид эдийн засаг, эрүүл мэнд, нийгэмд хохирол учруулдаг гэхэд болно. Нийгэмд хохирол учруулдаг гэдгийн тухайд мөнгө төгрөггүй болсон мансуурагчид баячуудын хүүхдийг уруу татдаг. Нэг грамм морфин олохын тулд хүн ч алахад бэлэн болчихсон хүмүүс бий. 61 настай эмээг хоёр ачтай нь хамт алаад мөнгийг нь дээрэмдсэн хоёр залуу хар тамхи авсан байдаг юм.

-Танай нийгэмлэгийн гишүүдээс хар тамхинаас үүдэлтэй гэмт хэрэг гардаг уу?

-Нийслэлд зуу гаруй гэмт хэрэг гарснаас 300 орчим хүн холбогдлоо. Он гарснаар 17 хүн гэмт хэрэгт холбогдоод байна шүү дээ. Цаашдаа арга хэмжээ авахгүй бол гудамжинд явахад хүртэл хэцүү болно. Манай нийгэмлэгийн гишүүдээс гэмт хэрэгт холбогдоогүй.

-Хар тамхины хор хөнөөл үр удамд нь нөлөөлдөг гэсэн яриа байдаг. Үнэн болов уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй, тагнай цоорхой, сэтгэцийн өвчтэй хүүхэд төрдөг.

-Хууль хяналтын байгууллагынхан болоод төрийн бус байгууллагууд мансууруулах бодисын талаар бичихэд дургүй байдаг нь ямар учиртай вэ?

-Бүгд нууцад хамаардаг. Олсны ургамал хаана ургадаг, хэрхэн бэлтгэдэг талаар бичиж болохгүй.

-Харин ч бүр бичмээр санагддаг юм. Бөхчүүд бэртлээ эдгээх гэж ямар эм ууж байгаагаа мэдэлгүй допингийн асуудалд орооцолддог шүү дээ. Мэдээлэл сайтай хүн хор хөнөөлтэй зүйлээс тойроод гарах юм биш үү?

-Би хар тамхины хор хөнөөлийн талаар докторын зэрэг хамгаалсан л даа. Хүүхэд залуучуудад хар тамхины хор хөнөөлийн талаар тодорхой хэмжээний мэдлэг олгох хэрэгтэй.

-Мансууруулах бодис хэрэглэдэг хүн эмч нарт лав ханддаггүй юм билээ.

-Манай нийгэмлэгт бол зөндөө иргэд хандаж ирдэг. Өчигдөр л гэхэд дөрвөн хүн уулзаад явсан. Би тантай нэг хүн уулзуулъя гэлээ.

har tamhiОлон жил морфин хэрэглэж байгаа “Тавин мянгат”-ын унаган иргэн А.Уранцэцэгтэй уулзлаа. Тэрээр судсаараа морфин шахсаар байгаад шархалсан баруун гараа марлиар битүү ороосон байв. Хувцас хунар цэвэрхэн, дөч эргэм насны эмэгтэй байлаа.

-Хэдэн оноос морфин хэрэглэж байгаа юм бэ?

-Амьдрал бололцоотой айлын ганц охин байлаа. 1995 оноос эхлэн морфин хэрэглэж эхэлсэн. Арван жилийн найз маань “Маш гоё мэдрэмж төрдөг” гээд судсаар тарьсан. Хар тамхичид эдийн засгийн бололцоотой айлын хүүхдүүдийг ангуучилдаг юм билээ.

-Морфин тариулахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Шахаж байх хэдэн секундын төлөө л амьдардаг. Үйлчилгээ нь 24 цаг барьдаг л даа. Морфин гарсны дараа уйтгар гуниг, энэ ертөнц хоосрох шиг болдог. Тэгээд нэг грамм морфин олохын төлөө шөнийн гурван цагт хамаагүй гараад явдаг. Үгээр хэлэхийн аргагүй зовж тарчилдаг юм.

-Өөрөө хэдэн грамм морфин хэрэглэдэг вэ?

-Өглөө 20 грамм морфин хэрэглэж байж сэхнэ. Нэмээд 20 грамм шахаж байж гайгүй болно. Хэрэглээ өндөртэй болохоор өдөртөө 100 мянган төгрөг өлхөн гараад явчихна.

-Морфиноо хаанаас авдаг юм бэ?

-Эмийн сангуудаас авна. Эмчийн магадлагаатай болчихсон болохоор мөнгө л байвал олдоно. Зарим үед дамын үнээр авдаг. Би энэ морфины төлөө өглөө босч өдөржин явдаг гэхэд болно. Найз нөхөд, хамаатан саднаасаа гуйж гарна. Нэг ширхэг морфин 2500 төгрөг байдаг юм. Бид цугладаг, уулздаг газар бий.

-Героин ч юм уу каннабис татдаг уу?

-Бүгдийг нь хэрэглэж үзсэн. Анхнаасаа л бие организм маань морфинд дасалд болсон болохоор тэрийгээ л үгүйлнэ.

-Та нар хамтаараа морфиндох уу?

-Хамт олноороо архиддаг шиг маисуурагчид нийлж тарина. Мөнгөтэй үед цааш даварна.

-Хамгийн дээд тал нь хэдэн грамм морфин тарьж үзсэн бэ?

-Тавин грамм бол шахаж байсан. Одоо 60 грамм морфин шахдаг хүн бий. Хамгийн хэцүү нь тарих судас олдохоо байдаг. Хөлдөө, гартаа гээд хаана л бол хаана тарина даа.

-Цусаа юүлүүлж үзсэн үү?

-Үзсэн. Тархины төвтэй холбоотой болохоор ямар ч нэмэр байхгүй.

-Морфинд орж байгаа хүмүүс нэмэгдээд байна уу?

-Нэмэгдээд байхаас хасагдах хүн байдаггүй юм. Энэ чинь өвчин шүү дээ.

-Морфин олохын төлөө эмэгтэй хүний давуу талаа ашиглах үе байх уу?

-Ний нуугүй хэлэхэд тийм зүйл байдаг, Эрэгтэй хүмүүс харьцангуй гайгүй. Эмэгтэйчүүд үхэх гэж байхад мөнгө гээд суучихна.

-Мансуурагч болсондоо харамсдаг уу?

-Их гутардаг байсан. Одоо бол хувь тавилан юм болов уу гэж боддог.

-Цагдаа нар яаж хүлээж авдаг вэ?

-Зарим үед согтуу байна гэж дарамталдаг юм.

-Хүүхэд залуучууд хэрэглээд эхэллээ.

-Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүүхэд залуусыг хараад “Яана даа” гэж боддог. Яг л над шиг хайрлах үнэт зүйлгүй, өдөр хоногийг өнгөрөөсөн хүн болно. Тэр залуучууд мансууруулах бодис ямар хор хөнөөлтэй болохыг мэдэхгүй байна. Шулуухан хэлэхэд тэр залуус ирээдүйгээ баллаж байгаа хэрэг. Шилжилтийн насны хүүхэд залуучууд юм юм л сонирхож байдаг учраас эцэг эхчүүд анхааралтай байгаач ээ. Эдийн засгийн чадавхитай айлын хүүхдүүд над шиг л золиос болдог. Морфин хэрэглээд таван жил болж байхад ар гэрийнхэн маань мэдээгүй. Би бол бодит баримт. Над шиг битгий болоосой. Нөгөөтэйгүүр ядуу зүдүү байдлаасаа болоод хар тамхи залгиж хилээр гардаг болсон. Хятадууд нэг хоёр хилээр гаргаж байгаад л бариад авдаг байхгүй юу.

-Өөрт чинь ийм санал тавьж байсан уу?

-Казахстан улсад амьдарч байсан залуу саяхан ирээд “Морфиноос чинь гоё зүйл байна хэрэглэж үзэх үү” л гэж байсан. Морфиноо авч дийлэхгүй байгаа хүн өөр юманд ороод яахав дээ. Нэг орчих юм бол хий гэснийг нь хийх болно. Харин тагнуулынхан тэр дор нь бариад авсан юм билээ.

-Морфиноос гарах боломжтой юу?

-Орчноо өөрчлөхгүй л бол хэцүү шүү дээ. Архичин хүн нэг хундага уучихъя гэдэг шиг харвал хэрэглэнэ.

-”Эх орны хишиг”-ээ аваад морфин авна биз.

-Тэр юу болох вэ дээ. Хордлого тайлах төдий л мөнгө шүү дээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих