Шинэ сайдууд ажилдаа оржээ
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчдийг баталлаа.
Хуралдаанаар Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарыг тус тус томилсон юм. Шинээр томилогдсон сайд нар мөн өдрөө тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа оржээ.
Сангийн сайд Д.Хаянхярваа 1960 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. 52 настай. Ам бүл 7. 1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль, 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төгссөн. Барилгын инженер, Эдийн засагч мэргэжилтэй. Орос хэлний мэдлэгтэй.
1986-1989 онд Дархан хотын Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хороонд зааварлагч, 1990-1991 онд Дархан хотын Нийтийн ахуйн барилга угсралтын конторын дарга, 1992-1993 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, 1993-2000 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2008 оноос УИХ-ын гишүүн, 2010 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 39 настай. Эрэгтэй. Ам бүл 5. 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, 2004 онд Голланд Улсын Маастрихтийн Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.
1992-2000 онд “Газар” ХХК-ийн Ерөнхий захирал, 2000-2002 онд Гаалийн ерөнхий газрын Онцгой албан татварын газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт Зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Төрийн албанд 12 жил ажиллаж байна.
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. .Ам бүл 4. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1990 онд Политехникийн дээд сургууль, 1998 онд Техникийн их сургуулийг төгссөн. 1993 онд ХБНГУ-ын Фрабергийн уул уурхайн сургуульд Удирдлагын менежерийн чиглэлээр суралцсан. Өрөмдлөгийн инженер мэргэжилтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.
1990-1992 онд Газрын тосны нэгтгэлд инженер, 1993-2000 онд “Их тэмүүлэл” ХХК-д ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Төрийн албанд 16 жил ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Эрэгтэй. Ам бүл 4. 1988 онд Зөвлөлтийн 14 дүгээр дунд сургууль, 1994 онд Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австрали Улсын Үндэсний их сургуулийг төгссөн. Улс төр судлалын магистр, Олон улсын эрх зүйн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт мэргэжилтэн, 1994-1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд цагийн багш, 1998-2002 онд Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, 2008-2012 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллажээ. Төрийн албанд 18 жил ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар. 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Ам бүл 4. 1984 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. 2005 онд Япон Улсын Токай Их сургуульд докторын дараахь сургалтад хамрагдсан. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, Профессор цолтой. 1984-1985 онд Хавдар судлалын төвд асрагч, 1991-1992 онд Дорноговь аймгийн Айраг суманд хүний их эмч, 1992-2003 онд Анагаах ухааны Их сургуульд багш, 2003-2004 онд Мэргэжил дээшлүүлэх институтын захирал, 2005-2007 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Био-Анагаахын сургуульд тэнхмийн эрхлэгч, захирал, 2007-2009 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал, 2009-2012 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.Төрийн албанд 22 жил ажиллаж байна.
Б.Нар
URL:













